Цэс

Холбоо барих

Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах түр хорооны үйл ажиллагаанд саад учруулж буй байгууллага, албан тушаалтнуудыг зарлалаа

Монгол Улсын Их Хурлын 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 60 дугаар тогтоолоор байгуулагдсан “Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан  шалгах” түр хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, тус хянан шалгах түр хорооны гишүүн Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг нар өнөөдөр /2024.03.28/ хэвлэлийн бага хурал хийж, тус түр хорооны хянан шалгах үйл ажиллагаанд саад учруулах болон нотлох баримт гаргаж өгөхгүй байгаа байгууллага, албан тушаалтнуудын талаар мэдээлэл өглөө.

Тус хянан шалгах түр хорооны гишүүдээр Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут, Б.Бейсен, Б.Жаргалмаа, М.Оюунчимэг, Ц.Сандаг-Очир, Ц.Туваан нар ажиллаж байгаа юм. Мөн Хянан шалгах түр хороо нь нийт 5 хянан шалгагч, 6 шинжээчийг томилон ажиллуулж байгаа бөгөөд Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу Түр хорооны тусгай шалгалтын сэдвийн хүрээнд холбогдох төрийн байгууллага, албан тушаалтнаас нотлох баримтыг цуглуулж, шинжлэн судалж байгаа билээ.

Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан  шалгах түр хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн мэдээллийнхээ эхэнд Хянан шалгах түр хороо нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг 2024 оны 03 дугаар сарын сүүлээр хийхээр төлөвлөсөн боловч зарим төрийн байгууллага, албан тушаалтан нотлох баримт гаргаж өгөхөөс зайлсхийх, нуун дарагдуулах, зөрүүтэй мэдээлэл ирүүлэх зэргээр хянан шалгах түр хорооны үйл ажиллагаанд саад учруулж байна хэмээн онцлоод дараах байгууллагуудыг нэрлэлээ. Тухайлбал  

1.  Эрүүл мэндийн сайд, Эм, эмнэлэгийн хэрэгсэлийн хяналт, зохицуулалтын газар Зайлшгүй шаардлагатай эмийн 8, 9, 10 дугаар жагсаалт, Хүүхдийн эмийн 1, 2, 3 дугаар жагсаалттай холбоотой нотлох баримтуудыг ирүүлээгүй. 

Энэ шалтгаанаа Эрүүл мэндийн яамны архивт байхгүй, Эрүүл мэндийн яамны дэргэдэх Эм зүй, эм судлалын мэргэжлийн салбар зөвлөлөөс авах боломжтой гэх хариу өгдөг. Эрүүл мэндийн яамны дэргэдэх Эм зүй, эм судлалын мэргэжлийн салбар зөвлөл “Архивт байхгүй, гар ноорог байгаа, Эрүүл мэндийн яаманд байх ёстой” гэх зэргээр нотлох баримт гаргаж өгөхөөс удаа дараа цааргалсан.

2. Эрүүл мэндийн яамны харъяа Гэмтэл согог судлалын үндэсний төв, Цус сэлбэлт судлалын үндэсний төв, Өргөө амаржих газар, 4 дүгээр амаржих зэрэг газрууд хүртэл эмийн худалдан авалтын судалгаа, холбогдох нотлох баримтыг гаргаж ирүүлээгүй.

3. Архангай, Баянхонгор, Сүхбаатар, Төв, Увс, Хөвсгөл, Хэнтий, Ховд зэрэг аймгуудын Засаг дарга нараас холбогдох нотлох баримтыг ирүүлээгүй;

4.Нийгмийн эрүүл мэндийн газар, Завхан, Говь-Алтай, Төв аймгийн Эрүүл мэндийн төвөөс нотлох баримтыг ирүүлээгүй байна. Түүнчлэн Хянан шалгах түр хороонд ирүүлж буй нотлох баримтууд нь мөнгөн дүн алдаатай, шаардсан нотлох баримтыг дутуу ирүүлж байгаагаас гадна Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 41 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаж ирүүлээгүй нийтлэг асуудлууд байна гэж мэдэгдлээ. Мөн тэрээр хянан шалгах түр хорооноос нотлох баримтын шаардлага дахин хангуулах, дутуу ирүүлсэн баримт бичгийн бүрдлийг хянах, алдаатай, зөрүүтэй мэдээллийг нягтлах зэргээр төрийн байгууллага, алтан тушаалтны хариуцлагагүй байдлаас шалтгаалан цаг хугацаа шаардсан олон ажлыг дахин давтан гүйцэтгэж байна хэмээв. Хянан шалгах түр хорооноос шаардсан нотлох баримтыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр түр хороонд ирүүлээгүй, гаргаж өгөөгүй, зориуд зайлсхийсэн, Түр хорооны үйл ажиллагаанд санаатай саад хийж буй холбогдох албан тушаалтанд Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 58 дугаар зүйлд заасны дагуу хариуцлага тооцох болно гэж Хянан шалгах түр хорооны дарга Ж.Чинбүрэн  албан ёсоор мэдэгдэж байгаагаа зарлалаа.


Үргэлжлүүлэн Хянан шалгах түр хорооны гишүүн, Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг мэдээлэл өгөв.  Тэрбээр олон нийтийн мэдэх эрхийг хангах нь хянан шалгах түр хорооны үүрэг гэж тодотгоод эмийн салбарт ноцтой асуудал байна гэдэг нь гүйцэтгэлийн аудитын дүгнэлт, Азийн хөгжлийн банкны судалгаанаас тодорхой харагддаг хэмээв. Түүнчлэн Эрүүл мэндийн даатгалын сангийн санжүүжилтийг нэг их наяд төгрөг давуулж нэмэгдүүлсэн ч нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд 19 хувь нь зарцуулагдаж бусад нь эмнэлгийн ор болон эмийн бүтээгдэхүүнд зориулагдаж байгааг анхаарч үзэх ёстой гэж байр сууриа илэрхийлэв. Мөн импортоор орж ирж буй эмийн бүтээгдэхүүний талаар нэгдсэн мэдээллийн сан төрийн байгууллагуудад байхгүй байна. Тухайлбал тодорхой нэг эм яг хэдэн төгрөгийн өртөгтэйгээр хил гаалиар нэвтэрч зах зээл дээр хэдэн төгрөгөөр борлуулагдаж байгаа гэдэг мэдээлэл нь нээлттэй байх ёстой байтал хаалттай байгаа нь асуудлын үндэс болж байна гэж Хянан шалгах түр хорооны гишүүн, Улсын Их Хурлын гишүүн М. Оюунчимэг яриандаа онцлон дурдлаа. Үүнээс гадна эмийн томоохон ханган нийлүүлэгч аж ахуйн нэгжүүд жижиглэн худалдаа эрхлэх нь хуулиар зөвшөөрөгдөөгүй байтал энэ үйл ажиллагааг эрхэлдэг зэрэг зөрчил дутагдал байгаа нь зах зээлд давуу байдлыг бий болгож, эмийн үнэ нэмэгдэх хүчин зүйлсийн нэг болж байна хэмээн үзэж байв. Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан  шалгах түр хорооноос дээр дурьдсан байгууллагуудад албан бичиг илгээж, холбогдох баримт материалыг ажлын гурван хоногт багтаан ирүүлэхийг хүссэн байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

 

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл