Цэс

Холбоо барих

Тавантолгойн дулааны цахилгаан станцын төслийн явцын талаарх Засгийн газрын мэдээллийг сонслоо

Монгол Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2024.03.22/ үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсууриас Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандаж тавьсан эрчим хүчний шинэ эх үүсвэрийн талаарх асуулгын хариуг сонсов. Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь 2023 оны 10 дугаар сарын 27-нд тавьсан уг асуулгадаа, Тавантолгойн 450 МВт-ын дулааны цахилгаан станцын барилга угсралтын ажлыг гүйцэтгэх, ашиглалтад хүлээлгэн өгөх төслийн ажлын явц, өнөөдрийг хүртэл хойшилсоор байгаагийн шалтгаан, Камбож Улсын компани урьдчилсан байдлаар шалгарсан гэх мэдээлэл үнэн эсэх, станцыг хэзээ бүрэн хүлээн авах, түүнээс гарах үр өгөөж зэргийг тодруулж асуусан юм.

Улсын Их Хурлын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн дээрх асуулгад хариулахдаа, үндсэндээ 2013 оноос эхэлсэн Тавантолгойн цахилгаан станцын төсөл “Рио тинто” ХК-ийн төлбөрийн баталгаа, “Оюутолгой” ХК-ийн худалдан авах үнийн асуудал тохиролцоонд хүрээгүйн улмаас 2016 оноос зогсонги байдалд орсон талаар дурдаад, 2020 онд “Тавантолгой дулааны цахилгаан станц” ТӨХХК-г байгуулж үйл ажиллагааг эрчимжүүлсэн гэлээ. Станцын техник, эдийн засгийн үндэслэлийг Эрчим хүчний яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөл 2020 оны 12 дугаар сард баталж, 2023 оны тавдугаар сард шинэчилсэн байна. Цахилгаан дамжуулах агаарын шугамын зураг төслийг Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн 2021 онд хийсэн бөгөөд станц барих Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь 90.23 га газрын гэрчилгээг 2021 онд авч, түүнээс хойш төлбөрийг зохих ёсоор төлж буй бөгөөд 2023 онд Газар зохион байгуулалт, геодези, зурагзүйн газраар баталгаажуулалт хийлгэсэн байна. Мөн Тавантолгой-Оюутолгой чиглэлийн 220кВ-ын хоёр хэлхээ, 167 км урт цахилгаан дамжуулах агаарын шугамын трасс дайран өнгөрөх Цогтцэций, Ханбогд, Баян-Овоо сумдын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд тусгажээ. Станцын барилга байгууламж барих зөвшөөрөл, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэх зэрэг ажлуудыг 2021-2022 онд хийж гүйцэтгэн, Галба-Өөш долоодын говийн сав газар, Наймдайн хөндий, Загийн усны хоолойн ордуудаас ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалттай ус хэрэглэх асуудлыг шийдвэрлэсэн байна.

Сайд мэдээлэлдээ, Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс Оюутолгой уурхайг урт хугацаанд цахилгаан, эрчим хүчээр хангах гэрээг 2022 оны нэгдүгээр сарын 26-нд байгуулсан талаар дурдаж, тус уурхайн хэрэглээ 236-285 МВт бөгөөд Тавантолгойн станц ашиглалтад орсноор дотоодын эх үүсвэрээс бүрэн хангах боломж бүрдэнэ гэсэн юм. Харамсалтай нь Тавантолгойн дулааны цахилгаан станцын төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр 2021 оны 10 дугаар сард болон 2022 оны тавдугаар сард тус тус зарласан боловч амжилтгүй болсон байна. Иймд Засгийн газраас станцын төслийг 300МВт+150МВт гэсэн хоёр үе шат болгон хуваах шийдвэр гаргаж, эхний ээлжинд 300МВт-аар барьж байгуулах төсөлд дахин тендер зарласан байна. 2023 оны зургадугаар сард зарласан уг тендерт хоёр оролцогч санал ирүүлсэн нь, нэгдүгээрт, Камбожийн Хаант Улсын “Mitime International” компани, хоёрдугаарт, БНХАУ-ын China Western Power Industrial компани, Beijing Beizhong Steam Turbine Genetator компани болон Монгол Улсын “Майнс Ап” ХХК-ийн түншлэл байжээ. Тендерийн хороо “Mitime International” компанийг шалгаруулсан боловч “Майнс Ап” ХХК-ийн түншлэл гомдол гаргасан тул Сангийн яам уг тендерийг түр түдгэлзүүлж, дахин үнэлэх чиглэл өгчээ. Гэвч тендерийн хүчинтэй хугацаанд дахин үнэлгээ хийж, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, гэрээ байгуулах боломжгүй болж, уг тендер хүчингүй болсон байна.

Эрчим хүчний сайдын өгсөн хариутай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, О.Цогтгэрэл, Б.Пүрэвдорж, асуулга тавьсан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь нар асуулт асууж, үг хэлэв. Улс орны эрчим хүчний хэрэглээ улам өсөн нэмэгдэж байгаа болон эрчим хүчний найдвартай, хүрэлцээтэй эх үүсвэр нь хөгжлийг нөхцөлдүүлэх хүчин зүйл болохыг асуулт асуусан гишүүд онцолж, тус салбарын өнөөдрийн нөхцөл байдал хөгжлийг боомилж байгааг тэмдэглэж байлаа. Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, БНСУ-ын Экзим банкны зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа 10 аймгийн төвд дулааны станц барих төслийн ажлын явцын удаашралтай байгаагийн шалтгаан, нөхцөлийг асуув. Үүнд Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн хариулахдаа, уг ажлын гүйцэтгэгч Солонгосын “Бьюксан инженеринг” компанитай маргаантай байгааг мэдээлж, орлогч захирал нь энэ өдрүүдэд ирчихсэн, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэхээр ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна гэлээ. Уг төсөл энэ оны долдугаар сард ашиглалтад орох гэрээтэй боловч барилгын материалын үнийн өсөлтөөс шалтгаалан удаашраад байгаа аж. Гүйцэтгэгч компани үнэ өсгөх санал ирүүлсэн бөгөөд уг саналыг хоёр тал хэлэлцэж байгаа юм. Үнийг тохиролцсоны дараа төслийг хэрэгжүүлж дуусгах хугацааг тохиролцох бөгөөд энэ ондоо багтаах шаардлага тавина хэмээн сайд хэллээ.

Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, эрчим хүчний шинэ эх үүсвэр бий болгох чиглэлээр яам болон салбарын байгууллагууд хүчин чармайлт гаргахгүй байгааг шүүмжилж, Туул гол дээр хоёр ч тэнцвэржүүлэх усан цахилгаан станц барьж байгуулах үндэслэл тооцоо нэгэнт хийгдчихсэн байгааг хэрэгжүүлэх боломжтой эсэхийг асуусан бол Улсын Их Хурлын гишүүн Б.Цогтгэрэл, Тавантолгойн цахилгаан станцын төслийн хүрээнд Оюутолгой ХК-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэсэн сайдын мэдээлэл магадтай эсэхийг лавлав.

Усан цахилгаан станцуудын хувьд үйлдвэрлэх бүтээгдэхүүн нь өртөг өндөртэй, эрчим хүчний үнэ хямд тул 15-20 жилдээ хөрөнгө оруулалтаа нөхөхгүй гэсэн тооцоо гардаг учир гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхлын татдаггүй хэмээн Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн онцолсон юм. Мөн тэрбээр манай улсаас эхтэй голууд дээр цахилгаан станц барихыг Оросын Холбооны Улс эсэргүүцэж, ЮНЕСКО-д  хүртэл гомдол гаргасан талаар тэмдэглээд, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлж, уг өсөлтийг айл өрхийн хаалгаар бодитойгоор оруулсныхаа дараа эрчим хүчний үнийг нэмэх төлөвлөлтийг Засгийн газар дээр ярилцаж байгаа хэмээн мэдээллээ. Түүнчлэн, Тавантолгойн дулааны цахилгаан станцаас Оюутолгойн уурхайд 1.3 тэрбум КВт/цаг эрчим хүч нийлүүлэх гэрээ байгуулсан хэмээн Улсын Их Хурлын гишүүн Б.Цогтгэрэлийн асуултад хариулаад, Эрдэнэбүрэнгийн УЦС-ын санхүүжилтийн гэрээ байгуулагдаж байгааг дурдсан юм.

Асуулга тавьсан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь манай улсын эрчим хүчний хэрэглээ нийлүүлэлтээсээ давчихсан, эрэлт хэтрэх үед зүүн аймгуудын цахилгааныг хязгаарладаг гэдгийг онцолж, эрчим хүчний шинэ эх үүсвэрийг барьж байгуулах ажлыг удаашруулж байгаагийн цаана 2018 онд шинээр байгуулагдсан, 30.0 сая ам.доллараар илүү үнийн санал өгсөн Камбож Улсын туршлагагүй компанийг шалгаруулах ашиг сонирхол нуугдаж байгаа юм биш биз хэмээн хардаж байгаагаа нуусангүй. Үүнд Эрчим хүчний яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Ерэн-Өлзий хариулахдаа, “Mitime International” компанийн санхүүгийн үзүүлэлтүүд жил тутам сайжирч ирсэн бөгөөд яамнаас зарласан тендерийн нөхцөл нь Монгол Улсын талаас гарах хүүгийн зардлыг оролцуулсан харьцуулалт хийхээр байсан тул энэ нөхцөлд тохируулан 689.0 сая ам.долларын үнийн санал ирүүлсэн. Харин “Майнс Ап” ХХК-ийн түншлэл 706.0 сая ам.долларын үнийн санал ирүүлсэн гэлээ.

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурийг тендерт шалгараагүй “Майнс Ап” ХХК-ийн түншлэлийн эрх ашгийн үүднээс асуулга тавьж байна гэх хардлагатай байгаагаа хэлсэн бол Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь, Сангийн яамнаас тендерийг дахин зарлах чиглэл өгөөд байхад зарлахгүй байгаа нь төслийн ажлыг удаашруулахад хүргэсэн гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм. Тэрбээр, “ногоон автобус”-ны тендер явсаар байгаад Вьетнамын нэг жижигхэн засварын газар дээр очсон шиг Тавантолгойн станцын тендер жижиг улсын, чадваргүй аж ахуйн нэгж дээр очиж дуусах вий гэж болгоомжилж байна гэлээ.

Асуулгын хариуг сонссон хэлэлцүүлгийн эцэст хуралдаан даргалагч Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа, Салхитын салхин цахилгаан станцыг байгуулах үед 264 гарын үсэг цуглуулсан гэж уг бүтээн байгуулалтыг хийсэн хүмүүс ярьсан талаар жишээлээд, ажлыг удаашруулж, хөгжлийг хойш чангааж байгаа нэг том тээг бол хүнд суртал юм шүү хэмээн сануулж, үүнд анхаарч ажиллахыг зөвлөв.

Дараа нь чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх, эсэхийг хэлэлцлээ. Хууль санаачлагчийн илтгэлдээ Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, 1997 онд батлагдсан дээрх хуулийг зургаан удаа нэмэлт, өөрчлөлт оруулснаас өөрөөр шинэчлэн сайжруулалгүй явж ирсэн нь иргэд, олон нийтийн шүүмжлэлийг дагуулж, бухимдлыг төрүүлэхийн сацуу тухайн институцийн нэр хүнд, үйл ажиллагаанд нөлөөлөх, улс төржүүлэх, Үндсэн хуулийн үзэл баримтлалыг гажуудуулах сөрөг үр дагаварыг дагуулж болзошгүй байгааг онцолсон юм.

Хуулийн төслийг хэлэлцэх, эсэх талаарх Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж танилцуулав. Тэрбээр, иргэн эрхээ хамгаалах хуульд заасан арга замыг дуусгасны дараа хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэр, бусад акт өөрийнх нь үндсэн эрхийг зөрчсөн хэвээр байна гэж үзвэл Цэцэд өргөдөл гаргахаар хуулийн төсөлд тусгасныг онцлоод, иргэд, эрх бүхий этгээдээс Цэцэд ирүүлсэн өргөдөл, мэдээлэл, хүсэлтэд тавигдах шаардлага, хүлээн авахаас татгалзах үндэслэл, маргааныг хянан шийдвэрлэх үндэслэл, журмыг тодорхой болгох, Цэцэд маргаан үүсгэснээс хойш 90 хоногийн дотор хянан шийдвэрлэх ба мөн хугацаагаар хоёр хүртэл удаа сунгаж болох, Цэц, түүний гишүүний хараат бус байдал, Цэцийн процессын шударга байдлыг нэмэгдүүлэх, Цэцийн гишүүдийн ажлын ачааллыг тэнцвэржүүлэх, Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн үндэслэлийг онолын түвшинд, ойлгомжтой, үндэслэл сайтай гаргах шаардлагын үүднээс зөвлөлдөөн дууссанаас хойш 45 хоногийн дотор Цэцийн шийдвэрийг эцэслэн бичиж, ёсчлох, улмаар тодорхой хугацаанд нийтэд мэдээлэх, нийтлэх зэрэг зохицуулалт тусгасан дэлгэрэнгүй дурдсан юм.

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг төсөлд үндсэн эрхэд хамаарах зарим эрхүүд орхигдсон шалтгааны талаар, Цэцийн шийдвэрийн үндэслэл тодорхой, онолын үндэслэлтэй, ойлгомжтой байх талаар ямар онцлог зохицуулалт туссан талаар Цэц хүний үндсэн эрхийн маргааныг хянан шийдвэрлэдэг болсноор ажлын ачаалал нь хэрхэн нэмэгдэх талаар, Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар Цэц хүний үндсэн эрхийн маргааныг хянан шийдвэрлэдэг болсноор шүүхийн үйл ажиллагаатай хэрхэн уялдах, үүсэх үр дагаврын тапаар асуулт асууж, хариулт авчээ. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн байна.

Хууль санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг, Д.Тогтохсүрэн нар асуулт асууж хариулт авав. Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг, Үндсэн хуулийн цэц хүний үндсэн эрхийн маргааныг шийдвэрлэх болсон тохиолдолд Үндсэн хуулийн цэцийн гишүүд болон ажлын албыг хүний эрхийн мэдрэмжтэй ажиллах чадвартай болгоход хэрхэн бэлтгэх талаар, Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Улсын дээд шүүхийн шийдвэр эцсийн шийдвэр байна гэсэн Үндсэн хуулийн заалттай дээрх зохицуулалт нийцэж байгаа эсэх талаар асууж, хариулт авав.

Дараа нь Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл горимын санал гаргаж, үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл буюу ерөнхий хуулийн төслийн хэлэлцүүлгээс ажлын таван хоногийн засварлага авсан тул тус институцид маргаан хянан шийдвэрлэх тухай буюу процессийнх нь хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс мөн хугацаагаар завсарлага авах хүсэлт гаргав. Уг хүсэлтийг хуралдаан даргалагч хүлээн авч ажлын таван хоногийн засварлага өглөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл