"Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай" УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлаар Төсвийн байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлт
2012 оны 12 дугаар Улаанбаатар
сарын 11-ний өдөр хот
Илтгэгч нь: Улсын Их Хурлын гишүүн
С.ГАНБААТАР
Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,
Монгол Улсын Засгийн газраас “Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг 2012 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Улсын Их Хуралд нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн билээ.
Уг тогтоолын төслийн хэлэлцэх эсэх тухай асуудлыг Төсвийн байнгын хороо 2012 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ.
2012 онд Хүний хөгжил сангийн төсөв 336.5 тэрбум төгрөгийн алдагдалтай байгаа юм. Энэ алдагдлын 23.5 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг оны эхний мөнгөн хөрөнгийн үлдэгдлээр, үлдэх 313.1 тэрбум төгрөгийг Засгийн газрын үнэт цаас гаргаж нөхөх нь зүйтэй гэж төсөл санаачлагч үзэж төслийг боловсруулжээ.
Төслийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар Засгийн газрын үнэт цаас гаргах бэлтгэл бүрэн хангагдсан, зарцуулалт бодитой үр дүнтэй байх ёстой, учир нь эргэж төлөгдөх зээл гэдгийг Засгийн газар анхаарах, энэ бондыг гаргах болсон талаар хийсэн судалгаа, мэдээллээр Улсын Их Хурлын гишүүдийг нэн яаралтай хангах хэрэгтэй байна гэсэн санал хэлсэн болно.
“Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулан хэлэлцэх нь зүйтэй гэж хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь үзсэн болно.
“Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх тухай асуудлаар тус Байнгын хорооноос гаргасан санал дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгнө үү.
Анхаарал тавьсанд баярлалаа.
ТӨСВИЙН БАЙНГЫН
ХОРООНЫ ДАРГА Ц.ДАВААСҮРЭН