Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганы 04 дүгээр сарын 25-ны өдрийн хуралдаанаар “Түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолыг баталсан. С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлаар Олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий тус Түр хороо өнөөдөр (2019.05.01) анхны хуралдаанаа хийв. Хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Нямдорж даргалан явуулсан бөгөөд Түр хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцсэн юм. УИХ-ын гишүүн Ж.Батзанданг Түр хорооны даргад нэр дэвшүүлж буйгаа хуралдаан даргалагч танилцууллаа. Гишүүдээс асуулт, санал гараагүй тул санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Иймд энэ талаар санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Болд, Хүний эрхийг хамгаалагчийн асуудал хариуцсан НҮБ-ын тусгай илтгэгч М.Форст 2019 оны 4 дүгээр сарын 30-наас 5 дугаар сарын 13-ны өдөр Монгол Улсад ажиллаж байгааг дуулгаад Түр хорооны төлөөлөл уулзалт зохион байгуулахаар төлөвлөөд байгаа талаар гишүүдэд дуулгасан. Хуралдааны төгсгөлд Түр хорооны үйл ажиллагааг Хууль зүй, дотоод хэргийн яамны зүгээс бүх хэлбэрээр дэмжин ажиллана гэдгээ УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж хэллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.