Цэс

Холбоо барих

2018 онд батлагдсан Монгол Улсын хууль, тогтоолууд дээр Төрийн тамга дарлаа

     Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нар 2018 онд батлагдсан хуулиуд дээр өнөөдөр (2019.05.14) Төрийн тамга дарах ёслолыг гүйцэтгэв. 


    Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.2-т Монгол Улсын хууль, Улсын Их Хурлаар соёрхон баталсан олон улсын гэрээ, Монгол Улсаас гадаад улстай дипломат харилцаа тогтоох, цуцлах тухай Улсын Их Хурлын шийдвэрийн уг эхийн эхний хуудас дээр төрийн тамгыг тус тус дарах талаар заасан байдаг. 

    2018 онд Улсын Их Хурал нийт 162 хууль, Монгол Улсаас гадаад улстай дипломат харилцаа тогтоох тухай Улсын Их Хурлын 4 тогтоолыг баталсан нь нийт 4 боть 823 хуудас хуулийн уг эх болжээ. 


    Төрийн тамгыг үндэсний хээгээр чимэглэсэн мөнгөн тоног бүхий, зөөлөн торгомсог эдээр доторлосон зандан модон хайрцагтай нь авчирч, 2018 онд батлагдсан хууль бүрийн уг эхийн эхний хуудаст Төрийн тамгыг дарав. 

    Монгол Улсын Үндсэн хуулийн Арванхоёрдугаар зүйлийн 6 дахь хэсэгт “Төрийн тамга дөрвөлжин хэлбэртэй, голдоо төрийн сүлдтэй, сүлдний хоёр талаар Монгол Улс гэсэн бичээстэй, арслангийн дүрс бүхий бариултай байна. Төрийн тамгыг Монгол Улсын Ерөнхийлөгч барина” хэмээн заасан байдаг хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.  

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл