Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа
Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2019.05.09) үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар эхлээд Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм.
Хууль зүйн байнгын хороо энэ сарын 08-ны өдрийн хуралдаанаараа Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, анхны хэлэлцүүлгийн шатанд дэмжигдсэн зарчмын зөрүүтэй саналуудыг төсөлд нэмж тусган эцсийн хувилбарыг бэлтгэж, төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулах нь зүйтэй гэж үзжээ.
Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Л.Болд, Ж.Бат-Эрдэнэ, Д.Тогтохсүрэн, Д.Лүндээжанцан нар асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлэв. Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд төрийн захиргааны төв болон төрийн захиргааны бусад байгууллага, нутгийн захиргааны байгууллагын шийдвэрийг хамааруулахаар хэт өргөн хүрээтэй асуудлыг оруулсан байсныг төр, иргэний тэнцвэртэй байдлыг алдагдуулахгүй байх үүднээс асуудлын хүрээг хумьж, зөвхөн хоёр тохиолдолд хамаарах Засгийн газрын шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн үйлчлэлд хамаарахгүй байхаар гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй санал дэмжигдсэн. Энэ нь нэг талаар 2005 оны Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг бодит ажил хэрэг болгох, нөгөө талаар гүйцэтгэх засаглалд төрийн бодлогын үндсэн дээр чиглэл өгсөн Улсын Их Хурлын шийдвэрийг цогцоор нь хэрэгжүүлэх боломж олгоход чиглэж байгаа юм гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар гишүүдийн асуултад өгсөн хариултдаа дурдав.
Тиймээс Улсын Их Хурлаас гаргасан улс төрийн шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газраас гаргасан батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогыг хэрэгжүүлэхтэй холбоотой шийдвэр, Улсын Их Хурлаас төрийн өмчийн хувьчлал, ашигт малтмал, байгалийн нөөцийн удирдлага зэрэг асуудлаар төрийн бодлогын үндсийг тодорхойлсонтой холбоотойгоор, тэдгээрийг хэрэгжүүлж буй шийдвэр, үйл ажиллагаа зэрэг нь Захиргааны ерөнхий хуулийн үйлчлэлд хамаарахгүй байхаар хуулийн төслийн зохих заалтыг өөрчлөн найруулахаар тусгасан байна.
Ингээд санал хураалт явуулж, Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 52.6 хувийн, уг хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг гишүүдийн 54.8 хувийн саалаар бүхэлд нь баталлаа.
Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв
Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал нарын нэр бүхий есөн гишүүн санаачлан боловсруулж өргөн мэдүүлсэн Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн хэлэлцэх эсэх тухай асуудлыг хэлэлцлээ. Төсөл санаачлагч гишүүдийг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг танилцуулсан юм.
Монгол Улсын Үндсэн хууль болон төрийн бодлогын баримт бичгүүдэд тусгагдсан оюуны өмчийг хамгаалах, урамшуулах бодлогыг хэрэгжүүлэхээр Патентийн тухай хууль, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль, Инновацийн тухай хууль, Технологи дамжуулах тухай хуулийг Улсын Их Хурлаас тус тус баталсан. Эдгээр хуулийн дагуу патент, гэрчилгээ олгож, зохиогчийн эрх үүсэж байгаа боловч патент, гэрчилгээ болон зохиогчийн эрх эзэмшигч нь оюуны өмчийн үр шимийг тэр бүр хүртэж чадахгүй байна. Монгол Улсад 1963 оноос өнөөг хүртэл шинэ бүтээлийн 4600 патент, ашигтай загварын 2792 гэрчилгээ, бүтээгдэхүүний загварын 2711патент олгогдсон төдийгүй үндэсний мэдүүлгээр 17740, Барааны тэмдгийн олон улсын бүртгэлийн тухай Мадридын хэлэлцээр, Протоколын дагуу 40000 барааны тэмдэг, зохиогчийн эрхийн 9300 бүтээл бүртгэгдэж, гэрчилгээ олгогджээ.
Монгол Улсын хувьд боловсруулах үйлдвэрлэл, мэдээлэл холбоо, боловсрол, шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагаа, урлаг үзвэр зэрэг оюуны өмч түлхүү ашиглаж буй салбарууд 2017 оны байдлаар ДНБ-ий 12.5 хувийг эзэлж байна. Тус салбаруудын эзлэх хувь хэмжээ 2010 онтой харьцуулахад 2.5 хувиар буурсан байх бөгөөд бусад салбартай зэрэгцэн хөгжихгүй байгаа нь ажиглагдаж байна гэдгийг төсөл санаачлагч илтгэлдээ дурдав.
Монгол Улсын оюуны өмчийн салбарт мөрдөгдөж байгаа дээрх хуулиуд нь оюуны өмчийг төрөөс хамгаалах харилцааг голчлон зохицуулдаг ч хамгаалагдсан оюуны өмчийг хэрхэн эдийн засгийн эргэлтэд оруулж, үр шимийг нь хүртэхийг зохицуулаагүй байдаг. Энэ нь оюуны өмч нь патент, гэрчилгээ, хуулиар хамгаалагдсан ч эдийн засгийн үнэлэмж сул тул хуулийн этгээдэд оюуны өмчөөр хөрөнгө оруулах, оюуны өмчийн эрхээ барьцаалах, худалдах, тодорхой хугацаагаар бусдад ашиглуулах зэргээр иргэний эрх зүйн харилцаанд оролцоход эдийн хөрөнгөөс доогуур үнэлэгдэх бэрхшээлийг бий болгож байна.
Оюуны өмчийн байгууллагын эрх зүйн статус болон тус байгууллагын чиг үүргийг нэгдсэн байдлаар тодорхойлсон хууль байхгүй байна. Тиймээс оюуны өмчийн байгууллагын эрх зүйн статусыг тогтоож, бүрэн эрхийг зааж өгөх нь тус байгууллага үйл ажиллагаагаа хэвийн, тогтвортой явуулах, Дэлхийн оюуны өмчийн байгууллага зэрэг олон улсын байгууллагатай хамтын ажиллагаагаа хөгжүүлэхэд ач холбогдолтой. Түүнчлэн оюуны өмчийг үйлдвэрлэлд ашиглах ажиллагаа буюу инновацийн асуудал нь боловсрол, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний эрхлэх асуудлын хүрээнд байх нь бэрхшээл үүсгэж байгаа тул инновацийн асуудлыг аж үйлдвэрийн өмчийн асуудлыг хариуцдаг оюуны өмчийн байгууллагад нэг дор хариуцуулах нь зохистой хэмээн үзэж буйгаа хэллээ.
Түүнчлэн оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулахад эдгээрээс гадна оюуны өмчийн эдийн засгийн үнэ цэнийг тогтоох, оюуны өмчийн эрх эзэмшигч болон үйлдвэрлэгчийг хооронд нь холбох мэргэжлийн этгээд хэрэгтэй байна. Тиймээс оюуны өмчийн үнэлгээ болон зуучлалын үйл ажиллагаа эрхлэх этгээдүүдийг оюуны өмчийн байгууллагаас олгосон эрхийн үндсэн дээр үйл мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхээр зохицуулах шаардлага тулгарч байгаа учраас дээр дурдсан зайлшгүй зохицуулах шаардлагатай нөхцөл байдал, хэрэгцээнд тулгуурлан Оюуны өмчийн тухай хуулийн төслийг боловсруулсан гэдгээ танилцуулав.
Мөн уг хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Хууль зүйн байнгын хороо хуралдаанаараа хэлэлцээд дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм.
Ингээд хууль санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд төсөл санаачлагчаас асуулт асууж тодруулан үг хэлж байр сууриа илэрхийлсэн бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 69.6 хувь нь хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив. Иймээс хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэнд тооцож анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.
Хэмжил зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг бүхэлд нь баталлаа
Чуулганы нэгдсэн хуралдаанаар Хэмжил зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд- ийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх Эдийн засгийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр нэгдсэн хуралдаанд танилцуулав.
Хэмжил зүйн тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг өнгөрсөн 04 дүгээр сарын 26-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хийж, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн. Байнгын хороо дээрх хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх асуудлыг энэ сарын 07-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээд нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг тусган хуулийн төслийн эцсийн хувилбарыг бэлтгэжээ.
Нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үед загварын туршилтыг хэмжил зүйн агентлаг гүйцэтгэхээр тусгасныг хэмжил зүйн хүрээлэн болгож өөрчлөх зарчмын зөрүүтэй санал олонхын дэмжлэг авч чадаагүй. Загварын туршилт нь судалгаа, шинжилгээний чиглэлийн ажил бөгөөд хэмжил зүйн хүрээлэн гэдэг нь оноосон нэр биш, хэмжил зүйн судалгаа, шинжилгээний байгууллагын нийтлэг нэршил, олон улсад ч ийнхүү хүрээлэн гэж нэрлэдэг аж. Иймээс Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23.2.3 дахь заалтыг үндэслэн эцсийн хэлэлцүүлгээр хэмжих хэрэгслийн загварын туршилтыг хэмжил зүйн хүрээлэн гүйцэтгэх байдлаар төслийн 11.2 дахь хэсгийг өөрчлөх саналын томьёоллоор дахин санал хураалгах горимын саналыг ажлын хэсэг гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэн олонх нь дэмжсэн байна.
Түүнчлэн уг хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн талаарх анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган, үг хэллэг, найруулга, хууль зүйн техникийн засварууд хийжээ.
Ингээд Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт гараагүй тул хуулийн төслийн 11.2 дахь хэсгийн “хэмжил зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага эрхэлнэ” гэснийг “Хэмжил зүйн хүрээлэн гүйцэтгэнэ” гэж өөрчлөхөөр Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 54.8 хувь нь дэмжив. Түүнчлэн нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 63.4 хувийн саналаар Хэмжил зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг бүхэлд нь баталлаа. Мөн уг хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг гишүүдийн 65.9-69 хувийн саналаар бүхэлд нь баталсан юм.
Үргэлжлүүлэн Хэмжил зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан боловсруулсан Хэмжил зүйн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл болон Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Энэ талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар танилцуулав. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд ажлын хэсгийн ахлагчаас асуулт асууж тодруулан хариулт авсан юм.
Байнгын хороо уг хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргасныг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 71.8 хувь дэмжлээ. Иймээс Хэмжил зүйн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 69.2 хувь нь, Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бүхэлд нь батлахыг гишүүдийн 65.8 хувь нь тус тус дэмжиж, хуулийн төслүүд батлагдлаа.
Дараа нь Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Энэ талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм.
Засгийн газраас энэ оны 03 дугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг 04 дүгээр сарын 19-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн. Тус байнгын хороо хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатараар ахлуулан бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, Ж.Ганбаатар, Б.Дэлгэрсайхан, Л.Мөнхбаатар, Н.Оюундарь, Н.Учрал, Л.Энхболд болон холбогдох бусад албан тушаалтнууд орж ажиллажээ.
Байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төсөлтэй холбогдуулан ажлын хэсэг болон Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудыг нэг бүрчлэн хэлэлцэж шийдвэрлэн, холбогдох санал, дүгнэлтээ зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудын хамт чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтжээ.
Ингээд Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлсэн бөгөөд ажлын цаг дууссан тул хуралдаан даргалагч хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг маргаашийн үргэжлүүлэхээр чуулганы хуралдааныг өндөрлүүллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.