Цэс

Холбоо барих

Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хоёр төслийг өргөн барилаа

1.    Хуралдааны дэгд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг дараалал харгалзахгүйгээр хэлэлцэж байхаар тусгажээ

          Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар болон Я.Содбаатар, Н.Амарзаяа нар өнөөдөр (2019.05.15) Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг тус тус Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барив.


УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын өргөн барьсан төсөл нь 7 зүйлтэй.

Монгол Улсын Их Хурлын даргын 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 43 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг  УИХ-ын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтран хэрэгжүүлж байгаа “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслөөс 2018 онд хийсэн “Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн хэрэгжилтийн байдалд хийсэн дүн шинжилгээ” судалгаанд суурилан, ХБНГУ, ОХУ, БНСУ, Австрали, Франц, Канад, Финланд зэрэг улсын парламентын дэгийг судалж, уг хуулийн төслийг боловсруулжээ.

Хуулийн төсөлд зарчмын шинжтэй дараах зохицуулалтыг тусгасан байна. Үүнд:

1. УИХ-ын нэгдсэн хуралдаан болон Байнгын, дэд, түр хороодын хуралдааны үндсэн зарчимд УИХ хуралдааныхаа дэгийг өөрөө тогтоож байх зарчмыг нэмж тусгах;

2. Анхдугаар чуулганы нээлтийн ажиллагааг УИХ-ын даргыг сонгож дуустал УИХ-д хамгийн олон удаа сонгогдсон, хэрэв олон удаа сонгогдсон хэд хэдэн гишүүн байвал тэдгээрийн насаар хамгийн ахмад гишүүн удирдаж байх;

3. Шинээр сонгогдсон УИХ-ын гишүүн тангараг өргөөгүй тохиолдолд түүнийг УИХ-ын бүрэн эрхээсээ татгалзсанд тооцох;

4. Анхдугаар чуулганаар УИХ-ын дарга, дэд даргыг сонгох журмыг Монгол Улсын Их Хурлын тухай хуулиар зохицуулж байгааг өөрчилж, хуралдааны дэгээр зохицуулах;

5. Шинээр бүрдсэн УИХ хуралдааны дэгээ шинэчлэн тогтоох, эсэх асуудлыг анхны ээлжит чуулганаар хэлэлцэн шийдвэрлэж байх;

6. Хуралдааны дэгд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг зөвхөн УИХ-ын гишүүн санаачлах эрхтэй байх, тухайн төслийг чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг харгалзахгүйгээр хэлэлцэж байх;

7. УИХ-ын дарга хууль санаачлагчаас УИХ-д өргөн мэдүүлсэн хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл болон бусад баримт бичгийг нэгдсэн хуралдаанд мэдээлж, харин УИХ-ын Тамгын газар өргөн мэдүүлсэн хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл болон бусад баримт бичгийг өргөн мэдүүлмэгц нь УИХ-ын гишүүдэд тарааж байх;

8. Хууль санаачлагчаас өргөн мэдүүлсэн хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслийг хэлэлцэх, эсэх асуудлыг зөвхөн нэгдсэн хуралдаанаар шийдвэрлэж байх;

9. Байнгын хороо хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслийг зүйл, хэсгийн заалт бүрээр хэлэлцэж байх;

10. Төслийг Байнгын хороогоор хэлэлцүүлэхээс өмнө олон нийтээр хэлэлцүүлэх, иргэн, хуулийн этгээдээс тухайн төсөлтэй холбогдуулан УИХ-д хандаж ирүүлсэн саналыг хуралдаанд танилцуулж байх;

11. Байнгын хороо хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслийг хэлэлцэх явцад тухайн төсөл, түүний зүйл, заалтаар эрх зүйн дүн шинжилгээ хийлгэхээр шийдвэрлэсэн тохиолдолд УИХ-ын Тамгын газар дүгнэлт гаргаж байх;

12. УИХ-ын гишүүн нэгдсэн хуралдаан дээр асуулт асуух, үг хэлэх бол энэ тухайгаа урьдчилан мэдэгдэж дараалалд орох, хэлэх үг нь үнэн, бодитой, судалгааны үндэслэлтэй мэдээлэлд тулгуурласан байх, үг хэлэхдээ индрээс хэлэх;

13. Нэгдсэн хуралдааны эцсийн хэлэлцүүлгээр зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулсан бол төслийг эцсийн найруулга хийлгэж батлахад бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүлж байх;

14. Хуралдааны дэгд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар дүгнэлт гаргах,  хуралдааны дэгийн заалтаар тайлбар хийх, хуралдааны дэг зөрчигдсөн асуудлаар хуралдаан даргалагчид зөвлөх, тухайн асуудлыг хэлэлцэх хуралдааны дэгийг хуулиар зохицуулаагүй бол уг асуудлыг хуралдаанаар хэлэлцэх дэгийг тогтоох санал, дүгнэлт гаргах зэрэг чиг үүргийг хэрэгжүүлэх Дотоод асуудлын Байнгын хороотой холбогдсон зохицуулалтыг тусгах;

15. Гишүүн хуралдааны дэгийг дагаж мөрдөх, хуралдааны дэг зөрчсөн гишүүнд хариуцлага хүлээлгэхтэй холбогдсон журам, зохицуулалтыг тодорхой болгох, тодорхой хариуцлага хүлээсэн гишүүн тухайн хариуцлагыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдол гаргах, уг гомдлыг хэлэлцэж шийдвэрлэхтэй холбоотой зохицуулалтыг тусгахаар боловсруулсан байна.           

2. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэх дэгийг тодорхой болгоно

Монгол Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар, Н.Амарзаяа нарын санаачлан боловсруулсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэх дэгийг тодорхой болгоход чиглэжээ.


Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн асуудлыг зохицуулж байгаа боловч Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт “Улсын Их Хурал ... хуралдаанаар хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл, тодорхой асуудал хэлэлцэх, санал хураах, шийдвэр гаргахдаа Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг баримтална” гэж заасан.

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, эсэх асуудлыг Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран найм, Жаран есдүгээр зүйлд заасан үндэслэлийн дагуу хянан шийдвэрлэх үйл ажиллагааны зарчим, журмыг Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар тодорхойлон зохицуулсан байдаг.

Гэвч УИХ-аар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэхэд дээрх хуульд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн нарийвчилсан, үе шат тус бүрийг хэрхэн хэлэлцэх, тухайлбал, Байнгын хороогоор хэлэлцэх дараалал, Байнгын хороодын гишүүдийн ирц, санал хураалт явуулах босго зэрэг дэгийн асуудлыг тусгайлсан зохицуулалт байхгүй байгаагаас үл ойлголцол үүсэх, мухардалд орох, эсхүл дур зоргоороо тайлбарлах зэрэг зөрчил бий болж Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн зарчим, журам алдагдах нөхцөл бий болж болзошгүйг үндэслэн энэхүү хуулийн төслийг боловсруулжээ. 


Хуулийн төсөл 6 зүйлтэй. Төсөлд:

- Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэх журам болон ард нийтийн санал асуулгаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх журам бүхий бүлэг шинээр нэмж, хууль тогтоомжийн төслийг хэлэлцэх үе шатыг боловсронгуй болгох;

- УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг зөвхөн УИХ-ын гишүүн санаачлах эрхтэй байх;

- Байнгын хороо төслийн талаар санал, дүгнэлт гаргах хүрээ хязгаарыг хязгаарлаж өгөх зэрэг хэд хэдэн нарийвчилсан зохицуулалтыг тусгажээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл