Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2019.05.10) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 23 минутад эхэлж, хоёр асуудал хэлэлцлээ.
Хуралдааны эхэнд Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, Ажлын хэсэг болон Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолол бүрээр санал хураалт явуулсан. Тухайлбал, төслийн 1 дүгээр зүйлийн 2 дахь заалтын 7.5 дахь хэсгийг “Монголын Нотариатчдын Танхим нотариатын тойрог, түүнд ажиллах нотариатчийн тоог тогтоох саналаа тухайн нутаг дэвсгэрийн хүн амын тоо, нийгмийн хэрэгцээ, шаардлага, нотариатч үйлчилгээний хөлс, орлогоор санхүүжин ажиллах боломж зэргийг харгалзан гаргана.” гэж өөрчлөн найруулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувь нь дэмжив. Мөн төслийн 1 дүгээр зүйлийн 15 дахь заалтад 25\3 “Нотариатын цахим мэдээллийн санд мэдээллийг хүлээн авах, хадгалах, ашиглах, түүний аюулгүй байдлыг хангах журмыг Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.” гэсэн хэсэг, төслийн 3 дугаар зүйлд 2 дахь заалт “2/6 дугаар зүйлийн 6.1.2. “ял шийтгүүлж байгаагүй;” гэсэн заалт нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 82.9 хувь нь тус тус дэмжсэн.
Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Д.Дамба-Очир нарын зүгээс төслийн 3 дугаар зүйлийн 3 дахь заалтыг “7.3.Үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг бусдад шилжүүлэхтэй холбогдсон аливаа хэлцлийг зөвхөн тухайн эд хөрөнгө байгаа тойргийн нотариатч гэрчилнэ.” гэж өөрчлөн найруулсан нь иргэдэд хүрэх төрийн үйлчилгээнд хүндрэл, чирэгдэл гарахад анхаарах шаардлагатай хэмээн байр сууриа илэрхийлсэн. УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Улаанбаатар хот нэг тойрог учраас Баянзүрх дүүргийн иргэн үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг бусдад шилжүүлэхдээ Хан-Уул дүүргийн нотариатчаар гэрчлүүлж болно. Энэ заалт нь хөдөө, сумдын тойрогт эрх авсан нотариатчид хотод үйлчилгээ явуулж, тойргийн тэнцвэр алдагдуулахгүйн тулд ингэж өөрчлөн найруулсан гэж байлаа. Ажлын хэсгийн уг саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.
Харин төслийн 3 дугаар зүйлийн 4 дэх заалтын 8.6 дахь хэсгийг “Танхимын дэргэд нотариатч хууль болон нотариатчийн мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн эсэхийг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий Сахилгын зөвлөл ажиллана. Сахилгын зөвлөлийн гишүүдийг дөрвөн жилийн хугацаатай сонгох бөгөөд улируулан сонгохгүй.” гэж өөрчлөн найруулах Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдоржийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь дэмжсэнгүй.
Үргэлжлүүлэн Хууль зүйн байнгын хорооны дэмжээгүй дөрвөн саналын томьёоллоор санал хураалт явууллаа. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармаа, О.Баасанхүү, М.Билэгт, Д.Дамба-Очир нарын гишүүд нотариатчийн насны хязгаарыг заасан саналыг босгох шаардлагатай. Нотариатч төрийн бус байгуулагын гишүүн, төрөөс цалинждаггүй бөгөөд ажил, амьдралын туршлагатай ахмадуудаа насаар нь ялгаварлан гадуурхах нь буруу гэсэн байр суурийг илэрхийлж байлаа. Ингээд төслийн 1 дүгээр зүйлийн 7 дахь заалтын 19.3 дахь хэсгийн “Төрийн албаны тухай хуульд заасан төрийн жинхэнэ албан хаагчийн насны дээд хязгаартай адил гэснийг “70 нас” гэж өөрчлөн найруулах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Ц.Гарамжав нар төслийн 3 дугаар зүйлийн 4 дэх заалтын 8.3 дахь “Танхимын ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа хоёр жил байх бөгөөд түүнийг улируулан сонгохгүй” гэсэн нь нотариатын байгууллагын бодлого, үйл ажиллагааг тогтворгүй болгох, улстөржүүлэх эрсдэл үүсгэнэ гэж Х.Нямбаатар, Ц.Нямдорж нарын гишүүд байр суриа илэрхийлсэн. Иймд Улсын Их Хурлын гишүүн Л.Болд гаргасан саналаа татлаа.
Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдоржийн төслийн 3 дугаар зүйлийн 4 дэх заалтын 8.3 дахь хэсгийн “Танхимын ерөнхийлөгчийг нэг удаа улируулан сонгож болох бөгөөд” гэснийг “Танхимын ерөнхийлөгчийг улируулан сонгохгүй бөгөөд" гэж өөрчлөх, Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарийн төслийн 3 дугаар зүйлийн 8 дахь заалтын 16.2.1 дэх заалтын “газрын дарга” гэсний дараа эсхүл тус газрын хуулийн мэргэжилтэн” гэж нэмэх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 69.8 хувь нь тус тус дэмжсэн.
Ингээд эхэнд Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.
Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн тайланг үргэлжлүүлэн хэлэлцлээ
Дараа нь Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн тайлангийн хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. Засгийн газраас Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн чиглэлийн 5 бодлого, 18 зорилт, нийт 136 арга хэмжээний биелэлтийг 2018 оны жилийн эцсийн байдлаар үнэлэхэд биелэлт нь 76.7 хувьтай гэж үзсэн бол Эдийн засгийн байнгын хороо уг үндсэн чиглэлийн биелэлтийг 68.4 хувь гэж дүгнэсэн. Хуралдаанд Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн болон холбогдох яам, агентлагын удирдлагууд оролцсон.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Содбилэг, С.Бямбацогт, Д.Эрдэнэбат, Л.Болд, Ц.Цогзолмаа нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийллээ. Гишүүдийн зүгээс цаашид үндсэн чиглэлийн төслийг боловсруулахдаа хүрэх түвшин, шалгуур үзүүлэлтийг бодитой тогтоож, бэлтгэл ажил хангагдаагүй, хөрөнгийн эх үүсвэр тодорхой бус зорилт, арга хэмжээг нэмж тусгахгүй байхад анхаарах шаардлагатай гэж байлаа. Мөн үндсэн чиглэлд туссан зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардлагатай улсын төсөв болон санхүүжилтийн бусад эх үүсвэрийн тооцоог бодитой хийх, Улсын Их Хурал цаашид үндсэн чиглэлээ батлахдаа бодлогын бичиг баримтуудтай уялдуулахад анхаарах нь зүйтэй гэж байсан. Тухайлбал, үндсэн чиглэлийн зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхэд улсын төсвийн 772.0 тэрбум төгрөгийн хөрөнгийн эх үүсвэр шаардлагатай гэж баримт бичигт тусгасан атлаа гүйцэтгэлээр 62.4 хувь буюу 4,847.9 тэрбум төгрөг зарцуулагдсан байна. Иймд Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг баталсны дараа улсын төсвийг уялдуулан батлахгүй бол үндсэн чиглэл нь хөрөнгийн эх үүсвэргүй хоосон цаас болох тул энэ асуудалд УИХ нухацтай хандаж, хэлэлцэх шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийлж байлаа. Ингээд үдийн завсарлага болсон тул Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн тайланг үдээс хойших хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэхээр боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.