Олон Улсын Парламентын Холбоо (ОПУХ)-ны 148 дугаар Ассамблей Швейцарын Холбооны Улсын Женев хотноо 2024 оны гуравдугаар сарын 23-27-ны өдрүүдэд “Парламентын дипломат ажиллагаа: Энх тайван, ойлголцлын гүүрийг бүтээх нь” ерөнхий сэдвийн хүрээнд болж байна.
Ассамблейн үеэр ОУПХ-ны зөвлөлдөх байгууллага болох Парламентын Ерөнхий нарийн бичгийн дарга нарын нийгэмлэгийн ээлжит чуулга уулзалт болж буй бөгөөд тус чуулга уулзалтын эхний өдөр Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Д.Энхбат “Хүний эрх, жендэрийн асуудлаарх парламентын өөрийн үнэлгээ” сэдвээр илтгэл тавилаа.
Доктор Д.Энхбат илтгэлдээ “Монгол Улсын Их Хурал ОУПХ-той 2022 оны 08 дугаар сард хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, ардчиллын суурь үнэт зүйл болсон хүний эрх болон жендэрийн эрх тэгш байдлыг хангах, хамгаалах баталгааг бэхжүүлэх чиглэлээр олон үр дүнтэй ажлуудыг хамтран хэрэгжүүллээ. Эдгээрийн нэг нь ОУПХ-ноос НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссарын газар, холбогдох бусад байгууллагатай хамтран боловсруулсан аргачлалын дагуу Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр зохион байгуулсан “Хүний эрх, жендэрийн асуудлаарх парламентын өөрийн үнэлгээ” болохыг онцлов.
Тэрбээр үргэлжлүүлэн Монголын парламентын хийсэн өөрийн үнэлгээ бол хүний эрх болон жендэрийн эрх тэгш байдлыг хангах хоёр тусдаа агуулгыг хамтад нь авч үзсэнээрээ онцлог болсон төдийгүй үнэлгээг парламент, түүний Тамгын газар дахь хүний эрх болон жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаарх бодлого, үйл ажиллагааны хэрэгжилтийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, сорилт бэрхшээлийг илрүүлж, гарц шийдлийг тодорхойлох зорилгоор хийсэн болохыг тодотголоо.
Улсын Их Хурлын Тамгын газар өөрийн үнэлгээг хийхийн тулд бэлтгэл ажлыг 10 сар орчмын хугацаанд үе шаттайгаар хангаж ажилласан бөгөөд үнэлгээ нь бэлтгэл болон өөрийн үнэлгээний үе шат, үнэлгээний дараах гэсэн үндсэн 3 үе шаттайгаар зохион байгуулагдсан. Тухайлбал, бэлтгэл үе шатанд өөрийн үнэлгээг зохион байгуулах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн, УИХ дахь Хүний эрхийн дэд хорооны дарга Ц.Мөнхцэцэгээр ахлуулан байгуулж, өөрийн үнэлгээний аргачлалд заасан алхам бүрийг нарийвчлан төлөвлөж, хэрэгжилтийг хангаж ажилласан гэв.
Хүний эрх болон жендэрийн асуудлаар үнэлгээ хийх тус бүр 4 асуултыг сонгон авч, өөрийн үнэлгээний хэлэлцүүлэгт шаардлагатай суурь судалгаа, лавлагаа мэдээллийг боловсруулсан. Энэхүү лавлагаа мэдээлэл нь өөрийн үнэлгээний “бодит баримт, мэдээлэлд тулгуурласан байх” үндсэн зарчмыг хангах гол эх сурвалж болсон. ОУПХ-ноос томилсон олон улсын зөвлөхөөс гадна түүнтэй хамтран ажиллах хүний эрх болон жендэрийн асуудлаар мэргэшсэн, үндэсний хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөхүйц мэдлэг, туршлага, боловсролтой үндэсний 4 зөвлөхийг томилон ажиллуулсан нь үнэлгээний үр дүн, ач холбогдлыг улам бүр нэмэгдүүлсэн гэдгийг онцлон тэмдэглэв.
Өөрийн үнэлгээг хоёр өдрийн хугацаанд нэгдсэн болон салбар хэлэлцүүлэг явуулах хэлбэрээр зохион байгуулсан бөгөөд парламент өөрөө өөрийгөө тольдон харж буй үйл явц учраас нийт оролцогчдын 60 хувь нь парламентын гишүүд болон Тамгын газрын ажилтнууд, 40 хувь нь ХЭҮК, Жендэрийн үндэсний хороо, Төрийн албаны зөвлөл, Сонгуулийн ерөнхий хороо, ахмад парламентчид болон иргэний нийгмийн төлөөлөл оролцжээ.
Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат илтгэлийнхээ үеэр Улсын Их Хурал, Тамгын газрын түвшинд анх удаа хийгдсэн энэхүү үнэлгээг бүхэлд нь олон талын оролцоотой, судалгаа, баримтад тулгуурласан бодитой үнэлгээ болсон гэж үзэж байгаагаа илэрхийллээ.
Харин үнэлгээний дараах үе шатанд ОУПХ, олон улсын болон үндэсний зөвлөхүүдтэйгээ хамтран өөрийн үнэлгээний тайлан, санал зөвлөмжүүдээ нэгтгэн боловсруулж, УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны хуралдаанаар хэлэлцэн баталгаажуулсан. Энэхүү тайланд Улсын Их Хурал, түүний Тамгын газар, холбогдох бусад төрийн байгууллагуудаас авч хэрэгжүүлэх шаардлагатай нийт 111 санал, зөвлөмжийг тусгасан. Эдгээрээс 36 нь хүний эрх, 75 нь жендэрийн асуудлыг авч үзсэнийг тодотголоо.
Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат илтгэлийнхээ төгсгөлд Улсын Их Хурал, Тамгын газар үнэлгээний үр дүнгийн мөрөөр авах арга хэмжээнд онцгойлон анхаарал хандуулж байгаа, үнэлгээний тайланд дурдсан зөвлөмж бүрийг хэрэгжүүлэхийн төлөө боломжит бүх арга хэмжээг авна. Зөвлөмжийг бүрэн дүүрэн хэрэгжүүлэхэд олон талт хамтын ажиллагаа туйлын чухал болохыг онцоллоо.
Парламентын Ерөнхий нарийн бичгийн дарга нарын нийгэмлэг нь анх 1939 онд Осло хотноо хуран чуулж байсан бөгөөд энэ удаагийн чуулга уулзалтад 50 гаруй парламентын Ерөнхий нарийн бичгийн дарга оролцож байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.