Цэс

Холбоо барих

ТБХ:Төрийн аудитын байгууллагын 2019, 2020 онд гүйцэтгэх аудитын сэдвийг баталлаа


Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2019.04.23) хуралдаан 13.07 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэлж, Төрийн аудитын байгууллагын 2019, 2020 оны гүйцэтгэх аудитын сэдэв батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслүүдийг хэлэлцэн шийдвэрлэв. 

Хуралдааны эхэнд Байнгын хорооны 2018 оны 01 дүгээр тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийг хэлэлцсэн бөгөөд энэ талаарх Ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан хийлээ.

Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан, Н.Амарзаяа, Г.Тэмүүлэн нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Төрийн адуитын байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, санал, дүгнэлтээ гаргажээ. Төсвийн байнгын хорооноос Төрийн аудитын байгууллагыг 2018 онд 38 аудит хийж, гүйцэтгэх сэдэв баталж өгсөн боловч, өмнөх оноос 1 аудит шилжүүлж, төлөвлөгөөнд тусгагдаагүй 5 сэдэв нэмж, нийт 44 аудит хийж гүйцэтгэсэн байна. Гүйцэтгэсэн аудитуудаас 7 тайланг Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороонд ирүүлээгүй  байна. “Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт”, Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж дуусаагүй барилгуудад”, Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө”, “Орон нутгийн хөгжлийн сан, сум хөгжүүлэх сангийн хөрөнгийн зарцуулалт”, “2018 оны төсвийн тухай хуулийн хэрэгжилт явц”, “Эрдэнэс Монгол ХХК, Эрдэнэс таван толгой ХК-ийн санхүүгийн болон үйл ажиллагааны үр дүн, хувьцааны хуваарьлалт, ногдол ашиг, олголт”, "Төрийн сангийн үйл ажиллагааны тогтолцоо, үр дүн” зэрэг аудитын тайланг Улсын Их Хуралд ирүүлэх нь зүйтэйг Ажлын хэсгийн ахлагч танилцуулгадаа дурдав.


Төсвийн байнгын хорооны 2018 оны 01 дүгээр тогтоолоор “Төрийн аудитын байгууллагыг 2019 онд хуулийн дагуу гүйцэтгэх 18, нийгмийн захиалгаар гүйцэтгэх 8, төрийн аудитын бодлогоор гүйцэтгэх 6, нийт 32 аудит гүйцэтгүүлэхээр сэдэв баталсан. Дээрх 32 сэдвээс аудитын зардал тусгагдаагүй болон боловсон хүчний нөөц хүрэлцэхгүй шалтгаанаар 8 аудитын сэдвийг хасах, 5 сэдэв шинээр нэмэх, 4 аудитын тайлангийн хамрах хүрээг багасгаж, сэдвийн нэрийг өөрчлөх, 3 аудитыг нарийвчилж, аудитын сэдвийг тодоррой болгох, 1 аудитын сэдвийн гүйцэтгэх хугацааг өөчрлүүлэхээр саналуудыг ирүүлсэн. Үүний дагуу “Оюутолгой төсөлд оруулсан хөрөнгө оруулалт, санхүүжилтийн зарцуулалт, түүний төслийн үр өгөөжид үзүүлэх нөлөөлөл”, “Улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр концессын барих, шижлүүлэх төрлөөр хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээний хэрэгжилт”, “Газрын тосны салбарт 2018 онд бүтээгдэхүүн хуваах гэрээгээр  үйл ажиллагаа явуулсан гэрээлэгчийн нийт хөрөнгө оруулалт өртөг нөхсөн болон нөхөх зардлын хэмжээ, газрын тосны экспорт, борлуулалтын орлогын тооцоо, хуваарилалт” гэсэн гурван аудитын сэдвийг хасах боломжгүй гэж үзэн, нэг аудитын сэдвийн нэрийг өөрчиллөө. Засгийн газар болон яамдын дотоод аудит, хяналт шалгалтгаар гүйцэтгэх, боломжтой есөн  аудитын сэдвийг хасч, найман аудитын сэдвийг нэмж тусгасан талаар О.Батнасан гишүүн танилцуулгадаа онцлов. 

Түүнчлэн Төрийн аудитын тухай, Төсвийн тухай, Шилэн дансны тухай, Сонгуулийн тухай хууль болон Улсын Их Хурлын бусад шийдвэрийн хүрээнд Төрийн аудитын байгууллагын хэмжээнд 2020 онд нийт 31 аудит хийж гүйцэтгэхээр Үндэсний аудитын газраас санал ирүүлсэн байна. 


Хуралдаанд Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч бөгөөд тэргүүлэх адитор, С.Бүрэнбат, С.Оюунбилэг болон холбогдох албан тушаалтнууд оролцлоо. 

Ажлын хэсгийн санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан асуулт асууж, хариулт авсны дараа зарчмын зөрүүтэй санал гаргах гишүүн байсангүй. Иймд Төрийн аудитын байгууллагын 2019 онд гүйцэтгэх аудитын сэдвийг батлах Байнгын хорооны тогтоолын төслийг  хуралдаанд оролцсон гишүүдийн 63.6 хувь нь дэмжсэн. 

Дараа нь Төрийн аудитын байгууллагын 2020 онд гүйцэтгэх аудитын сэдвийг батлах Байнгын хорооны тогтоолын төслийг  хэлэлцэхэд асуулт асууж, зарчмын зөрүүтэй санал гаргах гишүүн байсангүй. Иймд Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 72.7 хувь нь дэмжив хэмээн УИХ-ын эвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл