Цэс

Холбоо барих

Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил, үйлчилгээ хувиараа эрхлэгч иргэний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх талаар Хууль зүйн байнгын хорооноос гарсан санал, дүгнэлт

2014 оны 01 дүгээр Улаанбаатар
сарын 08-ны өдөр хот

Илтгэгч нь: Улсын Их Хурлын гишүүн
Б.Бат-Эрдэнэ

Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын Засгийн газраас 2014 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил, үйлчилгээ хувиараа эрхлэгч иргэний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг Хууль зүйн байнгын хороо 2014 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ.

Монгол Улсад банк санхүүгийн тогтолцоо хөгжиж, гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэхийн хэрээр түүний тогтвортой байдлыг хангах, хууль бус хөрөнгийг илрүүлэх, таслан зогсоох, битүүмжлэх, хураах талаарх хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгох шаардлагатай байна.

Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагын зөвлөмжийг биелүүлээгүй тохиолдолд хар жагсаалтад орж Монгол Улсын банк, санхүүгийн олон улсын харилцаанд саатал үүсэж гүйлгээ, мөнгөн гуйвуулга, төлбөр тооцоо саатах, гадаад худалдаа удаашрах зэргээр эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэхийг харгалзан үзэж Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Мөн дээрх зөвлөмжид үндэслэн Орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил, үйлчилгээ хувиараа эрхлэгч иргэний орлогын албан татварын тухай хуульд заасан Валютын худалдаа эрхлэх талаарх зохицуулалтыг хүчингүй болгож, зөвхөн тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдээр валютын гүйлгээ эрхлүүлэхээр тусгасан байна.

Байнгын хорооны хуралдаанаар дээрх хуулийн төслүүдийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Д.Лүндээжанцан, Ц.Оюунбаатар З.Энхболд нар хэлэлцэх эсэхийг зарчмын хувьд дэмжиж, Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхтэй холбоотой асуудалд бол хуулийн этгээдэд хариуцлага хүлээлгэж болох юм харин холбогдох албаны хүмүүс Монгол Улсын хууль, тогтоомжийг Олон улсын байгууллагад тайлбарлан таниулах ажлыг хийх шаардлагатай, Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунбаатар хуулийн этгээдийг гэмт хэргийн субьект гэхээр зөрчилтэй асуудал үүсэх магадлалтай ба ул суурьтай судалж, судалгааны үндсэн дээр Гэмт хэргийн тухай хуулийг хэлэлцэх үед хамтад нь хэлэлцүүлэх саналыг тус тус гаргаж байсан болно.

Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил, үйлчилгээ хувиараа эрхлэгч иргэний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил, үйлчилгээ хувиараа эрхлэгч иргэний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх талаар Хууль зүйн байнгын хорооноос гарсан санал, дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг Та бүхнээс хүсье.

Анхаарал тавьсанд баярлалаа.




ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН
ХОРООНЫ ДАРГА Ш.ТҮВДЭНДОРЖ
Нэр Файл
Хавсралт файл Файл татах
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл