Цэс

Холбоо барих

ОУПХ-ны Эмэгтэй парламентчдын форумын 37 дугаар хуралдаанд Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин оролцлоо

Олон Улсын Парламентын Холбооны 148 дугаар Ассамблейн чуулга уулзалт Швейцарын Холбооны Улсын Женев хотноо үргэлжилж байна.


Уг Ассамблейн салбар хуралдааны хүрээнд зохион байгуулсан Эмэгтэй парламентчдын форумын 37 дугаар хуралдаанд Монгол Улсын Их Хурлыг төлөөлөн Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин оролцлоо.


Эмэгтэй парламенчдын форумын 37 дугаар хуралдаан “Парламентын дипломат ажиллагаа: Энх тайван, ойлголцлын гүүрийг бий болгох нь” үндсэн сэдвийн хүрээнд өрнөж, аливаа мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэх, өөрийн удирдлагат зэвсгийн систем болон хиймэл оюун ухааны нийгэм, хүн төрөлхтөнд үзүүлэх нөлөөллийн асуудлыг хөндөж, гарц шийдлийн талаар зөвлөлдсөн юм. Оролцогчид жендэрийн тэгш байдлыг хангаж, бүс нутаг, олон улсын түвшинд энх тайвныг бэхжүүлэхэд эмэгтэй парламенчдын манлайлал, оролцоог хэрхэн хангаж, хамтран ажиллах талаар өөрсдийн байр суурийг илэрхийллээ. Мөн хуралдаанаар Олон Улсын Парламентын Холбооны Эмэгтэй парламенчдын Удирдах товчооны 2023 оны ажлын үр дүнгийн тайланг хэлэлцэв.


ОУПХ-ны Парламент дахь эмэгтэйчүүд 2023тайланд дурдсанаар, 2023 онд болсон сонгууль, томилгооны үр дүнд дэлхийн  дахинд эмэгтэй парламентын гишүүдийн эзлэх хувь 26.9 хувь хүртэл өссөн байна. Энэ нь өмнөх жилүүдийнхээс 0.4 пунктээр өсжээ. Гэсэн хэдий ч өсөлт нь өмнөх жилүүдтэй харьцуулахад удаашралтай байгаа аж. Түүнчлэн сүүлийн үед хэд хэдэн нэр хүндтэй эмэгтэй аливаа заналхийлэл, ялгаварлан гадуурхалт, дарамтаас үүдэн улс төрийг орхисон тухай тайланд онцолжээ. ОУПХ-ны уг тайланг 52 орны 66 парламентын жишиг, баримтад үндэслэн гаргасан. Өнгөрөгч онд нийт 52 улсад сонгууль болсон бөгөөд нийт шинээр байгуулагдсан парламентын нийт суудлын 27,6 хувийг эмэгтэйчүүд эзэлжээ. Үүнээс дунджаар 28,7 хувь нь сонгуулийн пропорциональ болон холимог тогтолцоотой, 11,6 хувь нь мажоритар тогтолцоотой орон байжээ.

Парламентын тэргүүнээр ажиллах эмэгтэйчүүдийн тоо 2023 оны нэгдүгээр сараас 1,1 хувиар өсөж, 23,8 хувьд хүрчээ. Эмэгтэй парламенчдын Удирдах товчооноос дээрх тайланд үндэслэн эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах түвшин дэх оролцоог илүү бодитой болгох, жендэрийн тэгш эрхийг хангах эрх зүйн орчныг сайжруулах  чиглэлээр хэлэлцүүлэг зохион байгуулсан байна.

Эмэгтэй парламентчдын форумын 37 дугаар хуралдаанд оролцогчид 148 дугаар Ассамблейн үндсэн сэдвийг хэлэлцсэн талаарх санал, зөвлөмжөө нэгдсэн хуралдаанд танилцуулна.


Ташрамд тэмдэглэхэд, өнгөрөгч онд ОУПХ-ны хороонд идэвхтэй ажилласан 10 шилдэг эмэгтэй парламентчдын нэгээр Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг шалгарсан юм. Тэрбээр 2018-2020 онд ОУПХ-ны Ардчилал, хүний эрхийн байнгын хорооны Удирдах товчооны гишүүнээр ажилласан бөгөөд 2021 онд Испанийн Мадрид хотноо болсон Олон улсын парламентын холбооны 143 дугаар Ассамблейгаар тус байнгын хорооны дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон билээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

 

 

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл