“Зарим газар нутгийг улсын хамгаалтад авах тухай” тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв
Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2019.04.18) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 08 минутад гишүүдийн 53.3 хувийн ирцтэй эхэллээ. Хуралдааны эхэнд Засгийн газраас 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн “Зарим газар нутгийг улсын хамгаалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Энэ талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн А.Сүхбат танилцуулав. Байнгын хороо 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн хуралдаанаараа тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Хэлэлцүүлгийн үед УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Б.Бат-Эрдэнэ, Б.Батзориг, Б.Саранчимэг, Г.Мөнхцэцэг, Я.Содбаатар, Х.Болорчулуун, С.Жавхлан нар тогтоолын төслийн 1дэх заалтын 1дэх дэд заалт, мөн заалтын 2 дахь дэд заалттай холбоотой нөхөн төлбөр үүсч болзошгүй талаар асуулт асууж, хариулт авсан бөгөөд тогтоолын төсөлд солбилцлоор нь тусгасан боловч нэрийг нь дурдаагүй 9 сумын нэрийг нэмж тусгах саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэдгийг УИХ-ын гишүүн А.Сүхбат танилцуулгадаа онцлов.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Л.Энх-Амгалан, Б.Бат-Эрдэнэ, Ж.Батзандан, Б.Баттөмөр, Л.Мөнхбаатар, Л.Болд, Б.Саранчимэг, Н.Оюундарь, Б.Батзориг, М.Оюунчимэг нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлсэн.
Гишүүдийн олонх Засгийн газраас есөн аймгийн 29 сумын нутаг дэвсгэрийн 3,4 сая га талбайг хамарсан 22 газрыг тусгай хамгаалтад авах тогтоолын төслийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ цаашлаад байгалийн унаган төрх, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах, цэнгэг усны нөөц, гол мөрний урсац бүрэлдэх хэсгийг тусгай хамгаалтад авах газар нутгийн хэмжээг нэмэх шаардлагатай гэж байлаа. Түүнчлэн тусгай хамгаалтад авсан нийт газар нутгийн байгаль орчны хамгаалалтын өнөөгийн нөхцөл байдлыг тодруулахын зэрэгцээ энэ асуудалд олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж, шинэлэг арга, технологийг нэвтрүүлж ажиллахыг анхааруулав. Мөн тусгай хамгаалтад авах газруудад газрын тосны олборлолт, төмөр зам барих хилийн цэс, координатын давхцал үүссэн асуудлыг болон нийслэлийн дархан цаазат Богд-Хан уулын суурьшлын бүсийн газрын маргаантай асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар лавласан.
Байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир, Засгийн газраас тусгай хамгаалтад авах 22 газрын хоёр нь хилийн цэс, координатын давхцал байгаа юм. Тухайлбал, Засгийн газар 2015 онд “Эрдэнэт-Овоот”-ын чиглэлийн төмөр замын зураг төслийг боловсруулж барих, ашиглах, шилжүүлэх концессын гэрээ байгуулсан учир нөхөн төлбөрийн асуудал үүсэх болно. Байгаль орчин, аялал жуулчлалын яам уг тогтоолын төслийн талаар Уул уурхай хүнд, үйлдвэрийн яам, Зам, тээврийн хөгжлийн яамнаас хоёр удаа санал авахад давхцал байхгүй гэсэн хариу өгсөн байна. Тогтоолын төслийг өргөн барьсны дараа хоёр газар давхцалтай учир, тодорхой координатаар нь тусгай хамгаалалтаас гаргаж өгөөч гэсэн асуудлыг тавьсан. Иймд Засгийн газар энэ асуудлыг нухацтай ярилцаж, тодорхой гарц гаргалгаа гаргах шаардлагатай гэж үзэж байгаагаа хариултдаа онцлов.
