Цэс

Холбоо барих

Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2024.04.05) үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэн, шийдвэрлэлээ.

Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар, Байнгын хороодын дарга нарын өргөн мэдүүлсэн Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгээр өнөөдрийн хуралдаан эхэллээ. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэрэнпунцаг, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам нар тус тус танилцуулав.


Улсын Их Хурлын нэр бүхий гишүүд 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр дээрх хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т “газрыг 60 хүртэл жилээр гэрээний үндсэн дээр эзэмшүүлэх, ашиглуулах, уг хугацааг гэрээний анхны нөхцөлөөр нэг удаа 40 хүртэл жилээр сунгах”, мөн татварын бус хөрөнгө оруулалтын дэмжлэгийг хөрөнгө оруулагчид үзүүлж болохоор заасан байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Төрөөс гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүнд газрыг төлбөр, хугацаатайгаар болон хуульд заасан бусад болзол, журмаар ашиглуулж болно” гэсэн зохицуулалт буюу “зөвхөн ашиглуулж болно” гэсэн зохицуулалттай зөрчилдөж байгааг төсөл санаачлагчийн илтгэлд онцоллоо. Газрын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2-т “гадаад улс, олон улсын байгууллага, гадаадын хуулийн этгээдэд газрыг тодорхой хугацаагаар түрээс, төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээгээр ашиглуулах талаар шийдвэр гаргах асуудал нь Улсын Их Хурлын бүрэн эрхийн асуудал гэж заасан бөгөөд мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.6-д заасан байгааг төсөл санаачлагчийн илтгэлд дурдав. Газрын зааг, ашиглах журмыг тогтоох бүрэн эрхийг Засгийн газар хэрэгжүүлэхээр, мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.6-д уг газрын зааг, ашиглах журмыг тогтоох бүрэн эрхийг Засгийн газар хэрэгжүүлэхээр заасан байдаг юм. Түүнчлэн Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5-д “Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид энэ хуулийн дагуу газрыг тусгай зориулалт, хугацаа, болзолтойгоор ашиглуулах бөгөөд уг хугацааг Засгийн газар тогтооно” гэж заасан байдагтай Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалт зөрчилдөж байгааг Ц.Цэрэнпунцаг гишүүн танилцуулав.


Засгийн газраас 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр өргөн мэдүүлсэн Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийн 16 дугаар зүйлийн 16.1.1-д “газрыг 15-60 хүртэл жилээр гэрээний үндсэн дээр ашиглуулах, уг хугацааг гэрээний анхны нөхцөлөөр нэг удаа 40 хүртэл жилээр сунгах”, мөн хөрөнгө оруулалтын татварын бус урамшууллыг үзүүлж болохоор тусгасан. Хуулийн төслийн уг заалттай холбогдуулан иргэд олон нийтийн зүгээс Улсын Их Хурлын албан ёсны цахим системээр дамжуулан саналаа илэрхийлсэн бөгөөд уг цахим системд 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр иргэн Н.Номун-Эрдэнийн “Газрыг гадаадын иргэнд 100 жилээр ашиглуулах, эзэмшүүлэхийг цуцлах” сэдэвтэй, хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах ангиллаар нийтлүүлсэн хүсэлт 100.167 иргэний дэмжлэг авсан болохыг Ц.Цэрэнпунцаг гишүүн танилцууллаа.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 391.2.3-т “хуулийн төслийн талаарх саналыг 100 000 ба түүнээс дээш тооны иргэн дэмжсэн бол” уг саналыг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу хэлэлцэхээр заасан байдаг. Иймээс хууль хоорондын зөрчлийг арилгах, иргэд, олон нийтийн сонгож байгуулсан төрийн эрх барих дээд байгууллагын үйл хэрэгт иргэдийн оролцоог хангах зорилгоор хуулийн төслийг боловсруулсан гэв. Хөрөнгө оруулагчид үзүүлэх татварын бус хөрөнгө оруулалтын дэмжлэгийн нэг хэлбэр болох газрыг 60 хүртэл жилээр гэрээний үндсэн дээр эзэмшүүлэх, ашиглуулах, уг хугацааг гэрээний анхны нөхцөлөөр нэг удаа 40 хүртэл жилээр сунгах зохицуулалтыг тусгасан заалтыг Хөрөнгө оруулалтын тухай хуулиас хасах өөрчлөлтийг хуулийн төсөлд тусгасан байна.


Энэхүү хуулийн төслийг баталснаар Монгол Улсын Үндсэн хууль болон газрыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулахтай холбогдсон суурь харилцааг зохицуулдаг Газрын тухай хуультай Хөрөнгө оруулалтын тухай хуулийг нийцүүлж, хууль хоорондын зөрчил арилна гэж байлаа.

Эдийн засгийн байнгын хороо 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн хуралдаанаараа төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцээд, төслийг d.parliament.mn цахим сайтад байршуулан иргэд, олон нийтийн саналыг авч байгааг Ч.Ундрам гишүүн танилцуулсан. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцээд, үзэл баримтлалын хүрээнд дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй хэмээн шийдвэрлэсэн юм.


Төсөл санаачлагчийн илтгэл болон Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авав. Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийн холбогдох зохицуулалттай холбоотой тодруулгыг Н.Алтанхуяг гишүүн хийж, төсөл санаачлагчаас хариулт, тайлбар авав. Улсын Их Хурлын Тамгын газраас энэ хуулийн төслийг хэлэлцэхтэй холбоотой лавлагаа гаргасныг Г.Занданшатар дарга хэлээд “2013 онд баталсан Хөрөнгө оруулалтын тухай хуулийн Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсөлд дээрх заалт байгаагүй. Тухайн үед Д.Зоригт гишүүний ахалж байсан ажлын хэсэг энэ заалтыг оруулсан юм билээ. Дараа нь Үндсэн хуулийн зөрчилтэй байна гээд Газрын тухай хуульд өөрчлөлт, оруулах гэснийг буцаасан байсан. Сая Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсөл дэх зохицуулалтууд нь дотоодын хөрөнгө оруулагчдын эрхийг зөрчиж байгаа. Хөрөнгө оруулагч гэдэг томьёололд дотоод, гадаад хөрөнгө оруулагч хоёулаа багтаж байгаа учраас “хөрөнгө оруулагч зөвхөн ашиглах эрхтэй” гээд томьёолохоор дотоодын хөрөнгө оруулагчид газар тариалан эрхлэх, байшин барилга барих зорилгоор газар эзэмших эрхгүй болж байгаа юм. Ингээд газрын эрхийг нь Засаг дарга нар дураараа цуцалж болох зохицуулалттай болох юм. Түүнчлэн бусад хөрөнгө оруулалттай холбоотой олон асуудал бий. Иймээс төслийн талаар холбогдох талтай санал солилцсон” гэдэг тайлбарыг өгсөн. Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан, Д.Ганбат нар асуулт асууж, Эдийн засгийн байнгын хорооны даргаас хариулт авсан. Төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж буйгаа Д.Ганбат гишүүн илэрхийлээд, хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах нь зүйтэй хэмээв. Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг хариулт өгөхдөө “Гишүүд дэмжвэл анхны хэлэлцүүлгээр батлуулах боломжтой” гэлээ. Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад тогтвортой, ойлгомжтой байдал нэн чухал бөгөөд авлигал, хээл хахууль, шүүх зэрэг олон хүчин зүйлээс хамаарч байдаг гэдгийг Г.Занданшатар дарга хэлээд энэ хуулийн хэрэгждэггүй заалтыг нь хасаад, Газрын тухай хуулиараа зохицуулах нь зүйтэй гэж Засгийн газрын яамд санал өгсөн байсныг хэллээ. Мөн Тамгын газраас лавлагаа авахад ийм агуулгатай байсан байна. Газар ашиглуулахтай холбоотой тухайлсан харилцааг Газрын тухай хуулиар зохицуулсан байх тул Хөрөнгө оруулалтын тухай хуулийн холбогдох заалтыг хүчингүй болгож байгаа гэв.  

Гадаадын иргэд Монгол Улсад газар эзэмшиж, ашиглаж байгаа харилцаа нь монгол хүнээр дамжиж байгаа гэх мэдээллийг Ц.Сандаг-Очир гишүүн хэлээд энэ байдлыг төслөөр зохицуулах боломжтой эсэхийг лавлав. Эдийн засгийн байнгын хорооны даргын ахалсан, газрын харилцаа, ашигт малтмалын лицензтэй холбоотой асуудлыг хянан шалгах ажлын хэсэг байгуулсан гэдэг хариултыг Улсын Их Хурлын дарга өгөв. Хяналт шалгалтын түр хороо байгуулах бэлтгэл ажлыг хангах үүрэг бүхий ажлын хэсгийн үйл ажиллагааны хүрээнд газрын сан, ашигт малтмалын лицензийн талаарх мэдээлэл цуглуулан, хиймэл оюун ухаанаар өгөгдлийг боловсруулж байгаа юм байна. Үүний үр дүнд олон асуудал ил тод болж байгааг Г.Занданшатар дарга тэмдэглээд “Тодорхой асуудлыг хууль, хяналтын байгууллагад шилжүүлсэн, шалгагдаж байгаа. Газрын харилцааны асуудлаарх Хянан шалгах түр хороо байгуулах санаачилгыг дээрх ажлын хэсгээс гаргаад байгаа бөгөөд гишүүд дэмжихийг уриалж байна” гэв.


Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен, Б.Бат-Эрдэнэ нар төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийлж, үг хэлсний дараа санал хураалт явууллаа. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн олонх буюу 65 хувь нь Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.

Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал нарын 38 гишүүнээс 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэн шийдвэрлэлээ. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал танилцууллаа.

Эдийн засгийн анхдагч уламжлалт бэлчээрийн мал аж ахуйн тогтвортой хөгжлийг хангах нь дэлхийн бусад орнуудаас ялгарах, ондооших, өвөг дээдсийнхээ өв нүүдлийн соёл, иргэншлээ хадгалж, хойч үедээ өвлүүлэх, эдийн засгийн бусад салбарын хөгжлийн тулгуур, хүнсний хангамж аюулгүй байдлын үндэс гэдгийг төсөл санаачлагч илтгэлдээ дурдав.

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөөс хамаарч ган, зуд, байгалийн эрсдэл болон давагдашгүй хүчин зүйлийн давтамж ойртсон, манай улсын нийт газар нутгийн 76.9 хувь нь ямар нэгэн байдлаар доройтол, цөлжилтөд нэрвэгдсэн байгаагаас бэлчээрийн мал аж ахуйн салбар эрсдэлт байдалтай нүүр тулаад байгаа аж. Эрдэмтдийн судалгаа, дүгнэлтээр нэн яаралтай зөв менежмент авч хэрэгжүүлбэл доройтсон, цөлжсөн бэлчээрийн 80 хувь нь байгалийн жамаараа сэргэнэ гэсэн дүгнэлт гарчээ. Үүний зэрэгцээ бэлчээрийн даац хэтэрснээс мал нь тэжээл, эрдэс, амин дэмийн дутагдалд орон давжаарч, ашиг шим, үнэ цэн буурч байгааг холбогдох яамны мэдээллээс харж болно гэлээ. Эдийн засгийн гол салбарын нэг мал аж ахуйн салбарын бүтээмж буурч, үнэ цэн муутай, улсын эдийн засагт оруулах хувь нэмэр улам буурсаар байгааг тэмдэглэсэн юм.

Энэ хэрээр малчдын аж амьдралд сөргөөр нөлөөлж, малынхаа тоог нэмэгдүүлэхээс өөр аргагүй байдалд хүрч байгаа аж. Иймд Монгол орны газар зүй, уур амьсгал, бэлчээрийн мал аж ахуйн онцлогоос хамааран монголчуудын эрт дээр үеэс айл саахалтаараа хүч хөдөлмөрөө нэгтгэн, байгаль цаг уурын хүндрэл бэрхшээлийг даван туулж ирсэн уламжлалыг өнөө цагийн уур амьсгал, нийгмийн хэрэгцээ шаардлагатай уялдуулж, малчдын үүсгэл санаачилга, оролцоонд тулгуурлан хамтын удирдлага, хариуцлагын үндсэн дээр шийдвэрлэх шаардлага үүссэн хэмээн үзжээ. Үүний сацуу байгалийн нөөц, бэлчээрийг доройтлоос хамгаалах, зүй зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх асуудлыг зайлшгүй шийдвэрлэх шаардлагатайг Ж.Батжаргал гишүүн танилцуулсан.


Үүний тулд хууль зүйн хувьд малчдын хамтын зохион байгуулалт өөрсдийн үүсгэл санаачилгын байгууллагын эрх зүйн байдлыг нь тодорхойлж өгөх нь ач холбогдолтой гэж үзэж хуулийн төслийг санаачилжээ. Малчин өрхийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл нь 5 бүлэг 34 зүйлтэй юм байна.

Зэргэлдээ нутагладаг буюу нэг нутаг усныхан, бэлчээрээ хамтран ашигладаг малчин өрхүүд газар нутгийн онцлог бэлчээрийн нөхцөл байдлаасаа хамаарч 20-иос доошгүй өрх нэгдэж, малчин өрхийн анхдагч холбоог байгуулахаар төсөлд тусгажээ.

Анхдагч холбоо нь гишүүдийнхээ боловсрол эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, тэдгээрт төрийн үйлчилгээг үзүүлэх, байгалийн нөөц, гэрээт бэлчээрийн газрыг зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх, малын эрүүл мэнд, үржил чанар, ашиг шимийг дээшлүүлэх, мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг бэлтгэх, борлуулахад дэмжлэг үзүүлэх зэрэг 4 үндсэн үйл ажиллагаанд гишүүн өрхүүдээ зохион байгуулах юм байна. Малчдын сайн дурын энэ холбоо нь ашгийн бус бөгөөд зөвхөн хөдөлмөрөө хорших замаар мал аж ахуйн үйлдвэрлэлийн суурь болсон бэлчээр нутгаа хамгаалах, нөхөн сэргээхэд дэмжлэг үзүүлэх юм. Харин мал аж ахуйн үйлдвэрлэлийг буюу ашгийн төлөө үйл ажиллагааг малчдын өөрсдийнх нь үүсгэн байгуулсан хоршоо, бусад аж ахуйн нэгжийн хэлбэрээр эрхлэх боломж нээлттэй байх юм байна. Өөрөөр хэлбэл, анхдагч холбоо нь гишүүдийнхээ мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг хоршоо, аж ахуйн нэгж, ХАА-н бирж зэрэг этгээдэд борлуулахад нь зохион байгуулалтын дэмжлэг үзүүлж, хоршоог хөгжүүлэхэд хөшүүрэг, түлхэц болохоос гадна малчдын орлогыг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэж үзсэн байна.

Малчин өрхийн анхдагч холбоо нь суурь нэгж болохын хувьд бүх гишүүдийн хурал, түүний чөлөө цагт Тэргүүлэгчид, Ахлагч гэсэн удирдлагын бүтэцтэй байх бөгөөд эдгээр институцын үйл ажиллагаа, зохион байгуулалт, эрх, үүрэг, түүнчлэн гишүүнчлэлийн талаар төсөлд тусгайлан зохицуулсан. Бэлчээрийг сумын Засаг даргатай байгуулсан гэрээний үндсэн дээр хуваарьтай ашиглаж, доройтлоос сэргийлэх, сайжруулах, хамгаалах ажлыг анхдагч холбоо хариуцахаар төсөлд тусгажээ.

Сумын малчин өрхийн холбоо нь тухайн суманд үйл ажиллагаа явуулж байгаа анхдагч холбоодын гишүүнчлэлтэй байх ба тэдгээр анхдагч холбооны ахлагч нараас бүрдэх юм байна. Аймгийн малчин өрхийн холбоо нь сумын малчин өрхийн холбоо бүрээс сонгогдсон 2 гишүүний төлөөллөөс бүрдэхээр, улсын хэмжээнд Малчин өрхийн нэгдсэн холбоо ажиллах, уг холбоо нь аймгийн малчин өрхийн холбооны дарга нараас бүрдэхээр төсөлд тусгажээ. Сум, аймгийн болон малчин өрхийн нэгдсэн холбоо доод шатны холбоодын үйл ажиллагааг уялдуулан, зохион байгуулалтаар хангах, төрийн бодлого, тухайн шатны бодлогын баримт бичиг, үйл ажиллагаанд малчин өрх, холбооны эрх, ашиг сонирхлыг илэрхийлэх, саналаа өгөх нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлэх аж.


Түүнчлэн Холбооны санхүүжилт нь гишүүнчлэлийн хураамж, хууль тогтоомжийн дагуу олгосон санхүүжилт, хуульд заасан үйл ажиллагаа эрхэлж олсон орлого, гадаад, дотоодын хуулийн этгээд, хувь хүний хандив, тусламж, хууль тогтоомж, дүрэмд заасан бусад эх үүсвэрээс бүрдэх ба түүнийг дээр дурдсан 4 үндсэн чиглэлийн болон дүрэмд заасан бусад үйл ажиллагаанд зарцуулахаар тусгасныг Ж.Батжаргал гишүүн нэгдсэн хуралдаанд танилцууллаа.

Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлтэй хамт Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг 12 хууль, Улсын Их Хурлын 2 тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулахаар төслүүдийг боловсруулсан байна.


Хуралдааны үеэр Монгол Улсад зүүний чиглэлийн залуучуудын байгууллага байгуулагдсаны 27 жилийн ойн баярын мэндчилгээг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар дэвшүүлээд “Нэгэн зорилгын дор нэгдэж, улс эх орныхоо төлөө үг, үйлдлээрээ цэгцэрсэн ахан дүүс анд найзуудаараа одоо бахархаж байна. Монголын залуусын зүрхэнд, тархинд Монгол эх орны маргаашийн хувь заяа зураастай байдаг. Залуучуудын байгууллагын төлөөлөл, Улсын Их Хурлын нийт гишүүддээ баярын мэндийг өргөн дэвшүүлье” гэв.

Үргэлжлүүлэн чуулганы нэгдсэн хуралдаанд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэг танилцуулав. Тус Байнгын хороо хороо 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн хуралдаанаараа төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэн, шийдвэрлэсэн байна. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны тухайн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжсэн байна.


Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт, тайлбар авсан юм. Б.Бат-Эрдэнэ гишүүн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийлээд малчдын амьжиргааг дэмжих, зудад нэрвэгдсэн малчдын асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар тодруулав. Бэлчээрийн мал, аж ахуйн тогтвортой хөгжлийн асуудал нэн чухал гэдгийг төсөл санаачлагч Ж.Батжаргал гишүүн тэмдэглээд нэн тэргүүнд малчдын залуу халааг бэлтгэх, малчдаа чадвахжуулах асуудал чухал болохыг хэлэв. Иймд төсөлд энэ чиглэлээрх зохицуулалтуудыг тусгасан гэлээ. Малчин өрхийн анхдагч холбоо 20 өрхтэй байх бөгөөд гишүүн бүрийнхээ боловсрол, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд хамруулах асуудлыг зохион байгуулах, мөн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, тэдгээрт төрийн мэдээллийг хүргэх зохион байгуулалтыг хариуцна гэдгийг Улсын Их Хурлын даргын зөвлөх, ажлын хэсгийн гишүүн Д.Лүндээжанцан тайлбарлав. Гишүүдийнхээ боловсролд анхаарах, тэр дундаа албан болон албан бус сургалтад хамруулах гэж тусгайлан заалт болгож оруулсан байна. Залуу малчдыг мэргэшүүлэх чиглэлээр аймгийн төв дээрээ сургалт зохион байгуулах, эчнээгээр мэргэжил эзэмшүүлэх, мэргэшүүлэх нарийвчилсан сургалтуудыг зохион байгуулахтай холбоотой заалтуудыг ч төсөлд тусгажээ.

Малчид хамтын зохион байгуулалтад орж, бэлчээрийг даацад нь тохируулаад ашиглах эрх зүйн орчныг бүрдүүлж байгааг дэмжиж буйгаа Д.Өнөрболор гишүүн илэрхийлсэн. Тэрбээр эрчимжсэн мал аж ахуйн газрын асуудал буюу малын тэжээлийг тариалахтай холбоотой асуудлыг хуулийн төсөлд тусгайлан тусгах санал хэллээ. Эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчид нь “малчин” гэх ангиллаар хуулийн төслийн зохицуулалтад багтсаныг Ж.Батжаргал гишүүн тайлбарлаад “Тодруулах зүйлүүдийг хэлэлцүүлгийн шатанд шийдвэрлэх боломж бий. Малын тэжээлийн ургамлууд нь тусгай орчин, хөрсөнд ургадаг тул тусгай талбай байх хэрэгтэй байдаг. Гэхдээ манай нөхцөлд үүсмэл хөрсөнд тэжээлээ тариад байгаа. Үүнийг өргөжүүлэх шаардлага бий” гэв. Малын тэжээл тариалах үйл ажиллагаатай холбоотой зохицуулалтыг суурь хуулиар нь шийдвэрлэх нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлсэн. Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал, Ж.Батсуурь, Ц.Туваан, Ц.Сандаг-Очир, Б.Баттөмөр, Д.Сарангэрэл нар асуулт асууж, төсөл санаачлагч болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт авав.


Төслийн үзэл баримтлалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд үг хэлэв. Г.Тэмүүлэн гишүүн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж байгаагаа хэлээд “Эдийн засгийн тулгуур болсон энэ салбарыг төрийн зүгээс дэмжих зайлшгүй шаардлага бий. Үүний зэрэгцээ 300 мянган малчин иргэнийхээ эрх ашгийг хамгаалах ёстой. Тиймээс үйлдвэрлэлийг дэмжихээс гадна малчдынхаа боловсрол, эрүүл мэнд, нийгмийн асуудал, амьжиргаа орлогыг нь дэмжих цогц бодлогын шийдлийг бий болгох нь зүйтэй гэж үзсэн” гэв. Хамтын хүч, оролцоо, хамтын менежмент, зохион байгуулалт нь амжилтын суурь гэдгийг тэрбээр онцлоод төслийн хүрээнд мал аж ахуйн салбарын тогтвортой, өгөөжтэй хөгжил, малчны хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, амьжиргааны баталгааг хангах боломжийг бүрдүүлж буйг хэллээ. Б.Бейсен гишүүн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлээд орон нутаг дахь нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч, малчдад анхан шатны эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүргэхтэй холбоотой санал хэлэв.

Ийнхүү гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа санал хураалт явуулахад, гишүүдийн олонх буюу 59.5 хувь нь төслийг хэлэлцэхийг дэмжсэн тул Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороонд шилжүүллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл