Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай хамтран зохион байгуулж буй “Газар тариалангийн салбарын өнөөгийн байдал-тогтвортой хөгжлийн гарц, шийдэл” сэдэвт онол, үйлдвэрлэлийн бага хурлын өнөөдрийн /2024.03.27/ үдээс хойших хуралдаанаар Ургамал, газар тариалангийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачдын илтгэлээр үргэлжилсэн.
Мөн бага хуралд оролцогчдын саналын дагуу цаг үеийн сэдэв буюу Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн талаар тариалан эрхлэгчид, гурил үйлдвэрлэгч аж ахуйн нэгжийн төлөөллийн санал бодлыг сонслоо. Тариаланчдын зүгээс мал амьтны тэжээл, тэжээлийн нэмэлт болон улаан буудайн баяжуулсан гурил зэргийг гаалийн албан татвараас чөлөөлөх асуудалд эсрэг байр суурьтай байгаа шалтгаанаа Монгол Улсын тариалан эрхлэлт болон гурилын үйлдвэрлэл гэсэн хоёр салбарыг татан унагаж, дахин сэргэх боломжгүй болох эрсдэл үүсэх бодит нөхцөлтэй холбон тайлбарлаж байлаа. Иймд хуулийн төслийг хэлэлцэх явцад газар тариалангийн салбарын бүх төлөөлүүдтэй уулзаж, саналыг нь тусгах, хаврын тариалалтаас өмнө төрөөс газар тариалан эрхлэгчдээ хамгаалах, дэмжих бодлогоо тодорхой болгож, танилцуулах шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийлэв.
Тухайлбал, Дархан Уул аймгийн Орхон сумын “Шинэ эко ургац” хоршооны дарга Монголбаяр, төр засгийн зүгээс ногоочдод хөрсөө сайжруулахад шаардлагатай малын бууцыг тээвэрлэхэд тариалан эрхлэгчидтэй адил шатахуун тээврийн хөнгөлөлтөд хамруулах, нийгмийн халамж, боловсролын салбарын бодлогоо ажиллах хүчний асуудалтай уялдуулан баримтлах, Орхон, Шаамар, Хушаат сумын ногоочид сүүлийн жилүүдэд байгалийн гамшигт нэрвэгдэж ургац алдсан тул даатгалд хамруулж, нөхөн төлбөр олгох, импортын ногооны татварыг нэмэх, ногоочин малчин хоёрыг тусгаарладаг хашаажуулалт арга хэмжээг эрчимтэй явуулах шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийлж байлаа. Мөн оролцогч Н.Төрмандах, газарт тариалангийн салбарын тогтвортой хөгжлийн гол суурь нь үр, сортын асуудал байдаг тул холбогдох хуулийн хүрээнд үр, сортын асуудал хариуцсан байгууллагуудыг байгуулах эрх зүйн орчинг бүрдүүлэх, үрийн аж ахуйн системийг хөгжүүлэх хөтөлбөрийг тусгайлан боловсруулан хэрэгжүүлэх ажилд салбарын яам, Улсын Их Хурлаас анхаарч ажилах нь зүйтэй гэсэн саналыг хэлж байлаа.
Бага хурлыг хааж, Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ж.Батжаргал үг хэлсэн. Тэрбээр, Бага хурлаас зөвлөмжийн төсөл гаргаад үүнийгээ Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороон дээр дахин нягталж ярилцаж, мэргэжлийн байгууллагуудтайгаа санал солилцсоны дараа Байнгын хорооны буюу Улсын Их Хурлын шийдвэр болгож Засгийн газарт чиглэсэн өгөх байр суурьтай байна. Иймд эрдэм шинжилгээний байгууллагуудадаа захиалга өгч судалгаа хийлгэж, өнөөдрийн илтгэл мэдээллийг тавиулж, үүн дээр тулгуурлан цаашдын гарц, шийдлийг олж харах гэж энэхүү арга хэмжээг зохион байгуулсан гэдгийг онцлон тэмдэглэв.
Мөн төр засгийн зүгээс газар тариалангийнхаа салбарын хөгжлийг хангах чиглэлээр тодорхой арга хэмжээнүүд авч байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал, хүнсний хангамж, аюулгүй байдал, үндэсний хөдөлгөөн”-ийг хэрэгжүүлэх цогц төлөвлөгөөний хүрээнд сүүлийн 2-3 жилийн хугацаанд газар тариалангийн салбар луу чиглэсэн бодлого, хөрөнгийн дэмжлэг, урамшууллын хөнгөлөлтийн тогтолцоонууд зохих үр дүнгээ өгч байна. Тухайлбал, хүнсний ногооныхоо үйлдвэрлэлийг дэмжиж чадсан. Гэхдээ эргэж харах ёстой асуудлууд байгаа тул аж ахуй эрхлэгч та бүхэн санал бодлоо хуваалцаж, ямархуу зөв шийдэл гарах вэ гэдэгт мэргэжлийн байгууллагууд, ХХААХҮЯ-тайгаа ярилцаж, шийдэж явах ёстой. Үүгээрээ дамжиж энэ салбараа өөд татах нь зүйтэйг онцолсон.
Түүнчлэн тэрбээр, бидэнд газар тариалангийн салбарт хүрсэн түвшнээс ухрах тухай ойлголт байхгүй тул хаврын тариалалт дөхсөн энэ үед юу тарих вэ эргэлзээтэй боллоо энэ тэр гэж ярих нь илүүц. Монгол Улсын төрийг үндэснийхээ аюулгүй байдлын эсрэг шахуу шийдвэр гаргана гэж бодохгүй байгаагаа онцлон тэмдэглээд Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх үед УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авсан. Гэхдээ асуудлыг тал бүрээс нь нухацтай судалж, шийдлээ зөв гаргахад хэлэлцэх эсэхээ дэмжихгүй бол энэ асуудлыг шийдэх боломжгүй гэж үзсэн гэж байлаа.
Байнгын хорооны дарга хэлсэн үгийнхээ төгсгөлд энэ бүс нутагт малчин, тариаланч хоёр маргалдаад сууж таарахгүй, мал аж ахуй, газар тариалангийн салбар аль аль нь зэрэгцэн хөгжих ёстойг анхааруулаад та бүгдийн хөдөлмөрийн үр дүнгээр ургац арвин, газар тариалангийн салбар цаашид тогтвортой хөгжих том эхлэлийн жил байх болтугай гэдгийг онцлон тэмдэглэсэн.
Ингээд онол, үйлдвэрлэлийн бага хурлаар зөвлөмжийн төслийг танилцуулж, оролцогч нэг бүрийг саналыг тусгав. Уг зөвлөмжийн төслийг бодлого санхүүгийн дэмжлэг, технологийн түвшин, газар тариалангийн салбарын боловсон хүчин, эрдэм шинжилгээ, судалгааны цар хүрээ, чадавхыг сайжруулах, тариаланчдын анхаарах зүйл гэсэн дөрвөн чиглэлд боловсруулсан байв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.