Цэс

Холбоо барих

БОХХААБХ: Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ


Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2024.04.03/ хуралдаан 10 цаг 30 минутад эхэлж,  хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Ж.Батжаргал хэлэлцэх асуудлын дараалал танилцуулсантай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй.

Иймд Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы дөрөвдүгээр сарын хугацаанд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэв. Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 80.0 хувь нь дэмжив.

Байнгын хорооноос дөрөвдүгээр сард Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэх, хяналт шалгалтын хүрээнд Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилт болон ус ашиглалтын талаар хяналт шалгалт хийж, холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг, Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн хэрэгжилтийн талаар хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн үйл ажиллагааг үргэлжлүүлэхээр төсөлд тусгасан байв.

Хуралдаан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал нарын 38 гишүүнээс 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгээр үргэлжилсэн юм.

Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд танилцуулав.

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөөс хамаарч ган, зуд зэрэг байгалийн эрсдэлт болон давагдашгүй хүчин зүйлийн давтамж ойртсоноор манай улсын нийт газар нутгийн 76.9 хувь нь цөлжилтөд нэрвэгдээд байгаа нь бэлчээрийн аж ахуйн салбар эрсдэлт байдалтай нүүр тулаад байна. Бэлчээрийн даац хэтэрч, цөлжилт доройтол хүчтэй явагдахын зэрэгцээ мал нь тэжээлийн архаг дутагдалд орсноос давжаар ч, ашиг шим үнэ цэн буурч байгаа зэргийг төсөл санаачлагч гишүүн танилцуулгадаа дурдаад монгол орны газар зүй, уур амьсгал, бэлчээрийн мал аж ахуйн онцлогоос хамааран монголчууд эрт дээр үеэс айл саахалтаараа хүч хөдөлмөрөө нэгтгэн байгаль, цаг уурын хүндрэл бэрхшээлийг даван туулж ирсэн уламжлалыг өнөөгийн нийгмийн хэрэгцээ шаардлагатай уялдуулж малчдын өөрсдийн үүсгэл санаачилга, оролцоонд тулгуурлан хамтын удирдлага хариуцлагын үндсэн дээр байгалийн нөөц, бэлчээрийг доройтлоос хамгаалах, зүй зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх нь зайлшгүй шийдвэрлэх чухал асуудал болсон тул уг хуулийн төслийг боловсруулсан гэж байлаа.


Хуулийн төсөл нь  5 бүлэг, 34 зүйлтэй аж. Төсөлд малчин өрхүүд нь газар нутгийн онцлог, бэлчээрийн нөхцөл байдлаас хамаарч 20-иос доошгүй өрх нэгдэж, малчин өрхийн анхдагч холбоог байгуулахаар төсөвт тусгасан. Анхдагч холбоо нь гишүүдийнхээ боловсрол, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, тэдгээрт төрийн үйлчилгээг хүргэх, гэрээт бэлчээрийн газар, байгалийн нөөц зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх, малын эрүүл мэнд, үржил ашиг шимийг дээшлүүлэх, мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг бэлтгэх, борлуулахад дэмжлэг үзүүлэх гэсэн дөрвөн үндсэн чиглэлийн үйл ажиллагаанд гишүүн, малчин өрхүүдийг зохион байгуулж оролцоно. Малчдын сайн дурын энэ холбоо нь ашгийн бус бөгөөд зөвхөн хөдөлмөрөө хорших замаар мал аж ахуйн үйлдвэрлэлийн суурь болсон бэлчээр нутгаа хамгаалах, нөхөн сэргээхэд дэмжлэг үзүүлнэ гэдгийг төслийн танилцуулгад дурдсан байв.

Анхдагч холбоо нь гишүүдийнхээ мал, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг хоршоо, аж ахуйн нэгж, хөдөө аж ахуйн бирж зэрэг этгээдэд борлуулахад нь зохион байгуулалтын дэмжлэг үзүүлж, хоршоо хөгжүүлэхэд хөшүүрэг, түлхэц болохоос гадна малчдын орлогыг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэж төсөл санаачлагчид үзжээ.

Малчин өрхийн анхдагч холбоо нь суурь нэгж болохын хувьд бүх гишүүдийн хурал, түүний чөлөө цагт Тэргүүлэгчид, Ахлагч гэсэн удирдлагын бүтэцтэй байх бөгөөд эдгээр институцын үйл ажиллагаа, зохион байгуулалт, эрх, үүрэг, түүнчлэн гишүүнчлэлийн талаар төсөлд тусгайлан зохицуулсан. Бэлчээрийг сумын Засаг даргатай байгуулсан гэрээний үндсэн дээр хуваарьтай ашиглаж, доройтлоос сэргийлэх, сайжруулах, хамгаалах ажлыг Анхдагч холбоо хариуцахаар төсөлд тусгалаа.

Сумын малчин өрхийн холбоо нь тухайн суманд үйл ажиллагаа явуулж байгаа Анхдагч холбоодын гишүүнчлэлтэй байх ба тэдгээр Анхдагч холбооны ахлагч нараас бүрдэнэ. Аймгийн малчин өрхийн холбоо нь сумын малчин өрхийн холбоо бүрээс сонгогдсон хоёр гишүүний төлөөллөөс бүрдэхээр, улсын хэмжээнд Малчин өрхийн нэгдсэн холбоо ажиллах, уг холбоо нь аймгийн малчин өрхийн холбооны дарга нараас бүрдэхээр төсөлд тусгалаа. Сум, аймгийн болон малчин өрхийн нэгдсэн холбоо доод шатны холбоодын үйл ажиллагааг уялдуулан, зохион байгуулалтаар хангах, төрийн бодлого, тухайн шатны бодлогын баримт бичиг, үйл ажиллагаанд малчин өрх, холбооны эрх, ашиг сонирхлыг илэрхийлэх, саналаа өгөх нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлэх юм.

Түүнчлэн холбооны санхүүжилт нь гишүүнчлэлийн хураамж, хууль тогтоомжийн дагуу олгосон санхүүжилт, хуульд заасан үйл ажиллагаа эрхэлж олсон орлого, гадаад, дотоодын хуулийн этгээд, хувь хүний хандив, тусламж, хууль тогтоомж, дүрэмд заасан бусад эх үүсвэрээс бүрдэх ба түүнийг дээр дурдсан 4 үндсэн чиглэлийн болон дүрэмд заасан бусад үйл ажиллагаанд зарцуулахаар тусгасан гэдгийг Г.Ганболд гишүүн танилцуулгадаа онцлов.

Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлтэй хамт Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг 12 хууль, УИХ-ын хоёр тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулахаар төслүүдийг боловсруулсан байна.

Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал малчин өрхийн холбоог хэрхэн байгуулах, энэхүү холбоонд нэгдээгүй өрхүүдийн эрх зүйн орчинг хэрхэн зохицуулсан талаар, Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл өмнө нь байгуулагдаж байсан нэгдэл, хоршооны үйл ажиллагаа амжилтад хүрээгүйн талаарх суурь агуулгад Ажлын хэсэг дүгнэлт хийсэн эсэх, амжилтад хүрээгүй суурь шалтгааныг засаж, залруулсан зохицуулалтыг төсөлд хэрхэн тусгасан талаар илүүтэй лавлаж, хариулт авсан юм.

Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, Г.Мөнхцэцэг, Ц.Цэрэнпунцаг, Г.Дамдинням, Г.Ганболд, Ж.Батжаргал нар төслийг дэмжиж, санал хэлж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэрэнпунцаг, “Малчид хэдэн малтайг тоолж, өдөр болгон хянаж, бэлчээрээ цаг, улирлын дагуу ашиглаж байгаа эсэхийг хянах аргаггүй. Гэтэл иргэд өөрсдөө дүрмээ гаргаад, хяналтаа тавьдаг ийм үр ашигтай арга зам байгааг олон улсад судлаад, туршаад нотлосон байна. Энэ хандлага дээр тулгуурлан бодлогоо гаргаж ажилладаг юм байна. Бидний хэлэлцэж буй хуулийн төсөл  энэ бодлого дээр үндэслэж нутгийнх нь малчин иргэд бэлчээрийнхээ менежментээ хийж, ашиглах боломжийг нь нээж өгч байна” гэдгийг тодотгов.

Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням хуулийн үзэл санаа нь ган, зудын бэрхшээлтэй нөхцөлд Монголын хүн амын тал нь амьдарч буй орон нутагт буй уламжлалт болон фермерийн мал аж ахуй эрхэлж байгаа малчин өрхүүдэд туслах хууль эрх зүйн орчныг нь тодорхой болгоход чиглэж буйг дурдаад  малчин өрхүүдээ хариуцлагажуулах асуудлыг энэ хуулийн төсөлд тусгасан гэв. Тодруулбал, малчин өрхүүд сүргийн бүтцээ зөв зохион байгуулдаг, малынхаа сэг зэмийг устгадаг, бэлчээрээ хамгаалдаг байх үүрэг, хариуцлагыг тодорхой болгож, үүнээс хамаарч хөнгөлөлттэй зээл, тусламжид хамруулж, татварын хөнгөлөлт үзүүлэх зэрэг зохицуулалтуудыг төсөлд тусгаж байгаа. Бид хуулийн төслөө зөв ойлгоод, шаардлагатай асуудлаа ажлын хэсэг дээрээ ярилцаад, төслөө хэлэлцэх нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлсэн.


Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал хуулийн төслийг боловсруулах нийгмийн зайлшгүй шаардлага тулгараад буйг дурдаад энэ төсөл нь хамтын менежментийг  төлөвшүүлэх,  малчдын эрх ашгийг нь хамгаалах тухай асуудалд чиглэж буйг тодотгов. Тэрбээр “Мал аж ахуй байгальтайгаа салшгүй холбоотой тул байгалийнхаа даац, чадамжтай нийцэх тухай ойлголт байгаад байна. Монголчууд өвөг дээдсээсээ айл хүний амь нэг, саахалт айлын санаа нэг зарчыг баримталж ирсэн. Энэ л язгуур, оюун санааны үзэл баримтлал дээр тулгуурласан л үйл явц юм. Хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжээд, холбогдох Ажлын хэсгээ байгуулаад тал бүрээс нь  ярилцаад, сайжруулъя” гэсэн саналыг хэлж байлаа.

Ингээд Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь дэмжсэн. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл