Цэс

Холбоо барих

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Т.Энхтүвшин нар өнөөдөр (2024.04.11) Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

 

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжтой нийцүүлэн боловсруулсан хэмээн төсөл санаачлагч Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж танилцуулав.

Тэрбээр, уул уурхайн салбар нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өсөлтөд томоохон үүрэг гүйцэтгэж байгаа чухал салбарын нэг. Улс орнууд дотоодын нийт бүтээгдэхүүн болон экспортоо нэмэгдүүлэх асуудлыг байнга анхаарлын төвдөө байлгаж боломжоо бүрэн  дүүрэн ашиглаж байна. Улс эх орноо хөгжүүлэх, дотоодын нийт бүтээгдэхүүн болон экспортоо нэмэгдүүлэхийн төлөө улс орон бүр байгаа боломжоо бүрэн  ашигладаг. Харин Монгол Улсын хувьд ийм боломжоо ашиглаж чадахгүй байна гэж дүгнэж болохоор байна.

Ашигт малтмалын тухай хуульд 2019 оны 3 дугаар сарын 26, 11 дүгээр сарын 22-нд орсон нэмэлт, өөрчлөлтөөр дээрх зорилтын амин сүнс, суурь бааз болох төмрийн болон жоншны  хүдэр баяжуулах, нүүрс угаах, бусад анхан шатны боловсруулалт хийж, нэмүү өртөг шингээн үйлдвэрлэж байгаа аж ахуйн нэгжид олоогүй орлогод өндөр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /АМНАТ/-ийг ногдуулснаар алдагдалтай ажиллаж, үйл ажиллагаагаа зогсоосон. Судалгаагаар 30 орчим үйлдвэр хаалгаа барьж, 1500 орчим хүн ажилгүй, бага агуулгатай төмрийн болон жоншны хүдэр эдийн засгийн эргэлтэд орохгүй болжээ.

Засгийн газрын 2019 оны 214-р тогтоолоор батлагдсан “Хүнд үйлдвэрийн хөгжлийн үндэсний хөтөлбөр”, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн “Хүнд үйлдвэрлэлийг хөгжүүлж, эрдэс түүхий эдийн боловсруулалтын түвшинг ахиулан, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх” зорилт, “Алсын хараа-2050” хөгжлийн хөтөлбөрийн “Хүнд үйлдвэрлэлийг хөгжүүлэх”, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын “Аж үйлдвэржилтийн сэргэлт”, Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Олборлолтоос-Боловсруулалтад” уриалгыг хэрэгжүүлэхийн тулд татварын оновчтой зөв бодлого явуулах шаардлагатай. Өнөөдөр Монгол улс ашигт малтмалынхаа 90 гаруй хувийг түүхийгээр нь экспортод гаргаж байгаа. Өнөөгийн төрийн бодлого хүнд үйлдвэр хөгжүүлэх, эрдэс түүхий эдийг гүн боловсруулах, “Олборлолтоос-Боловсруулалт”… зэрэг зорилгоосоо буцаж, байгалийн баялгаа чулуу шороотой нь тээвэрлэн түүхийгээр нь хямд үнээр гаргаж хилийн цаана байгаа баяжуулах, боловсруулах үйлдвэрүүдийг дэмжиж байна. Төмрийн болон жоншны хүдрийг эцсийн бүтээгдэхүүн болгож үйлдвэрлэснээр үнэлгээг хэдэн 10 дахин нэмэгдүүлэх боломж алдагдсаар байна.


Гэтэл Австрали, Канад, Бразил, ОХУ, БНХАУ-ын роялтийн бодлого нь олборлолтын шатанд ногдуулдаг, дотоодын үйлдвэрлэгч компаниудынхаа өрсөлдөх чадвар, дотоодын бусад чиглэлийн үйлдвэрлэлүүдээ дэмжих бодлоготой уялдаж байна. 

Бид уул уурхайн баялгаа баяжуулж, угааж, эцсийн бүтээгдэхүүн болгон экспортлох аваас валют олох маш их нөөц боломж байна. Иймд дотоодын экспортод бүтээгдэхүүн гаргадаг  үйлдвэрлэгчдээ дэмжихгүй, өрсөлдөх чадварыг бууруулж, ажлын байрыг үгүй болгож, ядуурлыг нэмэгдүүлсэн, валютын нөөцөө нэмэгдүүлэх боломжоо үгүй хийж байгаа бодлогоо нэн даруй засах шаардлагатай байна. АМНАТ бол нөхөн сэргээгдэшгүй байгалийн баялгийг олборлосны /баяжуулах/ төлөө заавал төлөх нэг удаагийн төлбөр юм. Дэлхий нийтэд энэ татварыг хүдэр, баяжмал, бүтээгдэхүүн үйлдвэрлэх аль нэг шатанд дахин авдаггүй. 

Эрдэнэт, Оюутолгой хүдрээ олборлолт хийж, баяжуулаад экспортлож буй бол АМНАТ-өө төлөх зүйн хэрэг. Харин АМНАТ шингэсэн, мөн НӨАТ-тай үнээр хүдэр, нүүрс худалдаж аваад экспортлоход дахин өндөр АМНАТ ногдуулж буй нь дэлхийн аль нэгэн улсад байхгүй зарчим юм. Ийнхүү давхардсан татвартай байгаа нөхцөлд баяжуулах үйлдвэрлэлийн салбарт дотоод гадаадын ямар ч хөрөнгө оруулагч орж ирэхгүй гэдэг нь өнгөрсөн хугацаанд харагдсан тул Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах замаар дээр дурдсан алдаа дутагдлаа засах боломж байна гэж үзэж байна гэлээ.

 

Хуулийн төсөл хоёр зүйлтэй байхаар тусгагдсан ба 1 дүгээр зүйлд, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2 дахь заалтыг “47.1.2. Ашигт малтмал экспортлосон этгээд. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгдсөн хүдэр, нүүрсийг худалдан авч баяжуулж, боловсруулж, угааж нэмүү өртөг шингээж агуулгыг дээшлүүлсэн бол хамаарахгүй.”, 47 дугаар зүйлийн 47.7 дахь хэсгийг “47.7. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг бүтээгдэхүүний боловсруулалтын түвшингээс хамаарч хүдэр, баяжмал, бүтээгдхүүний аль нэгд давхардуулахгүйгээр ногдуулна.” гэж  өөрчлөх бол 2 дугаар зүйлд, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Монголын Улсын биржийн үнээр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тооцдог болох заалт нэмж байгаатай холбоотой зүйл, заалтын дугаар өөрчлөхөөр тусгажээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл