Цэс

Холбоо барих

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ БОЛОН ХОЛБОГДОХ ХУУЛИЙН ТӨСЛҮҮДИЙГ ХЭЛЭЛЦЭХ ЭСЭХ ТАЛААР ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРООНООС ГАРСАН САНАЛ, ДҮГНЭЛТ

2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр
Улаанбаатар хот

Илтгэгч нь: Улсын Их Хурлын гишүүн
Д.Ганбат

Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,

Улсын Их Хурлын гишүүн Ш.Түвдэндорж нарын нэр бүхий гишүүдээс 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг Хууль зүйн байнгын хороо 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцоно.” гэж заасан Үндсэн хуулийн үзэл баримтлалтай нийцүүлэх үүднээс Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн шалгах албаны хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулж байгаа авлига, албан тушаалын болон мөнгө угаах гэмт хэргийг авлигатай тэмцэх байгууллагын харьяалалд, бусад ахуйн чанартай гэмт хэргийг цагдаагийн байгууллагын харьяалалд тус тус шилжүүлэхээр хуулийн төсөлд тусгажээ.

Байнгын хорооны хуралдаанаар дээрх хуулийн төслүүдийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн С.Баярцогт Эрүүгийн хуульд заасан төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулах гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэрэг учраас цагдаагийн байгууллагад шилжүүлэх эсэх асуудлыг анхны хэлэлцүүлгийг хийх үед анхаарах нь зүйтэй гэсэн саналыг гаргасан болно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн болно.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх талаар Хууль зүйн байнгын хорооноос гарсан санал, дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгнө үү.

Анхаарал тавьсанд баярлалаа.




ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН
ХОРООНЫ ДАРГА Ш.ТҮВДЭНДОРЖ
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл