“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Нийгмийн эрүүл мэндийн тусламж,үйлчилгээний тухай, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын хуулиудыг нийтэлсэн. Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулиар дараах харилцааг зохицуулна. Үүнд:1)Эрүүл мэндийн байгууллагын анхан шатны нэгжээс эхлэн нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тэргүүлэх чиглэл болгон хэрэгжүүлнэ. 2)Хүн амд эрүүл мэндийн боловсрол олгох хөтөлбөр, баримт бичгийн төслийг Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу боловсруулж, Монгол Улсын хөгжлийн бодлогод тусгаж, хэрэгжүүлнэ. 3)Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг дараах төрлөөр үзүүлнэ. Үүнд:-халдварт болон халдварт бус өвчний хяналт; -орчны эрүүл мэнд; -хөдөлмөрийн эрүүл мэнд; - хүнсний аюулгүй байдал, шим судлал;- нийгэм, сэтгэц-зан үйл;- нөхөн үржихүйн эрүүл мэнд;-нийгмийн эрүүл мэндийн лаборатори;- нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын хариу арга хэмжээ. 4)Нийгмийн эрүүл мэндийн ажилтан нь Эрүүл мэндийн тухай хуульд заасан эрүүл мэндийн мэргэжилтний эрх, нийгмийн баталгааг эдэлнэ. 5)Нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлыг хэлэлцэж, салбар дундын үйл ажиллагааны уялдаа холбоог хангах чиг үүрэг бүхий Нийгмийн эрүүл мэндийн орон тооны бус үндэсний зөвлөл Ерөнхий сайдын дэргэд ажиллана. Зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг Ерөнхий сайдын санал болгосноор Засгийн газар батална. 6)Төрийн захиргааны төв байгууллага бүр нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний асуудлыг бодлого, үйл ажиллагаандаа тусгаж, хэрэгжүүлэх бөгөөд жил бүрийн хэрэгжилтийн тайланг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нэгтгэн, Нийгмийн эрүүл мэндийн орон тооны бус үндэсний зөвлөлд хүргүүлж, хэлэлцүүлнэ. 7)Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга харьяа нутаг дэвсгэрийн хүн амын эрүүл мэндийг дэмжих, хамгаалах асуудлаар хөтөлбөр, төсөл, арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж, хэрэгжилтийг хангаж ажиллана. 8)Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллага нь дараах төрөлтэй байна. Үүнд:- нийгмийн эрүүл мэндийн асуудал хариуцсан үндэсний төв; - аймаг, дүүргийн нийгмийн эрүүл мэндийн төв; - өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв; - эрүүл мэндийн байгууллагын нийгмийн эрүүл мэндийн нэгж, алба; - аж ахуйн нэгж, байгууллага. 9)Нийгмийн эрүүл мэндийн асуудал хариуцсан үндэсний төвийн дүрмийг Засгийн газар, бүтцийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. Аймаг, дүүргийн нийгмийн эрүүл мэндийн төвийн бүтэц, дүрмийг хүн амын төвлөрөл, газар нутгийн байршлыг харгалзан эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн баталж, удирдлагыг аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга томилж, чөлөөлнө. Эрүүл мэндийн тухай хуулийн 15.1.3, 15.1.4, 15.1.5, 15.1.7, 15.1.11, 15.1.12, 15.1.13-т заасан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллага нь нийгмийн эрүүл мэндийн нэгж, албатай байна. Харин хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, аж ахуйн нэгж, байгууллага, боловсролын сургалтын байгууллага нь нийгмийн эрүүл мэндийн нэгж, алба, нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнийг ажиллуулж болно. 10)Эрүүл мэндийн ноцтой байдал үүссэн тохиолдолд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв тохиолдлын удирдлагын тогтолцоонд шилжиж ажиллах бөгөөд эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухайн байгууллагыг арга зүйгээр хангаж ажиллана. 11)Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ нь ил тод байх бөгөөд түүнд олон нийтийн оролцоог хангах, хяналт тавих боломжийг бүрдүүлсэн байна. 12)Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг Эрүүл мэндийн даатгалын болон Эрүүл мэндийг дэмжих сан, хандив, тусламж, дэмжлэг, хууль тогтоомжоор хориглоогүй бусад эх үүсвэрээс санхүүжүүлж болох бөгөөд бусад бүх тохиолдолд нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг улсын төсвөөс санхүүжүүлнэ.
Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хууль хэрэгжиж эхэлснээр эрүүл мэндийн байгууллага иргэдэд өвчилсөн хойно нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэхээс илүүтэйгээр тэдэнд өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндээ хамгаалах, эрүүл дадал хэвшилтэй, эрүүл мэндийн боловсролтой байх асуудлаар тусламж, үйлчилгээ үзүүлж, үүний үр дүнд хүн амын дундаж наслалт дээшлэх, өвчлөл, нас баралтын тоог буурах, улмаар эрүүл мэндийн салбарт төрөөс зарцуулах санхүүжилт багасах эерэг үр дүн гарах ач холбогдолтой юм.
Түүнчлэн тус эмхэтгэлд “Хуулийн төсөл буцаах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолыг нийтэлсэн бөгөөд тус тогтоолоор Монгол Улсын Засгийн газраас 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Улсын Их Хуралд Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг буцаах нь зүйтэй гэсэн Байнгын хорооны санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдааны санал хураалтад оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.