Цэс

Холбоо барих

УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд ХХААХҮ яаманд ажиллав

УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд өнөөдөр /2019.04.23/  ХХААХҮ яамны үйл ажиллагаатай танилцлаа. Тус байнгын хорооны дарга  УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир болон УИХ-ын гишүүн Б.Батзориг, Б.Саранчимэг, С.Жавхлан, А.Сүхбат нар тус яамны газар болон хэлтсийн дарга нартай уулзаж тулгамдаж байгаа асуудал болон шийдвэрлэсэн ажлуудын тайлан мэдээтэй танилцсан юм.

 

ХХААХҮЯ-ны  ЖДҮХБХЗГ-ын дарга Я.Эрдэнэсайхан  салбартаа хэрэгжүүлж буй бодлого, шийдвэр, үйл ажиллагаа, цаашид хэрэгжүүлэх ажлуудын талаар танилцуулсан юм. Сүүлийн 5 жилийн үзүүлэлтээр малын тоо толгой тогтмол өссөн үзүүлэлттэй байна. Үүнийг дагаад малын гаралтай бүтээгдэхүүн төрөл бүрээр өссөн. Өөрөөр хэлбэл мах, өндөг, сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл нэмэгдсэн байна. Тухайлбал, 2018 онд үйлдвэрийн аргаар 93 сая литр сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэжээ. Энэ нь өмнөх оныхтой харьцуулахад 7,4 хувиар өссөн үзүүлэлт юм байна. Газар тариалангийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хувьд ч мөн өсөлттэй гэсэн дүн мэдээ байна. Үүн дотор улаан буудай, төмсний хэрэгцээгээ дотооддоо 100 хувь хангаж байгаа гэдгийг ЖДҮХБХЗГ-ын дарга Я.Эрдэнэсайхан танилцуулгадаа онцолсон юм. 



Үүний дараа ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан томилогдсоноосоо хойш авч хэрэгжүүлж байгаа зарим ажлынхаа тухай мэдээлэл өглөө. Сайдаар томилох үед УИХ-ын гишүүдийн захиж хэлсэн санал санаачлагыг ажил хэрэг болгон ажиллаж байна гэлээ.  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн салбарт 2019 онд хийгдэх эрх зүйн шинэчлэлд нэн түрүүнд Бэлчээрийн тухай хууль хүлээгдэж байна гэдгийг ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан онцоллоо. 20 гаран жил яригдаж байгаа ч эрхзүйн зохицуулалт байхгүйн улмаас бэлчээр цөлжиж, үлийн цагаан оготно огцом нэмэгдэж, бэлчээрийн доройтол эмзэг асуудал болоод байгааг дурдлаа. Харин тариалангийн чиглэлд Таримал ургамлын үр, сортын тухай хууль, Жижиг дунд үйлдвэрлэлийн тухай чухал хуулиудыг энэ парламент хэлэлцэн батална гэж итгэж байна гэсэн юм.  Үүнээс гадна өнгөрсөн онд батлагдсан Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийг бодитой хэрэгжүүлэхэд анхаарч байгаа гэлээ. Энэ хүрээнд ОХУ-тай  “Монголын малыг эрүүлжүүлэх 3 дахь шатны хөтөлбөр”-ийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр болсон байна. Мөн олон жил яригдсан ч шийдэгдэхгүй өнөөдрийг хүрсэн Био комбинатын өргөтлийн ажилд ахиц гарч, Унгарын талтай зөвшилцсөний үндсэн дээр Био комбинатын төслийн ажлыг энэ ондоо эхлүүлэхээр болсон гэдгийг салбарын УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүдэд танилцууллаа.

 


Үүний дараа байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир санал хэлж, байр сууриа илэрхийсэн юм. Тэрбээр, Бэлчээрийн тухай хуулийг батлах цаг болсон. Тус байнгын хороо, ажлын хэсэг нухацтай ажиллах болно гэлээ. Мөн өнгөрсөн онд батлагдсан  Баяжуулсан хүнсний тухай хуулийн хэрэгжилтийг анхаарч ажиллахыг санууллаа. Нийт хүн амын 95 хувь нь амин дэмийн дутагдалтай байгаа учир уг хуулийг хэрэгжүүлэхэд онцгой анхаарах ёстой гэлээ. Мөн энэ жил ноолуурын үйлдвэрүүдэд санхүүгийн дэмжлэг 300 тэрбум төгрөгийг олгохоор болсон. Тиймээс ирэх 2020 он гэхэд ноолуурын үнэ ханш буухгүй байх бодлогыг барин ажиллахыг санууллаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл