Цэс

Холбоо барих

ЭЗБХ: Нээлттэй сонсгол зохион байгуулахыг дэмжлээ

    УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2019.05.07) хуралдаан 10 цаг 49 минутад 57.9 хувийн ирцтэй эхлэв. Хуралдаанаар таван асуудлыг хэлэлцэхээр товлосныг хуралдаан даргалагч Б.Баттөмөр гишүүн танилцуулав. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, О.Баасанхүү, Д.Тэрбишдагва, Х.Болорчулуун, Г.Тэмүүлэн, М.Оюунчимэг нар үг хэлж байр сууриа илэрхийлэв. УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий” УИХ-ын ажлын хэсгийн явцын мэдээллийг сонсохоос өмнө өнөөдөр тараагдсан зарим материалтай танилцах шаардлагатай тул уг асуудлын хэлэлцүүлгийг хойшлуулах горимын санал гаргалаа. Энэ дагуу санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 14 гишүүний 71.4 хувь нь дэмжсэн юм. Ийнхүү өнөөдрийн хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэхээр боллоо. 

Хэмжил зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

    Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэхэд хэмжил зүйн бодлогоор дэмжлэг үзүүлэх эрх зүйн үндсийг тогтоож, хэмжил зүйн чилэлээр хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалахад чиглэсэн харилцааг зохицуулах зорилго бүхий Хэмжил зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагва танилцуулсан. Төслүүдийн анхны хэлэлцүүлгийг 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хийж, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлжээ. Ажлын хэсэг төслийн анхны хэлэлцүүлгийг нэгдсэн хуралдаанаар хийхэд дэмжигдсэн саналыг төсөлд тусгаж, үг хэллэг, найруулга, хууль зүйн техникийн засваруудыг хийсэн төслийн эцсийн хувилбарыг бэлтгэжээ. Түүнчлэн нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлэг хийх үед гишүүдийн олонхын дэмжлэг авч чадаагүй төслийн 11.2 дахь хэсэгтэй холбоотой 8 дахь зарчмын зөрүүтэй саналыг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23.2.3 дахь заалтыг дагуу дахин санал хураалгах нь зүйтэй хэмээн ажлын хэсэг үзсэн байна. 


    Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Ц.Гарамжав нар асуулт асууж, хариулт авлаа. Дараа нь ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явуулан шийдвэрлэв. 

    Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар 23.5-д “Төслийн анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй санал нь бусад хуулийн заалттай зөрчилдвөл Байнгын хороо эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хамтад нь хэлэлцүүлж болно” гэсний дагуу Эдийн засгийн байнгын хорооноос төслүүдийг боловсруулсан байна. Энэ талаар УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагва танилцууллаа. 


    Хэмжил зүйн хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсантай холбогдсон шилжилтийн хугацааны зохицуулалтыг тусгасан Хэмжил зүйн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг боловсруулжээ. Үүнд хэмжих хэрэгслийн загварын туршилт, шалгалтын баталгаажуулалт, шалгалт тохируулгын ажлыг 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хэмжил зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага гүйцэтгэхээр тусгасан байна. Хэмжил зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дагаж мөрдөхөөс өмнө тухайн үед мөрдөгдөж байсан хууль тогтоомжийн дагуу олгосон хэмжих хэрэгслийг үйлдвэрлэх, суурилуулах, засварлах, худалдах тусгай зөвшөөрөл уг зөвшөөрөлд заасан хугацаанд хүчин төгөлдөр байх бөгөөд уг тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийг хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгэх юм байна. Хэмжил зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх явцад зөвхөн хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгүүлсэн хэмжих хэрэгслийг хүн, мал эмнэлгийн оношлогоо, эмчилгээ, улсыг батлан хамгаалах, аюулгүй байдлыг хангах, байгаль орчныг хамгаалах болон худалдаа, үйлчилгээний зориулалтаар үйлдвэрлэх, импортлох, суурилуулах, засварлах үүргийг аж ахуйн нэгж, байгууллагад хүлээлгэсэн заалт нэмэх зарчмын зөрүүтэй санал дэмжигдсэн. Аж ахуйн нэгж, байгууллага энэ үүргээ биелүүлээгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлагын тусгасан Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан гэв. 

    Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Я.Содбаатар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авлаа. Улсын хэмжээнд хэмжих хэрэгслийг үйлдвэрлэх, суурилуулах, засварлах, худалдах тусгай зөвшөөрөл бүхий 155 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг бөгөөд эрх зүйн орчны өөрчлөлттэй холбоотойгоор аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хүндрэл учруулахгүй байх тал дээр анхаарч ажиллахыг тэрбээр сануулаад төсөлтэй холбоотой зарим саналыг гаргав. 

    Ийнхүү төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, батлуулахыг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. 


УИХ-ын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулахыг дэмжив 

    Хуралдаанаар үргэлжлүүлэн “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 64 дүгээр тогтоолд нэмэлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Ажлын хэсгийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцуулав. Уг тогтоолын төсөлд Нарийн сухайт-Шивээ хүрэн чиглэлийн төмөр замын суурь бүтцийг барьж, Нарийн сухайтын орд газраас уул уурхайн бүтээгдэхүүнийг төмөр замаар тээвэрлэж, экспортлох шинэ гарцыг нээснээр манай улсын нүүрсний экспортын зах зээл тэлж хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадал 3 дахин нэмэгдэх аж. Тээврийн өртөг 2-4 дахин буурахын зэрэгцээ хүрээлэн буй орчин, аюулгүй ажиллагааны нөхцөл сайжрах зэрэг олон талын ач холбогдолтойг танилцуулгад дурдав. 


    УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, М.Оюунчимэг нар ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, хариулт авлаа. Тавантолгой-Гашуунсухайтаас баруун тийш 46.2 км уурхайн зориулалттай төмөр замын царигийн асуудлыг шийдвэрлэхээр төсөлд тусгасан бөгөөд тус ордод олборлолт хийж буй 6 компани хамтран бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх юм байна. Холбогдох шийдвэр гарсан тохиолдолд төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг 6 сарын хугацаанд хийж гүйцэтгэх боломжтой гэлээ. 

    Төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, Д.Эрдэнэбат нар байр сууриа илэрхийлж, санал хэлсэн бол УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ уул уурхайн экспортыг нэмэгдүүлэх ач холбогдол бүхий шийдвэр гаргах тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргав. Энэ дагуу санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 90 хувь нь дэмжлээ. Иймд энэ талаар Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов. 

Нээлттэй сонсгол зохион байгуулахыг дэмжив

    УИХ-ын гишүүн Н.Учрал 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Төвлөрлийг сааруулж, шийдвэр гаргахад бүх талын оролцоог нэмэгдүүлэх, тодорхой болгох, төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагын түншлэлийг хангах, төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшил, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх харилцаанд тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэх зорилготой тус хуулийн төслөөр нийтийн сонсгол зохион байгуулах саналыг тэрбээр 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлсэн байна. Нийтийн сонсголын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-т “Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслийн сонсгол хийх хүсэлтээ иргэн, хуулийн этгээд тухайн асуудал эрхэлсэн Байнгын болон дэд хороонд хандан гаргана” хэмээн заажээ.


Нийтийн сонсголын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “Хууль тогтоомжийн төслийн сонсгол явуулахаар бол тухайн Байнгын хорооны нийт гишүүдийн гуравны нэгээс доошгүйн саналаар шийдвэрлэнэ” гэсний дагуу өнөөдрийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцсэн бөгөөд УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Д.Эрдэнэбат, Д.Тэрбишдагва, Ж.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, төсөл санаачлагчаас хариулт авлаа. Ингээд 4 бүлэгтэй бөгөөд мэргэжлийн нэгдсэн холбооны тогтолцоо, зохион байгуулалт, чиг үүрэгт түүний үйл ажиллагаа болон гишүүдэд тавигдах шаардлагыг тодорхойлж, гишүүнчлэлийн дийлэнх олонх нь мэргэшсэн төрийн бус байгууллага, хувь хүн байхаар тусгажээ. Түүнчлэн тодорхой салбарын хэмжээнд нэг мэргэжлийн холбоо үйл ажиллагаа явуулах ба оноосон нэрний ард “МНХ” гэсэн тодотголтой байх, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн байдлыг баталгаажуулахын тулд тухайн холбоо нь улсын бүртгэлд бүртгүүлэхээсээ өмнө салбарын яамандаа холбогдох материалыг хүргүүлж, Сайдын зөвлөлөөр зөвшөөрөл олгох, эсэхээ шийдвэрлэсний дараа улсын бүртгэлд бүртгүүлсэн байх зохицуулалтыг төсөлд тусгасан болохыг Н.Учрал гишүүн танилцуулав. Мөн мэргэжлийн нэгдсэн холбоо, төр хоорондын хамтын ажиллагааны чиглэлийг тусгаж, энэ хүрээнд төрөөс мэргэжлийн нэгдсэн холбооны үйл ажиллагааг дэмжиж, хамтран ажиллах зэрэг зохицуулалт багтсан болохыг тэрбээр дэлгэрэнгүй тайлбарласан. 

    Ийнхүү Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслөөр нээлттэй сонсгол зохион байгуулахыг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 61.5 хувь нь дэмжив. 

Байнгын хорооны даргаар Ж.Ганбаатарыг сонгохыг дэмжлээ

    Хуралдааны төгсгөлд Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ. Монгол Улсын Их Хурлын тухай болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу Байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарыг нэр дэвшүүлж буй талаар УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн танилцуулав. УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар эдийн засагч, хуульч мэргэжилтэй. 2016 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа бөгөөд 2016 оноос Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны даргаар ажиллаж байгаа юм. 


Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6-д “Улсын Их Хурлын дарга, дэд дарга, Байнгын, дэд, түр хорооны дарга, Улсын Их Хурлын сонгуульт бусад удирдах албан тушаалд сонгогдох, тэдгээрт өөрийн нэрээ дэвшүүлэх” хэмээн заасан байдаг бөгөөд энэ дагуу Эдийн засгийн байнгын хорооны даргад нэрээ дэвшүүлэх гишүүн бий эсэхийг хуралдаан даргалагч Б.Баттөмөр гишүүн лавлав. Гишүүдээс санал гараагүй, ингээд Байнгын хорооны даргад нэр дэвшигч УИХ-ын гишүүн Ж.Ганбаатараас УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва асуулт асууж, Байнгын хорооны үйл ажиллагааны талаарх байр суурийг нь тодруулсан бол УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Б.Баттөмөр нар эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэл, эдийн засгийн дотоод, гадаад бодлого тэргүүтэй өргөн хүрээний асуудлыг эрхэлдэг Эдийн засгийн байнгын хорооны үйл ажиллагаатай холбоотой санал хэлсэн.


Дараа нь Эдийн засгийн байнгын хорооны даргаар Ж.Ганбаатар гишүүнийг сонгохыг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр дэмжсэн юм. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл