Цэс

Холбоо барих

Байнгын хорооны дарга Д.Дамба-Очир Монгол дахь Америкийн худалдааны танхимын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир өнөөдөр (2019.05.01) Монгол дахь Америкийн худалдааны танхимын удирдах зөвлөлийн дарга Ойбек Халилов, гүйцэтгэх захирал О.Адъяа, Бодлого хариуцсан захирал Г.Жавхлантөгс нарыг хүлээн авч уулзав. 


Уулзалтын эхэнд Байнгын хорооны дарга Д.Дамба-Очир Монгол Улсын эдийн засаг, хөрөнгө оруулалтын өнөөгийн нөхцөл байдал болон УИХ-аас баримталж буй бодлого, шийдвэрүүдийн талаар танилцуулж, дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. 


Тэрбээр, “УИХ-аас бизнес, банк санхүүгийн салбарын хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцэхээр бэлтгэл ажлыг хийж байна. Тухайлбал, гадаадын банкыг оруулах, түүний ажиллах хүрээг тодорхойлох Хөрөнгө оруулалтын банкны тухай болон аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олгодог үйл явц, тоо хэмжээг цэгцлэх Зөвшөөрлийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэнэ. УИХ-ын ээлжит бус чуулганаар Татварын багц хууль, Тендерийн тухай хуулийг баталсан. Эдийн засгийн байнгын хорооны даргын хувьд хөнгөлөлттэй зээл авахаас илүүтэй хувийн хэвшлийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байна. Удахгүй Монголын эдийн засгийн форум болно. УИХ, Засгийн газраас Ипотектийн зээлийн эх үүсвэрийг шийдсэн. Арьс шир, ноос ноолуурын цогцолбор үйлдвэрийг Дархан-Уул аймагт байгуулах, төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх зэрэг эдийн засгийн таатай орчныг бүрдүүлэх томоохон шийдвэрүүдийг гаргасан. Эдгээрийг олон нийтэд танилцуулах, мэдээлэх ажлуудыг хийнэ” гэв. 


Монгол дахь Америкийн худалдааны танхимын төлөөлөгчид Байнгын хорооны даргад хандан цаг зав гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэх, тэр дундаа дэд бүтэц, хөдөө аж ахуйн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд хамтран ажиллахад бэлэн байгаагаа хэлсэн юм.

Монгол дахь Америкийн худалдааны танхимын удирдах зөвлөлийн дарга Ойбек Халилов хувийн хэвшилд тулгуурласан эдийн засгийн өсөлт чухал гэдэгтээ Байнгын хорооны даргатай санал нэг байгаагаа илэрхийлээд гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг олох, эрх ашгийг нь хамгаалах хэрэгтэйг онцлов. Тэрбээр олон улсын гэрээний хэрэгжилтийг хангах нь ардчилсан нийгмийн тулгуур зарчмаас гадна хөрөнгө оруулагчдыг татах чухал зүйл болохыг тэмдэглээд Оюутолгойн гэрээний хэрэгжилтийг шалгах УИХ-ын Ажлын хэсгийн дүгнэлтийн талаар асууж тодрууллаа.


Байнгын хорооны дарга Д.Дамба-Очир Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг байнгын хороогоор хэлэлцүүлэхээр бэлтгэж, холбогдох байгууллагуудаас тайлан, мэдээлэл авч байна. Энэ асуудалд улстөржилтөөс ангид бодитоор хандах нь чухал байгааг тэмдэглэн хэлэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл