Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2019 оны 18 дугаарын тойм

Эмхэтгэлийн шинэ дугаарт Нэмэлт протокол соёрхон батлах тухай хуулийг Дэлхийн шуудан холбооны дүрмийн 9 дүгээр нэмэлт протоколын хамт нийтэлжээ.


Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, Монголын үндэсний Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилох тухай, Монголын үндэсний Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх тухай, Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай     Монгол Улсын Их Хурлын тогтоолуудыг нийтэлсэн байна.

Түүнчлэн Зэрэг дэв олгох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигуудыг нийтэлсэн бөгөөд Монгол Улсын Ерөнхий прокурор Банзрагчийн Жаргалсайханд Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөхийн зэрэг дэв, Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогч Максимын Чинбатад Төрийн хууль цаазын шадар зөвлөхийн зэрэг дэв, Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогч Содонгийн Алиманцэцэгт Төрийн хууль цаазын шадар зөвлөхийн зэрэг дэв олгосон байна.

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлд Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай, Нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолуудыг нийтэлсэн байна.

Дээрх тогтоолоор Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн тэтгэврийг 24,000 (хорин дөрвөн мянган) төгрөгөөр нэмэгдүүлж, Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа бүрэн тэтгэврийн болон цэргийн тэтгэврийн доод хэмжээг 310,000 (гурван зуун арван мянган) төгрөгөөр, нийгмийн даатгалын сангаас олгож байгаа хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээг 270,000 (хоёр зуун далан мянган) төгрөгөөр тус тус шинэчлэн тогтоосон юм.

Мөн Нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг сард 174,000 (нэг зуун далан дөрвөн мянган) төгрөгөөр, асаргааны тэтгэмжийн хэмжээг сард 76,000 (далан зургаан мянган) төгрөгөөр тус тус тогтоон мөрдөж эхэлсэн байна.

Эмхэтгэлийн шинэ дугаарт “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн    дүрэм”, “Стратеги төлөвлөгөө боловсруулах, батлах, хэрэгжилтийг хангах журам”-ыг баталсан Засгийн газрын Дүрэм батлах тухай, Журам батлах тухай Засгийн газрын 33, 36 дугаар тогтоолуудыг нийтэлжээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл