Цэс

Холбоо барих

Хүний эрхийн дэд хороо Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 18 дахь илтгэлтэй танилцлаа


Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хорооны хуралдаан өнөөдөр (2019.04.30) 11 цаг 42 минутад эхэлж, Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Хүний эрхийн Үндэсний Комиссын 18 дахь илтгэлтэй танилцлаа. 

Энэ талаар Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3, 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу комисс нь тухайн жилийн хүний эрх, эрх чөлөөний төлөв байдлыг тодорхойлж, “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэл”-ийг жил бүрийн эхний улиралд багтаан Улсын Их Хуралд өргөн мэдүүлдэг билээ. Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Хүний эрхийн Үндэсний Комиссын 18 дахь илтгэлийг “Монгол Улс дахь хүний эрхийн боловсролын талаарх бодлого, түүний хэрэгжилт”, “Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн асуудал”, “Ажлын байран дахь бэлгийн дарамтын нөхцөл байдал”, “Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа”, “Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилт”, “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг хэрэгжүүлэх талаар төрийн холбогдох байгууллагын үйл ажиллагааны төлөв байдал” гэсэн үндсэн 6 сэдвийн хүрээнд боловсруулсан гэдгийг онцлов.  

Хуралдаанд Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж, гишүүн П.Оюунчимэг, Эрүүл мэндийн Дэд сайд Л.Бямбасүрэн, Хууль зүй, дотоод хэргийн Дэд сайд Г.Элбэгсайхан, Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга Р.Отгонжаргал, Улсын ерөнхий прокурорын орлогч прокурор М.Чинбат, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга Д.Дамдинцэрэн болон холбогдох албан тушаалтнууд оролцсон. 


18 дахь илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, Ш.Раднаасэд, Ж.Батзандан Н.Оюундарь, Д.Ганболд нар асуулт асууж, санал хэлсэн.  Гишүүдийн зүгээс өнгөрсөн хугацаанд хэлэлцүүлсэн 17 илтгэл, 295 санал, дүгнэлтийн хэрэгжилтэд хэрхэн хяналт тавьсныг тодруулахын зэрэгцээ энэ удаагийн илтгэлд С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэрэгтэй холбоотой шүүгдэгчдийг эрүүдэн шүүсэн талаарх өргөдөл, гомдлыг оруулах боломж байгаа эсэхийг лавлав. Мөн дохионы орчуулагч байхгүйгээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 80 хувь нь эмнэлгийн үйлчилгээ авах боломжгүй, эрх нь ноцтойгоор зөрчигдөж байгаа явдал болон судалгаагаар ажлын байран дахь бэлгийн дарамт төрийн байгууллагуудад зонхилж байгаа асуудлыг шийдвэрлэхээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар тодруулсан. 

ХЭҮК-ын дарга  Ж.Бямбадорж хариултдаа, Монгол Улсын хувьд нөхцлийн эрүүдэн шүүлтээс ангид байх боломжийг бүрдүүлсэн. 25 хорих анги, 21 аймгаас гадна хэд хэдэн газарт цагдан хорих байр байдаг.  Өмнөговь, Өвөрхангай, Баян-Өлгий аймгаас бусад бүх цагдан хорих байр  шинэчлэгдэж баригдсан. Өөрөөр хэлбэл, нөхцөл байдал сайжирсан. Харин хүмүүсийн үйл ажиллагаанаас шалтгаалсан эрүүдэн шүүлттэй холбоотой асуудал тасрахгүй байна. Ялангуяа цагдан хорих байр сэлгүүлдэг нь хамгийн анхаарал татсан асуудал болоод байна. Олон улсын баримт бичигт тухайн хүний амьдарч, оршиж байгаа газарт хэрэг мөрдөх ёстой гэж заасан байдаг.  Гэтэл өнөөдөр Улаанбаатар хотын иргэнийг Төв аймаг, Дархан-Уул аймагт сэлгүүлэн хорьсноос  хүний эрх зөрчигдөх, эрүүдэн шүүх асуудал үүсч байна гэдгийг онцолж байлаа. 

Мөн тэрбээр,  хүний эрхийн илтгэлийг эхний улиралд өргөн барьдаг хуультайг тодотгоод 18 дахь илтгэл орчуулагдаад олон улсад хэдийнэ хүргүүлсэн учраас С.Зоригийн хэрэгтэй холбоотой эрүүдэн шүүсэн асуудлыг оруулах боломжгүй. Харин энэ асуудлаар ямар ч  шийдвэр гарсан Хүний эрхийн Үндэсний Комисс оролцож ажиллахад бэлэн гэв. Түүнчлэн Хууль зүйн байнгын хорооны тогтоолын дагуу хоёр жил тутам илтгэлээс гаргасан санал, дүгнэлтийг хэрэгжилтийг хангах зөвлөмжийн биелэлтийг гаргаж өгч байгаа. Ингэхдээ холбогдох байгууллагаас мэдээлэл авч, тэр хүрээнд биелэлтийн тайлангаа хүргүүлдэг гэлээ.

 

Харин Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулиар ажлын байран дахь бэлгийн дарамттай холбоотой асуудлаарх өргөдөл, гомдлыг  Хүний эрхийн Үндэсний Комисс шалгахыг үүрэг болгосон. Энэ асуудлын хохирогч нь эмэгтэйчүүд бөгөөд ажлаасаа гарах, эсвэл бэлгийн дарамтад орсноор гэр бүлээс гадуурх харилцааг үүсгэх, үүнээс болоод гэр бүлийн хүчирхийлэлд өртөх эрсдийг дагуулж байгааг Хүний эрхийн Үндэсний комиссын гишүүн П.Оюунчимэг хариултдаа тодотгов. Тэрбээр цаашдаа ажлын байран дахь бэлгийн дарамттай холбоотой асуудал зогсохгүй байвал бэлгийн дарамт үзүүлсэн албан тушаалтан, хүмүүсийн талаарх мэдээллийг хуулийн дагуу ил болгохыг онцгойлон анхааруулав. 

Эрүүл мэндийн Дэд сайд Л.Бямбасүрэн хариултдаа, Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийт 109306 байгаагийн  47 хувь нь эмэгтэйчүүд бөгөөд үүний 24.3 хувь нь нөхөн үржихүйн насныхан гэдгийг дурдаад хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн асуудалд Эрүүл мэндийн яам анхаарал тавьж ажиллаж байгаа гэв. Тухайлбал, Эрүүл мэндийн анхан шатны статистик бүртгэлийн маягтуудад хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдэд шаардлагатай эрүүл мэндийн мэдээллийн маягтуудыг шинэчлэх, тэднийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах, жирэмслэлтээс хамгаалах арга, хэрэгслээр тогтмол хангахаар төлөвлөн ажиллаж байгаа талаар дурдсан.

Хуралдааны эцэст Хүний эрхийн дэд хорооны дарга Н.Оюундарь Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 18 дахь илтгэлийг статистик мэдээлэлтэй, кейс болгоноор асуудлаа дүгнэсэн сайн илтгэл болсныг дурдаад, Дэд хорооноос гарах тогтоолд С.Зоригийн хэрэгтэй холбоотой шүүгдэгчдийг эрүүдэн шүүсэн  талаарх асуудлыг тусгахаа мэдэгдэв гэж УИХ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл