Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлаар Төсвийн байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлт
2012 оны 12 дугаар Улаанбаатар
сарын 11-ний өдөр хот
Илтгэгч нь: Улсын Их Хурлын гишүүн
С.ОЮУН
Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,
Монгол Улсын Засгийн газраас Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг 2012 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Улсын Их Хуралд нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн билээ.
Уг хуулийн төслийн хэлэлцэх эсэх тухай асуудлыг Төсвийн байнгын хороо 2012 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ.
Хүний хөгжил сангийн 2012 оны төсөв 336.5 тэрбум төгрөгийн алдагдалтай байхаар Хүний хөгжил сангийн 2012 оны төсвийн тухай хууль батлагдсан байна. юм. Энэ алдагдлын 23.5 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг оны эхний мөнгөн хөрөнгийн үлдэгдлээр, үлдэх 313.1 тэрбум төгрөгийг Засгийн газрын үнэт цаас гаргаж нөхөх нь зүйтэй гэж үзэж, сангийн тухайн жилийн алдагдлыг Засгийн газрын бонд, өрийн бичиг, зээл, үнэт цаас гарган санхүүжүүлж, үндсэн болон хүүгийн төлбөрийг сангаас төлөх эрх зүйн зохицуулалт хийхээр Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.
Мөн Хүний хөгжил сангийн тухай хуулийн Монгол Улсын иргэнд хишиг хувь хүртээх ангилалд “хүүхдийн мөнгө” гэсэн заалт нэмэх, тус сангаас хүүхдийн мөнгөнд төсөвлөгдсөн хөрөнгөөс тухайн жилд зарцуулагдаагүй үлдэгдлийг зөвхөн хүүхдийн хөгжлийг дэмжих зориулалтаар дараа жилийн төсвийн хөрөнгө оруулалтын арга хэмжээнд зарцуулдаг байх зохицуулалтыг төсөлд тусгасан байна.
Төслийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Ж.Эрдэнэбат энэ төсөл нь Хүний хөгжил сангийн алдагдлыг бонд гаргаж нөхөх замаар ахмад настнуудад өгөх 330.0 мянган төгрөгийн үлдэгдлийг санхүүжүүлэхээс гадна “хүүхдийн мөнгө”-тэй холбоотой гэдгийг тайлбарлах хэрэгтэй, Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн Хүний хөгжил сангийн төсөвт дутагдаж байсан эх үүсвэрийг нөхөх зорилгоор Монгол банкнаас авсан зээлийн эргэн төлөх хугацаа тулсан байгаа тул энэ хуулийн төслийг хэлэлцэж батлах нь зүйтэй гэсэн санал хэлсэн болно.
Хүний хөгжил сангийн тухай хуулийн 19.2-т заасны дагуу уг хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэдэг томьёоллоор санал хураахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёр нь буюу дийлэнхи олонхи нь төслийг хэлэлцэхийг дэмжсэн болно.
Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх тухай асуудлаар тус Байнгын хорооноос гаргасан санал дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгнө үү.
Анхаарал тавьсанд баярлалаа.
ТӨСВИЙН БАЙНГЫН
ХОРООНЫ ДАРГА Ц.ДАВААСҮРЭН