Монгол Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2024.04.04/ үдээс хойших нэгдсэн хуралдаан 14 цаг, 08 минутад эхэллээ.
Хуралдааныг Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар нээж, Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл буюу Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас зохион байгуулдаг Суралцагчийн сурлагын амжилтыг үнэлэх олон улсын “PISA-2022” үнэлгээний Монгол Улсын үр дүн, бодлогын зөвлөмжийн талаар хэлэлцэнэ гэсэн юм.
Үнэлгээний үр дүн, бодлогын зөвлөмжийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан танилцууллаа. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд сурлагын чанарыг тодорхойлох зорилгоор Монгол Улс Эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжлийн байгууллагаас хэрэгжүүлдэг Programme for International Student Assessment /PISA/ буюу сурлагын амжилтын олон улсын үнэлгээнд анх удаа оролцжээ. Уг үнэлгээ нь суурь боловсрол эзэмшсэн 15 настай суралцагч математик, унших чадвар, байгалийн ухаан гэсэн үндсэн гурван агуулгаар олж авсан мэдлэг, чадвараа амьдралд хэрхэн хэрэглэж буй болон тухайн улсын боловсролын тогтолцоо энэхүү чадварыг ямар хэмжээнд олгож байгааг тандан судалдаг судалгаа юм. Гурван жил тутам явуулдаг олон улсын судалгаанд дэлхийн 81 улс оролцжээ. 2022 оны 04 дүгээр сарын 05-наас 05 дугаар сарын 15-ны хооронд хийсэн үнэлгээнд манай улсын ерөнхий боловсролын 196 сургуулийн 7276 суралцагч хамрагдан математик, унших чадвар, бүтээлч сэтгэлгээний сурлагын амжилтаа үнэлүүлжээ. Төрийн болон хувийн хэвшлийн, газар зүйн байршлын хувьд харилцан адилгүй, түүвэрлэн сонгосон сургуулиудын суралцагчдыг хамруулсан үнэлгээнд математикаар 47-д жагссан. Жишиг улстай харьцуулахад гүйцэтгэл өндөр боловч үе тэнгийнхнээсээ хоцрогдолтой тул сурлагын амжилтыг ахиулах шаардлагатай. Мөн 15 настай хоёр сурагч тутмын нэг нь сурлагын чанар 50 хувьд хүрэхгүй буюу манай улс үнэлгээнд хамрагдсан нийт улсын дунджаас 2.3 жил, Азийн дунджаас 1.2 жилээр хоцорч байна.
Унших ур чадварын тухайд монгол сурагчдын 64 хувь нь унших чадвар эзэмшээгүй, гурван сурагчийн хоёр нь суурь түвшинд хүрээгүй. Манай улсын нэг суралцагчийн боловсрол эзэмших зардал 12 600 орчим ам.доллар байгаа нь үнэлгээнд оролцсон 81 улсаас доороосоо гуравдугаарт бичигджээ. Цаашид суралцагчийн сурлагын амжилтыг ахиулахын тулд Монгол Улсын Засгийн газар, холбогдох яамны зүгээс бүх түвшний боловсролын чанарыг үнэлүүлэх, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын эх хэл болон унших суурь чадварыг сайжруулахад чиглэсэн арга хэмжээ авах, сургуулийн дэд бүтэц, сургалтын орчин, хэрэглэгдэхүүнээр хангах, хот, хөдөөгийн боловсролын чанарын ялгааг багасгахад анхаарч ажиллахаар төлөвлөсөн. Боловсролд зарцуулсан хөрөнгийн хэмжээ нь боловсролын чанарт шууд нөлөөлдөг болохыг олон улсын үнэлгээний үр дүн харуулсан хэмээн Боловсрол, шинжлэх ухааны сайд мэдээлэлдээ онцолсон юм. Монгол хүүхдүүдийн хувьд амьдралд сэтгэл хангалуун гэсэн судалгааны дүн гарсан хэдий ч сургуулийн орчин дахь үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалт байгаа гэдгийг ч танилцуулав.
Танилцуулсан мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурал дахь Ардчилсан Намын бүлгийн дарга О.Цогтгэрэл байр сууриа илэрхийлэн үг хэлж, асуулт асуулаа. Тэрбээр, сурч боловсрох эрх нь улс орон бүрийн хөгжлийн чухал суурь үзүүлэлт юм. Тиймээс олон улсын үнэлгээ тухайн улсын боловсрол олгож буй байдлыг шалгадаг тогтолцоо. Байгалийн ухааны боловсролын суурь үзүүлэлт дампуурчээ. Есдүгээр ангийн 15 настай гурван хүүхэд тутмын хоёр нь эх хэлээрээ уншаад ойлгохгүй байна. 7000 гаруй хүүхдийн 50 хувь нь математикаар муу үнэлгээ авсан нь 9 дүгээр ангийн хүүхдийн сурлагын үнэлгээ доогуур буюу дөрвөн аргын тоогоо нэмж хасах чадваргүй байна гэсэн үг юм. Манай улс боловсролд, нэг суралцагч тутамд 12 682 ам.доллар зарцуулдаг. Олон улсын үнэлгээний үр дүнг танилцуулахдаа суурь боловсрол муу байгааг сайн мэтээр танилцууллаа хэмээн шүүмжилж, боловсролын тогтолцоонд бодлогын цогц арга хэмжээ авахыг шаардахаас аргагүй нөхцөлд байна хэмээв.
Харин Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь, салбарын сайд нь мэдээлэл өгч хэвших ёстой гээд, боловсролын салбарт хийж хэрэгжүүлэх асуудлаар санал, дүгнэлт боловсруулж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгах шаардлагатай. Боловсролын яамнаас зарласан төсөв, тендерийн хөрөнгө оруулалт, гүйцэтгэл дандаа чанаргүй, хойшилсон, төсөвт өртөг нь нэмэгдсэн зэрэг хүндрэл учирч байгааг анхааралдаа авсан эсэхийг тодруулав. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, энэ удаагийн олон улсын үнэлгээнд хамрагдсан хүүхдүүд нь анх сургуульд элсэхдээ л суурь боловсролын “Цөм” хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүд. Хөтөлбөрийн шинэчлэлийг 10 гаруй удаа хийхдээ санхүүжилт, боловсон хүчний нөөц зэргийг тооцоолж, төлөвлөхгүй хуумгай хандсан. Боловсролын яам тендерийн яам байхаа больсон. Нэг ч тендер зарлаагүй. Холбогдох газруудад нь хариуцуулдаг болсон. Тендерийн чанар, гүйцэтгэлийн хувьд санал нэг байна гэв.
Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа сургуулийн орчин дахь дээрэлхэлтийг бууруулах талаар анхаарсан эсэхийг, Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл монгол хэлээрээ уншсан зүйлээ ойлгохгүй байгаад ямар дүгнэлт хийж байгааг, Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен Баян-Өлгий аймгийн суралцагчдын элсэлтийн ерөнхий шалгалтын дүнг ахиулах, монгол хэлний сургалтыг сайжруулах, зарим сумын сургуулиудад компьютер, тоног төхөөрөмжөөр хангах талаар ямар арга хэмжээ авч байгааг, Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат кирилл үсгийг латинаар сольчих боломжтой эсэхийг асуухад Л.Энх-Амгалан сайд, цахим болон үе тэнгийн дээрэлхэлтийг хамгийн их анхаарч байгаа Засгийн газар, сургуулиудад сэтгэлзүйчдийг бэлтгэн ажиллуулж эхэлсэн, сурлагын чанарт сөрөг нөлөө үзүүлсэн зүйл нь суурь боловсролын “Цөм” хөтөлбөр хэт академик байснаас хүүхдүүдийг залхаасан байж болзошгүй гэсэн юм. Боловсрол, шинжлэх ухааны сайд хүүхдээ цоожтой хаалганы цаана үлдээчихээд шаналж байсан эцэг, эхчүүдийн асуудлыг шийдвэрлэж, цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг 96-аас дээш хувьтай болгож нэмэгдүүлсэн нь ЮНЕСКО-гоос өндөр үнэлгээ авсан. Боловсролын чанараар хот, хөдөөгийн сургуулиуд ялгаа ихтэй ч хувийн болон төрийн статустай сургуулиудын хувьд онц ялгаагүй гэсэн дүн гарсан. Өндөр төлбөртэй сургуулиуд төрийнхөөс сурлагын чанараар илүүрхэж чадахгүй байгаа нь “Хамгийн сайн сургууль гэрт ойрхон сургууль” гэсэн бодлогыг цааш үргэлжлүүлэхэд хүргэж байна хэмээн хариуллаа.
Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням, боловсролын салбарт ажиллагсдын нэг хүүхдийг үнэ төлбөргүй суралцуулах журам, англи хэлийг үндсэн гадаад хэл болгох заалт, хувийн хэвшлийн сургуулиудад ажиллагсдын нийгмийн баталгааг хангах бодлогын хэрэгжилтийн талаар асууж тодруулав. Боловсрол, шинжлэх ухааны сайд Боловсролын багц хуулийг баталсан энэ парламентын гавьяа түүхэнд тэмдэглэгдэж үлдэнэ. Уг багц хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Засгийн газраас 70 орчим журмыг батална. Боловсролын салбарт 15-аас дээш жил ажиллагсдын нэг хүүхдийг үнэ төлбөргүй сургах журмыг баталсан. Боловсролын салбарт явуулж буй үндсэн зургаан зорилтыг төр, хувийн хэвшлийг ялгахгүйгээр хэрэгжүүлнэ. Гадаад хэл болон бусад сургалтын хөтөлбөрийн шинэчлэл хийгдэнэ. 780 гаруй мянган хүүхдийн талаас илүү хувь нь хувийн сургуулиудад хамрагдаж байна гэсэн юм.
Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга, Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл Засгийн газрын мэдээлэлтэй холбогдуулан асуулт асуув. Тэрбээр монгол хүүхдүүд эх хэлээрээ уншиж чадахгүйд хүрсэн нь ямар учиртайг, багшийн чадвар, чансаа хэр байгааг лавласан юм. Салбарын сайд, “Цөм” хөтөлбөрийн үр дагавраар ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийн агуулга, ачаалал хүндэдсэн тул анги ахих тусам хүүхдүүдийн сурах хүсэл эрмэлзэл суларсан, 6 настай хүүхдэд 8 настай хүүхдэд зааж байсан хичээлүүдийг үзүүлж байгаа, уран зохиол, унших бичгийн хичээлийг хассантай холбоотой хэмээн хариуллаа. Боловсролын чанарыг сайжруулахад ямар бодлого баримтлах ёстойг Улсын Их Хурлын гишүүн дахин тодруулж асуухад, санхүүжилт, сургалтын өртгийг нарийвчлан тооцож, нэг хүүхдэд оногдох хувьсах зардлыг нэмэгдүүлж байж боловсролын чанарын ялгааг арилгах боломжтой гэсэн хариултгыг сайд өгөв. Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээллийг Улсын Их Хурлын 2024 оны хаврын чуулганы нэгдсэн хуралдаанаар ийн хэлэлцлээ.
Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа нарын 19 гишүүний 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр өргөн мэдүүлсэн Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, уг хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир илтгэсэн юм.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийг 1998 онд баталж, цагаатгуулах тухай гомдол гаргах хугацааг 2018 онд хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр 4 дэх удаа сунгасан. Уг өөрчлөлтийн үр дүнд улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 80 сая төгрөг; улс төрийн хилс хэрэгт холбогдуулан хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч, хэлмэгдэгч нас барсан бол түүний эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 40 сая төгрөгийн нөхөх олговор олгохоор хуульчилсан. Хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, цагаатгуулах тухай гомдлыг хүлээж авах хугацаа 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсон бөгөөд энэ хугацаанд олон иргэн цагаатгуулах тухай гомдол гарган, материал бүрдүүлэн өгч, цагаатгагдаж, нөхөх олговор авсан хэмээн танилцууллаа. Хуулийн төслөөр цагаатгуулах тухай гомдлыг хүлээж авах хугацааг 2026 оны 12 дугаар сарын 31-ний өдөр болгохоор тусгасан бөгөөд дэлхийн бусад оронд ийм төрлийн хуулийн хугацааг хязгаарлаж тогтоодоггүй онцлогтой гэв.
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжжээ.
Санал, дүгнэлтийг танилцуулсны дараа хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир хуулийн төслийг хугацаагүй болгох боломжтой эсэхийг асуулаа. Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга, Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа сүүлийн гурван жилийн хугацаанд ирсэн хүсэлтүүдийг шуурхай шийдвэрлэх арга хэмжээ авч, нийт 44 тэрбум төгрөгийг нөхөх олговорт олгосон талаар танилцууллаа.
Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, 36 орчим мянган хүн хэлмэгдсэн хар түүхийн тухай бид ярьж байна. 1990 оноос хойших хэлмэгдүүлсэн хүмүүсийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар асуухад, төрийн буруутай үйл ажиллагааны улмаас хохирсон иргэдийн хохирлыг барагдуулах олон улсын тунхагийг соёрхон батлах ёстой гэв.
Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал, хар бараан түүх, хэлмэгдэгсдийн сэтгэлийн шархыг эдгээх боломжгүй. Үнэнийг хэлж, дуугарсных нь төлөө сэтгүүлчдийг хорьдог. Үгээ хэлснийхээ төлөө хоригддог, цагаатгадаг явдал гарч байна. Тэдний эрхийг хэрхэн хамгаалах талаар асуухад Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа 30 жилийн хугацаанд 31 мянган хүнийг цагаатгасан. Уг хуулинд хөөн хэлэлцэх хугацаа гэж байхгүй. Хугацаа тогтоох боломжгүй. Цаашид хэрхэхийг нухацтай хэлэлцэх шаардлагатай гэсэн хариултыг өгөв.
Хуралдаан ийн үргэлжилж, гишүүд асуулт асууж, үг хэлж дууссаны дараа хуралдаан даргалагч, Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар дээрх хуулийн төслийг ихээхэн чухал ач холбогдолтой хэмээн онцлоод хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар ирэх 7 хоногт буюу 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар санал хураалт явуулахаар хойшлууллаа.
Мөн баталсан тогтоолын эцсийн найруулгыг сонссоноор энэ өдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.