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Энх-Амгалан хариултдаа, Монгол Улсын Их Хурлын 2010 онд Төмөр замын тээврийн тухай хуулийн 8.1.1-ийг үндэслэн “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ыг 32 дугаар тогтоолоор баталсан. Үүний дараа УИХ-ын 71 дүгээр тогтоолоор "Эрдэнэт -Овоот-Арц суурь" 820 км нэмэлтээр орсон. Үүнийг үндэслэн Засгийн газар 2014 оны 321 дүгээр тогтоолоор төрийн өмчийн зүйлийн жагсаалтад оруулсан байна. Дараа нь Засгийн газар 2015 оны 327 дугаар тогтоолоор энэхүү төмөр зам барих концессын гэрээг байгуулж хөрөнгө оруулах эрх, 420 дугаар тогтоолоор төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг, 2016 онд чиг тогтоох гэрээг тус тус байгуулсан байна. Хэрэв УИХ-аас энэ газар нутгийг тусгай хамгаалтад авбал, энэ чиглэлийн төмөр замыг тодорхой газрыг тойрч барихаас өөр аргагүй гэж байлаа.
Засгийн газраас тусгай хамгаалтад авах 22 газар болон удахгүй өргөн барих найман газрыг тусгай хамгаалалтад нэмж авах тогтоолын төсөлд багтсан буюу байгалийн цогцолбор, дурсгалт газруудад иргэд мал аж ахуйгаа эрхэлж болно хэмээн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат хариулж байлаа. Түүнчлэн тэрбээр, нийслэлийн Богд уулын дагуух суурьшлын бүсийн газрын маргаантай асуудалд БОАЖ-ын Дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна. 280 сая төгрөгийн санхүүжилтийг шийдвэл энэ бүсэд байгаа айл өрх, аж ахуйн нэгжийн газрын кадастрыг дахин хийж, 2019 ондоо багтаан суурьшлын бүсийн маргаантай асуудлыг эцэслэн шийдвэрлэнэ гэв. Ажлын хэсгийн зүгээс, тусгай хамгаалттай нийт газар нутагт хамгаалалтын захиргааны 33 албыг байгуулж, нийт 607 хүн ажиллаж байгаагаас 369 нь байгаль хамгаалагч. Засгийн газрын 87 дугаар тогтоолоор байгаль хамгаалагчид хариуцан хамгаалах талбайн хэмжээг тогтоосон. Тогтоолд тусгаснаар тооцвол 86 байгаль хамгаалагчийн орон тоо, 540 сая төгрөгийн дутагдалтай ажиллаж байна гэж нэмж хариулсан.
Ингээд Байнгын хорооноос дэмжигдсэн Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй хоёр саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Тухайлбал, төслийн 1 дэх заалтын 1/дэх дэд заалтын “Бүрэнтогтох” гэсний дараа “Завхан аймгийн Тэлмэн, Их -Уул” гэж, 1 дэх заалтын 14/ дэх дэд заалтын “Баяндэлгэр” гэсний дараа “Онгон” гэж, 2 дахь заалтын 1/ дэх дэд заалтын “Булган” гэсний дараа “Үенч” гэж, “Бугат” гэсний өмнө “Тонхил” гэж, 2 дахь заалтын 4/ дэх дэд заалтын “Гурванзагал” гэсний дараа “Дашбалбар” гэж, 2 дахь заалтын 5/ дахь дэд заалтын “Булган” гэсний дараа “Үенч” гэж тус тус нэмэх, төслийн 1 дэх заалтын 15/ дахь дэд заалтын “Мөст” гэснийг “Дарви, Цэцэг” гэж өөрчлөхийг тус тус дэмжсэн. Иймд “Зарим газар нутгийг улсын хамгаалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүлэв.
Нэмэлт протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг баталлаа
Үргэлжлүүлэн Засгийн газраас 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Дэлхийн шуудан холбооны дүрмийн есдүгээр нэмэлт протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцсэн. Хуулийн төслийн талаар Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.ОюунЭрдэнэ танилцуулсан.
Монгол Улс анх 1964 онд Австрийн Вена хотноо болсон их хурлаас хэлэлцэн баталсан ДШХ-ны дүрмийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсныг 1968 онд БНМАУ- ын АИХ-ын Тэргүүлэгчдийн зарлигаар соёрхон баталжээ. Улмаар 2003 онд уг дүрмийн 3, 4, 5, 6 дугаар нэмэлт протоколыг, 2006 онд 7 дугаар нэмэлт протоколыг, 2011 онд 8 дугаар нэмэлт протоколыг Улсын Их Хурлаас тус тус соёрхон баталсан байна.ДШХ-ны Бүрэн эрхт төлөөлөгчдийн ээлжит 26 дугаар их хурал 2016 оны 9 дүгээр сард Туркийн Истанбул хотноо хуралдаж, холбогдох баримт бичгүүдэд нэмэлт, өөрчлөлт оруулсан нь дүрмийн 9 дүгээр нэмэлт протокол юм. Иймээс Олон улсын гэрээний тухай хуульд заасны дагуу ДШХ-ны дүрмийн 9 дүгээр нэмэлт протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг боловсруулжээ. Манай улс тус холбоонд элссэнээс хойшхи хугацаанд хүлээсэн үүргээ тасралтгүй биелүүлж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, бүс нутгийн болон олон улсын түвшинд зохиогддог үйл ажиллагаанд идэвхтэй оролцож ирсэн. Тухайлбал, тус холбооны санхүүгийн дэмжлэгтэйгээр 2003 оноос “Олон талт" төслийг хэрэгжүүлсний зэрэгцээ Шуудангийн тухай хуулийн төслийг боловсруулах, салбарын боловсон хүчнийг сургах, чадавхижуулах зорилгоор Дэлхийн шуудан холбооны зөвлөх мэргэжилтнүүдийг урьж ажиллуулсан. Мөн тус холбооны зардлаар олон улсын хурал, зөвлөгөөн, богино хугацааны сургалт, семинарт дотоодын мэргэжилтнүүдээ хамруулдаг талаар Засгийн газрын гишүүн танилцуулгадаа дурдав.
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаараа уг асуудлыг хэлэлцсэн бөгөөд санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа танилцууллаа.
Тэрбээр танилцуулгадаа, Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд ОХУ болон БНХАУ дэлхийн шуудан холбоооны дүрмийн есдүгээр нэмэлт протоколыг соёрхон баталсан эсэх, шуудан харилцаанд нэгэн адил нөхцөлөөр дамжин өнгөрөх гэдэгт үнийн адил нөхцөл багтаж байгаа эсэх, УИХ-ын гишүүн А.Ундраа энэхүү нэмэлт протоколыг соёрхон баталснаар Монгол Улсын дотоодын шуудан харилцааг сайжруулах, шуудангийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй болгоход чиглэсэн ямар ахиц, дэвшил, боломжийг бий болгох талаар тус тус асуулт асууж, хариулт авсан. Хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, соёрхон батлах нь зүйтэй гэж үзсэн хэмээн дурдлаа.
Хууль санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн А.Ундраа, С.Бямбацогт асуулт асууж, хариулт авсны дараа Дэлхийн шуудан холбооны дүрмийн есдүгээр нэмэлт протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 52.4 хувь нь дэмжив.
“Түр хороо байгуулах тухай” тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв
Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Л.Болд нарын 6 гишүүнээс 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн “Түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн.
Хууль зүйн байнгын хороо 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн хуралдаанаараа тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд энэ талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Энхболд танилцуулав. Өргөн мэдүүлсэн “Түр хороо байгуулах” тухай тогтоолын төслийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан, Я.Санжмятав, Ц.Нямдорж, А.Сүхбат, Л.Оюун-Эрдэнэ нар байсан бөгөөд УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ өөрийн хүсэлтээр Түр хорооны бүрэлдэхүүнээс гарах, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Х.Нямбаатар нар орж ажиллах хүсэлт болон зарчмын зөрүүтэй саналаа тус тус гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэдгийг санал, дүгнэлтэд дурдлаа.
Хэлэлцэж байгаа асуудлаар УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, О.Содбилэг, Н.Номтойбаяр нар асуулт асууж, хариулт авсны дараа Түр хорооны бүрэлдэхүүнээс УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг хасах, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Х.Нямбаатар нарыг нэмэхийг дэмжсэн зарчмын зөрүүтэй гурван саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Иймд “Түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.