Цэс

Холбоо барих

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан “Ялалтын төлөө гал” залуучуудын экспедицийн зохион байгуулах хорооны гишүүдийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Их Хурлын дэд дарга, УИХ дахь Монгол-Оросын парламентын бүлгийн дарга Л.Энх-Амгалан ОХУ-ын “Ялалтын төлөө гал” залуучуудын экспедицийн зохион байгуулах хорооны гишүүн Н.С.Петров тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр (2019.04.22) хүлээн авч уулзав.


Уулзалтаар УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан төлөөлөгчидтэй энэ онд тохиох Халх голын ялалтын 80 жилийн ойг ОХУ-тай хамтран тэмдэглэх ажлын талаар ярилцав. Тэрбээр, “Манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд Халх голын ялалтын түүхэн 80 жилийн ойн хүрээнд хоёр тал хүчин чармайлт гарган ажиллаж байгаад баяртай байна. Энэ хүрээнд хамтарсан үзэсгэлэн, уран сайхны болон баримтат кино, ном зохиол гаргах ажлууд эхэлсэн. Мөн “Роснефть” компаниас Халх гол сумын төвийг шинэчлэн байгуулах ажилд хөрөнгө оруулж, “Шинэ сум” төслийн бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байна” гээд Монгол, Оросын дайчдын гавъяа, дурсгалыг үүрд мөнхжүүлж, хойч үедээ өвлүүлэхэд түүхэн ойг тэмдэглэн өнгөрүүлэхийн ач холбогдол оршиж буйг тэмдэглэлээ.


ОХУ-ын “Ялалтын төлөө гал” залуучуудын экспедицийн зохион байгуулах хорооны гишүүн Н.С.Петров, УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгаланг цаг гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд энэхүү түүхэн тэмдэглэлт ойн хүрээнд Монгол-Оросын оюутан, залуучуудын хамтарсан тав дахь удаагийн тойрон аялалыг Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Улаанбаатар, Хэнтий, Дорнод, Халх гол гэсэн маршрутаар зохион байгуулах, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ахмад дайчид, оюутан залуус хамтран мод тарьж, ногоон төгөл байгуулах, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах зэрэг олон ажлуудыг хийхээр төлөвлөснөө танилцуулав.

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан Халх голын ялалтын 80 жилийн ойг ОХУ-тай хамтран тэмдэглэх ажилд парламентын зүгээс анхаарал тавьж, бүхий л талаар дэмжин ажиллахаа илэрхийллээ.

Уулзалтад “Ялалтын төлөө гал” залуучуудын экспедицийн зохион байгуулах хорооны гишүүн, экспедицийн ахлагч, “Ветеран” сангийн ТУЗ-ын дарга О.И.Торский, ОХУ-ын Эрхүү мужийн Төлөөлөгчийн газрын дарга А.С.Просекин, ОХУ-ын Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга М.В.Джеваков нар байлцав гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл