Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан (2019.05.08) 12 цаг 42 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэлж, Байнгын хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцсэн.
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсэгт “Байнгын хороог Улсын Их Хурлаас нэг жилийн хугацаагаар сонгосон дарга тэргүүлнэ”, мөн хуулийн 22.4 дэх хэсэгт “Байнгын хорооны даргыг тухайн хорооны гишүүдээс сонгох бөгөөд түүнийг улируулан сонгож болно” гэж тус тус заасан байдаг.
Тус байнгын хорооны даргад Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулууны нэрийг дэвшүүлсэн байна.
Нэр дэвшигчийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, Улсын Их Хурлын тухай хууль, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу Х.Болорчулууныг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар сонгохыг бүлгийн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Хаянгаагийн Болорчулуун нь 1964 онд төрсөн, Хүнс хөдөө аж ахуйн дээд сургуулийг агрономич мэргэжлээр төгссөн. 1987-1992 он хүртэл Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар, Булган суманд мэргэжлээрээ ажиллаж байгаад 1992-2012 он хүртэл хувийн хэвшилд ажилласан. УИХ-д хоёр удаа сонгогдсон, Алтангадас, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнагдсан хэмээн дурдлаа.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва, А.Сүхбат нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлсний дараа Байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулууныг сонгохоор нэр дэвшүүүлэхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 76.9 хувь нь дэмжсэн. Энэ талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.Сүхбат чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.