Цэс

Холбоо барих

УИХ-ын дарга Г.Занданшатар хөгжлийн төлөө хүчээ нэгтгэхийг хувийн хэвшлийнхэнд уриаллаа

 

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Үндэсний хөгжлийн газар, Конрад Аденауэрийн сан, “Блүүмберг ТВ Монголиа”-гаас зохион байгуулж буй “Тогтвортой хөгжлийг хангахад хувийн хэвшлийн оролцоо” үндэсний чуулганд оролцож үг хэлэв.  

Тус чуулганыг Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Үндэсний аж үйлдвэрийн зөвлөл, Компанийн засаглалын үндэсний зөвлөл, “ОШМИ групп” ХХК зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байгаа бөгөөд тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд бизнесийн байгуллагуудын оролцоо, төр-хувийн хэвшлийн түншлэл, үндэсний үйлдвэрлэл, баялаг бүтээгчдийг дэмжих бодлого, хууль эрх зүйн орчны шинэчлэл зэрэг өргөн хүрээтэй асуудлуудаар санал солилцож байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн үгийнхээ эхэнд  “Монгол Улсад шударга ёсыг тогтоох, сахилга хариуцлагыг бүх шатанд хэвшүүлэх, алагчлалгүй хуулийн засаглал төлөвшүүлэх замаар нийгэм, эдийн засгийн хөгжлөө тэтгэх шинэчлэлийн алхам хийж буй чухал цаг үед энэхүү чуулган болж буйд талархалтай байна” хэмээн тэмдэглэлээ.

Тэрбээр Монгол Улсын Засгийн газраас 2017 онд “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ыг батлан гаргасан. Энэ бодлогын тулгуур нь Засаглалын шинэчлэл, Эдийн засгийн шинэчлэл, Нийгмийн бодлогын шинэчлэл гэсэн 3 асуудалд зангидагдаж байгаа юм.  Өөрөөр хэлбэл гол зарчим нь Монголын төр нь төр шиг байя, зөвхөн уул уурхайгаас хамааралтай биш, төрөлжиж солонгорсон эдийн засагтай болъё, Монголын нийгмийг халамжийн биш бүтээмжийн нийгэм болгоё гэдэгт чиглэж байгаа юм гэж онцоллоо.

Нэгдүгээрт, Монголын төр нь төр шиг байхын тулд шударга ёс, хуулийн засаглал, сахилга хариуцлагад суурилах ёстой. Хөгжлийн удаашрал, зогсонги байдлын буруутан нь төр өөрөө байна. Дэлхийн банкнаас гаргадаг Сайн засаглалын шалгуур үзүүлэлтүүдээр Монгол Улс уруудаж доошилсон байна. Энэ шалгуур үзүүлэлтэд авлигын хяналт, Засгийн газрын үйл ажиллагааны үр ашигтай байдал, хууль тогтоох байгууллагын чадавхи, шүүхийн хараат бус, шударга тогтолцоо зэрэг олон асуудал хамаардаг. Төр нь төр шиг байж гэмээнэ хувийн хэвшилдээ шударга өрсөлдөх, хөгжих боломжийг нээж өгч чадна. Тиймээс засаглалаа, хуулиа, шүүхээ шударга, зөв болгоё гэсэн зорилт дэвшүүлж, эхний алхмуудаа ажилттай хийж байна.

Хоёрдугаарт, Монголын эдийн засгийн 88.6 хувь нь уул уурхайгаас хамааралтай байна. Эдийн засгийн өсөлт нүүрс, алт, зэс гэх мэт байгалийн цөөн баялгийн гадаад зах зээлийн үнэ ханшаас шууд хамаарсаар ирлээ. Тиймээс олон салбар, хэвшилтэй болгож, баялаг бүтээгч, үйлдвэрлэл эрхлэгчдэдээ тэгш боломжийг олгох нь эдийн засагт хийх шинэчлэлийн гол зарчим байх болно.  

Гуравдугаарт, иргэд нь халамжаар угжуулагчид биш, бүтээмжээр өрсөлдөгчид байх ёстой. Үүний тулд халамжаас бүтээмж рүү чиглэсэн хүний хөгжлийн бодлого хэрэгжүүлье. Иргэдээ бүтээн байгуулалтад шаардлагатай ажил мэргэжилтэй болгож, хүн бүрийг ажлын байраар, үйлдвэрлэл үйлчилгээ, хөдөлмөр эрхлэх боломжоор хангая гэж байгаа юм.    

Хамгийн товчхоноор илэрхийлэх юм бол Монгол төр, Монголын баялаг, Монгол хүндээ тулгуурлаж бид хөгжлийг бүтээнэ. Монгол төр нь бизнес эрхлэгчдээ, иргэдээ шударга ёс, тэгш эрхээр хангаж, аливаа зөв санаачилга, бодлогыг нь, хөгжин дэвжих эрмэлзлийг нь дэмжих ёстой гэсэн үг юм гэж УИХ-ын дарга Г.Занданшатар тайлбарлав.

Түүнчлэн үндэсний үйлдвэрлэгч, баялаг бүтээгчид бол хөгжлийн хөдөлгүүр  юм.  Энэ хөдөлгүүр гацаа саадгүй, жигд тасралтгүй, үр ашигтай ажиллах ёстой. Үүнд төрийн дэмжлэг хэрэгтэй гэж бид үзэж байна. Тиймээс баялаг бүтээгчдийг дэмжих багц хуулийн төслийг батлан гаргахаар УИХ төлөвлөж байгаа. Эхний ээлжинд Үндэсний үйлдвэрлэл, баялаг бүтээгчдийг дэмжих тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ц.Гарамжаваар ахлуулан байгуулсан. Энэ хуулийн төслөөр Нээлттэй сонсгол хийж, үйлдвэрлэгчид Та бүхний төлөөллийг оролцуулан зохион байгуулахаар төлөвлөж байна. Үүнд идэвхтэй оролцохыг урьж байна хэмээлээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар та бүхэн МҮХАҮТ дээрээ, мэргэжлийн нэгдсэн холбоод дээрээ нийт баялаг бүтээгчдийн өмнө тулгарч буй, шийдвэрлэвэл зохих асуудал, бэрхшээлээ хэлэлцэн ярилцаж нэгтгээд, гарах гарц, хууль эрх зүйн орчны талаарх санал, санаачилга, бодлогоо УИХ, Засгийн газарт илэрхийлдэг баймаар байна. Ийм нэгдмэл саналд тулгуурлаж шийдвэр гарвал үр дүнтэй, зөв болно. Тиймээс ажил хэрэгч, бүтээлч, шинэ хандлагыг бий болгомоор байна гээд, “Тогтвортой хөгжлийг хангахын тулд хувийн хэвшлийнхэн бүтээлч хандлагыг эрхэм болгоцгоогтун. Ийм хандлагыг Монголын төр засаг ямагт дэмжих болно. Төр, хувийн хэвшлийнхэн хүчээ нэгтгэх цаг болж. Ингэж чадвал бидэнд хөгжих асар их боломж байна. МОНГОЛЫНХОО ИРЭЭДҮЙН ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ ХҮЧЭЭ НЭГТГЭЕ” хэмээн уриаллаа.

Үндэсний чуулганд УИХ-ын гишүүн, Үндэсний үйлдвэрлэл, баялаг бүтээгчдийг дэмжих тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн ахлагч Ц.Гарамжав оролцож үг хэллээ.  

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл