Цэс

Холбоо барих

Л.Өлзийсайханыг Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилуулах саналыг дэмжлээ

            

               Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2019.05.08) хуралдаан 14 цаг 36 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргыг чөлөөлж, томилох асуудлыг хэлэлцэж дэмжлээ.

            Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Тамгын газрыг хууль зүй, улс төрийн өндөр мэргэшил бүхий Ерөнхий нарийн бичгийн дарга удирдах бөгөөд түүнийг Улсын Их Хурлын даргын санал болгосны дагуу Улсын Их Хурал томилж, чөлөөлнө” гэж заасан. Энэ дагуу Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Байнгын хорооны хуралдаанд танилцуулга хийсэн юм.


            Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон нь өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг бичгээр гаргасан тул Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргыг шинээр томилох шаардлагатай болсон. Иймээс Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нариын бичгийн даргаар Лувсандоржийн Өлзийсайханыг томилуулахаар санал болгож буйгаа Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар танилцуулав.

            Нэр дэвшигч Л.Өлзийсайхан нь 1975 онд Дархан хотод төрсөн. 1998 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсөж, 1999 онд хууль зүйн ухааны магистр хамгаалжээ.


Тэрбээр 1998-2002 онд МУБИС, 2002-2015 он хүртэл МУИС-ийн Хууль зүйн сургуульд багш, ахлах багш, 2007-2012 онд Улсын Их Хурлын Тамгын газрын Эрх зүй, хууль тогтоомжийн хэлтэст зөвлөх, ахлах зөвлөх, 2012 онд Улсын Их Хурлын даргын Хууль зүйн бодлогын зөвлөх, 2013-2015 онд Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албанд газрын дарга, 2015-2017 онд шүүгч, 2017-2018 онд Улсын Их Хурлын Тамгын газарт Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх, 2018-2019 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт газрын даргаар тус тус ажиллаж байсан. 2019 оноос Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөхөөр ажиллаж байгаа.

            Л.Өлзийсайхан нь төрийн албанд 21 жил, үүнээс 8 жилд нь Улсын Их Хурлын Тамгын газарт ажиллаж байгаа дадлага туршлагатай төрийн албан хаагч бөгөөд хуульд заасан шалгуур, шаардлагыг бүрэн хангаж байгаа. Цаг үеийн болон албан ажлын шаардлагыг харгалзан түүнийг Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд томилуулах саналтай байна гэдгээ Улсын Их Хурлын дарга танилцуулгадаа онцолж байв.


            Нэр дэвшигчийн талаарх Улсын Их Хурлын даргын танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа асуулт асууж тодруулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, О.Содбилэг, Д.Хаянхярваа, Д.Лүндээжанцан нар үг хэлж нэр дэвшигчийг дэмжиж буйгаа илэрхийлэн Тамгын газрын үйл ажиллагаанд цаашид анхаарах асуудлын талаар саналаа хэлсэн юм.

Ингээд санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон 13 гишүүн санал нэгтэйгээр Лувсандоржийн Өлзийсайханыг Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилохыг дэмжив. Мөн Цэдэвийн Цолмонг Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг ажлаас чөлөөлөхийг гишүүдийн олонх нь дэмжсэн юм.

Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргыг томилж, чөлөөлөх асуудлыг чуулганы маргаашийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэх юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл