Цэс

Холбоо барих

Цусны донорын тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлж, УИХ-ын тогтоолын төслийг баталлаа


Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2024.03.21) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 11 минутад эхэлж, Цусны донорын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Нийгмийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа нар тус тус танилцуулав.

Хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Донорын тухай хуулиар хүний эрүүл мэндийг хамгаалах, амь насыг аврах зорилгоор сайн дураараа цус, эс, эд, эрхтнээ үнэ төлбөргүй өгөх, шилжүүлэн суулгах, цусны аюулгүй байдлыг хангах цогц ажиллагаа, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэний эрх, үүрэгтэй холбоотой харилцааг зохицуулж буй талаар Ж.Чинбүрэн гишүүн онцолж, манай улсын хүн амын тоонд эзлэх 24-45 насны идэвхтэй донорын хувь хэтдээ хоёр дахин буурах төлөвтэй байгааг танилцууллаа. Дунджаар 20 орчим жил үргэлжлэх хүн амын цонх үеийн цус, цусан бүтээгдэхүүний нөөц, хангамжийг тасралтгүй хангах нь тулгамдсан асуудал болохоор байгааг дурдаж, КОВИД-19 цар тахлын үед цусны нөөц буурч, хариу арга хэмжээ авсны хүчинд эмнэлгийн хэрэгцээт цус, цусан бүтээгдэхүүний тасалдалгүй даван туулсан байна.

2021 оны байдлаар улсын хэмжээнд 19337 цусны донор бүртгэлтэй байгаагаас 7837 нь тогтмол цусаа хандивладаг байна. Улсын хэмжээнд аймгийн болон бүсийн эмчилгээ, оношлогооны төвүүд, алслагдсан дүүргийн эмнэлгүүдийг түшиглэсэн нийт 26 цусны төв тухайн эмнэлэг, төвийнхөө удирдлагад ажилладаг аж. Цуглуулсан цусны нэгж бүрд халдварын шинжилгээ хийж, 36 нэр төрлийн 103265 нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэж буйн 78 хувийг Цус сэлбэлт, судлалын үндэсний төв (ЦССҮТ) дангаараа бүрдүүлж байна. Цус цуглуулах, шинжлэх, үйлдвэрлэх, хадгалах, түгээх үйл ажиллагааг үр дүнтэй зохион байгуулахын тулд цусны төвүүдийг төвлөрсөн болон бүсчилсэн байдлаар үндэсний хэмжээнд зохицуулах нь цусны чанар, аюулгүй байдлыг хангах, стандартыг мөрдүүлэхэд чухал нөлөөтэйг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-аас зөвлөдөг. Мөн энэ үйл ажиллагааны тогтолцоо нь нэгдмэл удирдлага, зохион байгуулалттай байх, бүх шатанд үр дүнтэй, зохистой ажилладаг алба, хүрэлцээ, хангамж, аюулгүй байдлыг үнэлж, хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх байгууллагатай байхыг зөвлөмж болгодог байна.


Иймд дээрх зарчмуудыг тусгаж, Донорын тухай хууль дахь цус, цусан бүтээгдэхүүний нөөц, хангамж, сэлбэлттэй холбоотой зохицуулалтыг тусад нь салгаж, бие даасан хууль болгох нь зүйтэй гэж үзэн, энэхүү төслийг боловсруулснаа Ж.Чинбүрэн нэгдсэн хуралдаанд танилцуулав.

Хуулийн төсөлд цус сэлбэлт, судлалын харилцаанд оролцогч байгууллагуудын эрх, үүрэг, санхүүжилтийн тогтолцоо, цусны донор, сэлбүүлэгч, эрүүл мэндийн байгууллага, ажилтанд тавих шаардлага, цус цуглуулах, шинжлэх, боловсруулах, хадгалах, тээвэрлэх, хэрэглэх, устгах зэрэг бүхий л үйл ажиллагааны зохицуулалт, мэдээллийн сан, донорыг алдаршуулах зэрэг харилцааг зохицуулахаар тусгасан байна. Хуулийн төсөл батлагдсанаар иргэд чанартай, аюул эрсдэлгүй тусламж, үйлчилгээг хүртээмжтэй хүртэх, удирдлага, тогтолцоо болон үйл ажиллагаа шинэ шатанд гарах, сургалт, сурталчилгаа, донорыг алдаршуулах, урамшуулах ажил сайжирч, орон нутаг дахь үйл ажиллагаанд ахиц гарах, онцгой байдлын үед тасалдал, дутагдал үүсэхгүй болох нөхцөл бүрдэх ач холбогдолтой хэмээн төсөл санаачлагч үзсэн байна.


Нийгмийн бодлогын байнгын хороо 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаараа дээрх төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцжээ.

Хуулийн төсөл батлагдсанаар улсын төсвөөс нэмэлт эх үүсвэр шаардахгүйгээр байгууллага өөрийн орлогоор эхний ээлжид хүний нөөцийн зардал, материаллаг зардал, бусад зардалд нийт 14 тэрбум төгрөгийн зардал гарах, цаашид техник, технологийн шинэчлэлтэй холбоотой хөренгө оруулалтын зардлыг улсын төсөвт тусгах тооцооллыг төсөл санаачлагч танилцуулсан байна. Хуулийн төслийг d.parliament.mn цахим хуудаст байршуулж иргэд, олон нийтийн санал авч байгааг Б.Жаргалмаа гишүүний танилцуулсан санал, дүгнэлтэд дурдав. Цусны донорын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 66.7 хувь нь үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.


Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, С.Ганбаатар, Д.Ганбат, Г.Мөнхцэцэг, Д.Сарангэрэл, Н.Энхболд нар асуулт асууж, төслийн үзэл баримтлалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, Ц.Мөнхцэцэг, Б.Бейсен нар үг хэлж, байр сууриа илэрхийллээ. Донорын тухай хуулиас ийнхүү цусны донорын талаарх зохицуулалтыг салган, бие даасан хууль батлах шаардлага, эхний ээлжид шаардлагатай гэх 14 тэрбум төгрөгийн санхүүжилтийн талаар М.Оюунчимэг гишүүн тодруулсан. Цусны донор болох эд, эс, эрхтэний донор болох нь маш их ялгаатай үйл ажиллагаа гэдгийг төсөл санаачлагч Ж.Чинбүрэн гишүүн тайлбарлаад “Цусны донор болно уу гэж нийтэд уриалж болох ч эд, эс, эрхтэний донор болохыг уриалах боломжгүй. Монгол Улсын нэгдэн орсон олон улсын баримт бичигтэй ч мөн нийцнэ” гэв. Түүнчлэн улсын хэмжээнд цуг цуглуулах үйл явцыг идэвхжүүлэх, холбогдох мэргэжилтнүүдийн нийгмийн баталгааг сайжруулах шаардлагын талаар мэдээлэл өгсөн. Засгийн газраас өгсөн саналуудыг төсөлд тусгасан эсэх, шинэ агентлаг байгуулах эсэх, мөн төслийн 6.1.7 дахь заалтын шаардлага, үндэслэл, 19.3 дэх заалтын талаар боловсролын байгууллагаас судалгаа авсан эсэх, 24.3 дахь заалт нь хүний эрхийн зөрчил үүсгэх эсэх, сар бүр цусны төвийн үйл ажиллагааны нэмэгдэл цалин олгох үндэслэл зэргийг С.Ганбаатар гишүүн тодруулсан. Төслийн хүрээнд цусны донорын үйл ажиллагааг урамшуулан, дэмжих тогтолцоог бүрдүүлэхийг зорьж байгааг Ж.Чинбүрэн гишүүн тайлбарласан. Энэ ч агуулгаар боловсролын байгууллагын сургалтын хөтөлбөрт зохих агууллагыг багтаах нь зүйтэй хэмээн үзсэн байна. Цус сэлбэх үйл ажиллагаа орчин үед маш хурдацтай хөгжиж байгаа бөгөөд эрүүл мэндийн салбарт чухал нэгж байгаа учраас технологиудыг хөгжүүлэхийн тулд өөрсдийнх нь олсон орлогоор тоног төхөөрөмжийг шинэчлэх, сайжруулах, мэргэжилтнүүдийг давтан сургах шаардлагатай байгааг хэлсэн. Түүнчлэн цусны хэрэгцээ 160 хувиар өссөн байхад боловсон хүчний нөөц ердөө 20 хувиар нэмэгдэхүйц байгаа учраас хүний нөөцийг бодлогоор дэмжих, санхүүжилтийн зохицуулалтыг хийх эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлага бий гэлээ.


Цусны донорын асуудал нь эрүүл мэндийн салбарын нэг хэсэг, нэгж  байтал ийнхүү бие даасан салбарын хэмжээнд зохицуулахаар хуулийн төсөл боловсруулсан гэдэг байр суурийг С.Чинзориг гишүүн илэрхийлсэн. Эмч, эмнэлгийн ажилтнуудын эрх, үүрэг, нийгмийн хамгаалал, мэргэжил дээшлүүлэх сургалт гээд энэ бүх харилцаа нь салбарынхаа суурь хууль болох Эрүүл мэндийн тухай хуулиар, цалин, хөлс, нэмэгдэл, урамшуулал нь Төрийн албаны хуулиар зохицуулагддаг. Энэ шалтгаанаар дэмжихгүй зохицуулалтууд байгаагаа С.Чинзориг гишүүн хэлсэн. Түүнчлэн орлогоо захиран зарцуулах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд  эргэлтийн сан гэх зохицуулалтыг төсөлд тусгасан нь цаашид орлого олдог төсвийн байгууллагуудад жишиг болох магадлалтай учраас дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн. Ийнхүү гишүүд асуулт асууж, төсөл санаачлагч болон ажлын хэсгээс хариулт авсны дараа Улсын Их Хурлын гишүүд үг хэлсэн. Цусны төвүүдийг бүсчлэн байгуулдаг, тэдгээр нь нэгдсэн удирдлагатай байдаг улс орнуудын жишгийн талаар Н.Энхболд гишүүн дурдаад жил бүр өсөн нэмэгдэж буй цус, цусан бүтээгдэхүүний эрэлтийг хангахын тулд донорын тоог нэмэгдүүлэх, салбарын хүний нөөцийг бэхжүүлэх, цусны төвийг бүсчлэн зохион байгуулах нь зүйтэй гэдэг саналыг хэлж байв. Төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжиж байгаа ч сайн дураараа цусаа хандивлах үйл ажиллагаа гэдгийг Ц.Мөнхцэцэг гишүүн онцлоод энэ үүднээсээ төслийн нэртэй, төсөл дэх нэр томьёотой холбоотой санал гаргасан. Б.Бейсен гишүүн төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжиж байгаагаа илэрхийлээд мэргэжлийн хүний хувиар цус сэлбэх үйл ажиллагаатай холбоотой тайлбар, орон нутаг дахь нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөв.   

Үргэлжлүүлэн Цусны донорын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн Нийгмийн бодлогын байнгын хорооны саналаар санал хураахад нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 47 гишүүний 61.7 хувь нь дэмжлээ. Иймд хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлэв.


Дараа нь “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг танилцуулав.

Монгоп Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр, Шүүхийн сахилгын хорооноос 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Улсын Их Хуралд ирүүлсэн саналыг үндэслэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт заасны дагуу Хууль зуйн байнгын хорооноос боловсруулсан “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Хууль зүйн байнгын хороо 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн. Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийг хэлэлцэх явцад Улсын Их Хурлын гишүүдээс асуулт, санал гараагүй юм. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулах нь зүйтэй гэж үзжээ.


Байнгын хорооны дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан нэгдсэн хуралдаанд оролцож буй Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул төслийг батлуулах нь зүйтэй гэсэн Хууль зүйн байнгын хорооны саналаар санал хураалт явууллаа. Нэгдсэн хуралдаанд оролцсон 47 гишүүний 51.1 хувь нь уг саналыг дэмжснээр “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл батлагдлаа.  

Энэ өдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдааны төгсгөлд Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 2023 оны биелэлт, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2023 оны хэрэгжилт, Монгол Улсын хөгжлий‌н 2023 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцэв.

Эхлээд Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл,  Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын хөгжлийн 2023 оны жилийн төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар танилцууллаа.


Улсын Их Хурлын 2020 оны 23 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”, мөн оны 24 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, Улсын Их Хурлын 2022 оны 23 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын хөгжлийн 2023 оны жилийн төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг хуулийн хугацаанд гарган Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн, Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн байна. 

Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл нь 9 зорилгын хүрээнд 47 зорилт дэвшүүлж, 243 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд 2023 оны явцын дундаж үнэлгээ 80.4 хувьтай үнэлэгдсэн буюу өмнөх 2022 оноос 6.2 хувиар өссөн дүнтэй байгаа аж. Нийт 104 арга хэмжээ үр дүнтэй, 96 арга хэмжээ тодорхой үр дүнд хүрсэн, 32 арга хэмжээг эрчимжүүлэх шаардлагатай, 11 арга хэмжээ үр дүнгүй хэмээн үнэлэгдсэн болохыг Ч.Хүрэлбаатар сайд танилцуулсан.

Монгол Улсын 2021-2025 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөрт 9 бүлгийн хүрээнд 150 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээс 2023 оны явцын дундаж үнэлгээ 63.3 хувь болж өмнөх оноос 17.6 хувиар өсжээ. Эдийн засаг, хөгжлийн сайд хэрэгжилтийг зорилго тус бүрээр нь нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм. Үүнд Үндэсний нэгдмэл үнэт зүйл-80 хувь; Хүний хөгжил-79.8 хувь; Амьдралын чанар ба дундаж давхарга-90 хувь; Эдийн засаг-84 хувь; Засаглал-60.8 хувь; Ногоон хөгжил-70.6 хувь; Амар тайван аюулгүй нийгэм-91.7 хувь; Бүс, орон нутгийн хөгжил-82.1 хувь; Улаанбаатар ба дагуул хот-80.5 хувийн хэрэгжилттэй байгаа гэв.

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд 6 бодлого, 23 чиглэл, 259 зорилтын хүрээнд 1087 арга хэмжээ тусгагдсаны 1042 арга хэмжээг хэрэгжүүлсэн бөгөөд 2023 оны байдлаар 74.2 хувийн (өссөн дүнгээр 73.8 хувь) хэрэгжилттэй байгааг Ч.Хүрэлбаатар сайд танилцуулав. Нийт арга хэмжээний 183 буюу 17.6 хувь  нь үр дүнтэй, 628 буюу 60.3 хувь нь тодорхой үр дүнд хүрсэн, 205 буюу 19.7 хувь  нь эрчимжүүлэх шаардлагатай, 26 буюу 2.7 хувь нь үр дүнгүй хэрэгжсэн байна.

Хөтөлбөрийн хэрэгжилтийг бодлого тус бүрээр мөн танилцууллаа. КОВИД-19 халдварт цар тахлаас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн хүндрэлийг даван туулах бодлого-87.0 хувь; Хүний хөгжлийн бодлого-71.7 хувь; Эдийн засгийн бодлого-71.1 хувь; Засаглалын бодлого-78.4 хувь; Ногоон хөгжлийн бодлого- 76.5; Нийслэл ба бүс, орон нутгийн хөгжлийн бодлого-76.9 хувийн хэрэгжилттэй байна.


Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөөнд 5 бодлого, 18 зорилго, 75 төсөл, арга хэмжээ, 201 шалгуур үзүүлэлтийг хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс 2023 оны байдлаар 79.2 хувийн хэрэгжилттэй байгаа аж. Нийт төсөл, арга хэмжээний буюу 16 буюу 21.3 хувь нь “үр дүнтэй”, 44 буюу 58.7 хувь нь “тодорхой үр дүнд хүрсэн”, 9 буюу  12.0 хувь нь “эрчимжүүлэх шаардлагатай”, 6 буюу 8.0 хувь нь “үр дүнгүй” үнэлэгджээ. Тодруулбал Хүний хөгжлийн бодлого-76.2 хувь; Эдийн засгийн бодлого-76.1 хувь; Иргэн төвтэй хөгжлийг дэмжсэн засаглалын бодлого-92 хувь; Байгаль орчны тэнцвэрт байдлыг хангах ногоон хөгжлийн бодлого-79.1 хувь; Нийслэл ба бүс, орон нутгийн хөгжлийн бодлого-82.0 хувийн биелэлттэй гэв.

Дэлхий дахиныг хамарсан цар тахал, геополитикийн хямралт нөхцөл байдлын нөлөөгөөр манай улсын эдийн засгийн өсөлт 2020 онд 4.6 хувиар агшиж, гадаад валютын албан нөөц 2022 оны 08 дугаар сард 2.5 тэрбум ам.доллар хүртэл буурч, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл сүүлийн 4 жил алдагдалтай гарч, инфляц 2022 оны хагас жилд 16.1 хувь хүртэл өссөн зэрэг тогтворгүй нөхцөлтэй тулгарсан.

Гэсэн хэдий ч эдийн засгийг тогтворжуулах, суурийг тэлэх, хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийг шийдвэрлэх зорилгоор хэрэгжүүлж эхэлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”, экспортын валютын орлогыг нэмэгдүүлэх бодлогуудыг авч хэрэгжүүлсний үр дүнд эдийн засаг 2023 онд 7 хувиар өсөж, гадаад валютын албан нөөц 2023 оны байдлаар 5 тэрбум ам.долларт хүрч, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 763 тэрбум төгрөгийн ашигтай гарч, инфляц 7.9 хувь хүртэл буурч нэг оронтой тоонд орсон болохыг тэрбээр нэгдсэн хуралдаанд танилцууллаа.

Түүнчлэн Засгийн газрын томоохон төлбөрүүд болох “Чингис”, “Мазаалай”, “Гэрэгэ” бондуудыг өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд бүрэн төлж, гадаад өрийн дарамтыг шийдвэрлэн, тогтвортой өсөлтийг хангах суурь нөхцөлийг бүрдүүлжээ.

Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т “Төрийн аудитын байгууллага улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланд аудит хийж, жил бүрийн 03 дугаар сарын 15-ны дотор Улсын Их Хуралд ирүүлсэн байна”, 18 дугаар зүйлийн 18.4-т “Төрийн аудитын байгууллага Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн гүйцэтгэлийн тайланд аудит хийж, гүйцэтгэлийн тайлан хэлэлцэх жилийн 03 дугаар сарын 15-ны дотор Улсын Их Хуралд ирүүлсэн байна” гэж заасан байдаг. Энэ дагуу Монгол Улсын Ерөнхий аудиторын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Загджав аудитын тайланг нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм.

Монгол Улсын хөгжлийн 2023 оны жилийн төлөвлөгөөний гүйцэтгэлийн үр дүнд хийсэн аудитын хүрээнд тус төлөвлөгөөнд нийт 75 төсөл, арга хэмжээг 201 шалгуур үзүүлэлт бүхий төсөл, арга хэмжээнд задалж хэрэгжүүлэхэд 15.1 их наяд төгрөг шаардлагатай байхаар баталж, 9.8 их наяд төгрөгийг зарцуулсан аж. Энэ нь төлөвлөсөн санхүүжилтийн 64.9 хувийг эзэлж байгаа гэв.

Улсын хөгжлийн 2023 оны жилийн хөгжлийн төлөвлөгөөг Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөртэй нийцүүлэн боловсруулсан байна. Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд туссан 201 төсөл, арга хэмжээнээс “Улсын төсөв болон гадаадын зээл тусламж”-ийн эх үүсвэрээс санхүүжих нийт 156 төсөл арга хэмжээ байгаагийн 33 төсөл арга хэмжээ нь Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд тусаагүй гэв.  


Аудитын дүнд үндэслэн анхаарвал зохих асуудлаар холбогдох дүгнэлт гаргасныг Монгол Улсын Ерөнхий аудиторын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Загджав танилцуулсан юм. Тухайлбал, Улсын хөгжлийн 2023 оны жилийн төлөвлөгөө 70.8 хувьтай хэрэгжсэн бөгөөд нийт төсөл, арга хэмжээний 28.4 хувь нь “Үр дүнтэй”, 38.8 хувь нь “Тодорхой үр дүнд хүрсэн”, 24.4 хувь нь “Эрчимжүүлэх шаардлагатай”, 8.5 хувь нь “Үр дүнгүй” байна. Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль болон Төсвийн тухай хуульд заасан төсөл, арга хэмжээнд тавигдах шаардлага ялгаатай байгаа нь Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө тухайн жилийн төсвийн тухай хуультай уялдахгүй байхад нөлөөлж байна гэж дүгнэжээ. Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд тусгасан төсөл, арга хэмжээний суурь түвшин, шалгуур үзүүлэлт, санхүүжилтийн эх үүсвэр, санхүүжилтийн хэмжээг бодитой тодорхойлоогүйгээс төлөвлөсөн төсөл, арга хэмжээ зорилтот түвшинд хүрэхгүй, улмаар Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний нийгэм, эдийн засагт үзүүлэх үр нөлөөг бууруулж байна хэмээн дүгнэсэн байна.

Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний гүйцэтгэлийг хэрэгжүүлэгч байгууллагууд, Эдийн засаг, хөгжлийн яам, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар бодит гүйцэтгэл, холбогдох нотлох баримтад үндэслэж бодитой үнэлээгүй; Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөг хэрэгжүүлэгч байгууллагууд төлөвлөсөн төсөл, арга хэмжээг хэдэн хувьтай хэрэгжүүлсэнд ач холбогдол өгч байгаагаас төсөл, арга хэмжээний үр дүнд  нийгэм, эдийн засагт ямар үр нөлөө бий болж байгааг тооцож үнэлээгүй нь хууль, эрх зүйн зохицуулалт дутагдалтай, уг үнэлгээг хийх тогтолцоо бүрдээгүйтэй холбоотой байна гээд аудитаар илэрсэн асуудлыг шийдвэрлэхийн тулд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулсан.


Үргэлжлүүлэн Монгол Улсын Ерөнхий аудиторын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Загджав Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 2021-2023 оны хэрэгжилтэд хийсэн аудитын дүгнэлт, зөвлөмжийг нэгдсэн хуралдаанд танилцууллаа.

“Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр-ийг 2021-2023 оны хооронд 6 бодлого, 23 зорилго, 261 зорилтын хүрээнд 1046 арга хэмжээг хэрэгжүүлэхэд нийт 89.3 их наяд төгрөгийн хөрөнгө шаардлагатай байхаар баталж, гүйцэтгэлээр дунд хугацааны зорилго, зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхэд нийт 34.8 их наяд төгрөгийг зарцуулсан байна. Хөтөлбөрийн зорилго, зорилт, төсөл, арга хэмжээний хэрэгжилт, үр дүнг үнэлэхэд 326 буюу 31.2 хувь нь “Үр дүнтэй”, 324 буюу 31 хувь нь “Тодорхой үр дүнд хүрсэн”, 271 буюу 25.9 хувь нь “Эрчимжүүлэх шаардлагатай”, 125 буюу 12 хувь нь зорилтот шалгуур үзүүлэлт, хүрэх түвшнийг хангаагүй хэмээн дүгнэсэн байна. 

Аудитын дүгнэлтээр хөтөлбөрт оролцогч талуудын ажлын уялдаа холбоо хангалтгүй, арга хэмжээнд шаардлагатай төсөв хөрөнгө нь батлагдаагүйгээс тухайн зорилт, арга хэмжээний биелэлт зорилтот үр дүнд хүрээгүй, хөтөлбөрийн биелэлт 70.5 хувьтай гарчээ. 2021-2023 оны хэрэгжилтийг авч үзэхэд КОВИД-19 халдварт цар тахлаас үүдэлтэй эдийн засаг, нийгмийн хүндрэлийг даван туулах бодлого 83, Хүний хөгжлийн бодлого 67, Эдийн засгийн бодлого 59, Засаглалын бодлого 73, Ногоон хөгжлийн бодлого 67, Нийслэл ,бүс, орон нутгийн хөгжлийн бодлого 73 хувийн биелэлттэй гарсан байна. Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн дунд хугацааны баримт бичгийн хэрэгжилтийн нотлох баримтыг Засгийн газрын Төрийн мэдээллийн нэгдсэн цахим системд оруулж хэвшээгүй, арга хэмжээний хэрэгжилтийн тайланд үндэслэдэг, нотлох баримтад тулгуурлан нягтлан шалгахгүйгээр шат шатны хяналт-шинжилгээ, үнэлгээ, дүгнэлтийг гаргаж байгаа нь хөтөлбөрийн үр дүн, үр нөлөөг бодитой үнэлж дүгнэх үндэслэл болж чадаагүй, хяналтын тогтолцоо сул байна гэжээ. Хөтөлбөрийг хэрэгжүүлэгч төрийн захиргааны төв байгууллага, түүний дотоод хяналт-шинжилгээ, үнэлгээний нэгж, мөн Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэгч газар нь хөтөлбөрийн үр дүнд бий болсон бүтээн байгуулалт, түүнд зарцуулсан хөрөнгийг нэгтгэн тайлагнаагүй байгааг аудитын дүгнэлтэд дурдсан юм.


Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хяналт-шинжилгээ, үнэлгээний 154 шалгуур үзүүлэлтийн хүрэх түвшинтэй Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 61 шалгуур үзүүлэлт уялдаж хэрэгжсэнээс 2021-2023 оны үр дүнгээр 17 шалгуур үзүүлэлтийн үр дүн нь хангагдажээ. Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад босоо болон хэвтээ тогтолцоондоо төрийн захиргааны төв байгууллага хамтарч ажиллах зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлээгүйгээс зарим зорилт, арга хэмжээ зорилтот үр дүнд хүрээгүй байна.

Аудитын дүн, дүгнэлтэд үндэслэн Монгол Улсын Ерөнхий сайдад 4, Төсвийн ерөнхийлөн захирагч болон хэрэгжүүлэгч байгууллагын дарга нарт 3, нийт 7 зөвлөмжийг  тус тус хүргүүлсэн байна.

Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 2023 оны биелэлт, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2023 оны хэрэгжилт, Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг Төрийн байгуулалтын болон Эдийн засгийн байнгын хороод 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн хамтарсан хуралдаанаар хэлэлцсэн бөгөөд санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэрэнпунцаг танилцуулсан.


Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарын танилцуулга, Монгол Улсын Ерөнхий аудиторын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Загджавын танилцуулсан аудитын дүгнэлт болон Байнгын хороодын хамтарсан хуралдааны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Х.Ганхуяг, С.Ганбаатар, Ц.Туваан нар асуулт асууж, Засгийн газрын гишүүд, ажлын хэсгийн гишүүдээс хариулт, тайлбар мэдээлэл авсан. Эдийн засаг 2023 онд 7 хувиар өсөж, гадаад валютын албан нөөц 2023 оны байдлаар 5 тэрбум ам.долларт хүрч, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 763 тэрбум төгрөгийн ашигтай гарч, инфляц 7.9 хувь хүртэл буурч нэг оронтой тоонд орсон таатай үзүүлэлтийг өрхийн амьжиргаанд мэдрүүлэх чиглэлд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар М.Оюунчимэг гишүүн тодруулсан. Эдийн засгийн өсөлтийн гол өсөлт уул уурхай, зам тээвэр, үйлчилгээний салбарууд дээр гарсан гэдгийг Ч.Хүрэлбаатар сайд хэлсэн. Салбарын өсөлтөөс орлогыг төсөв дээр татаж, бүрдүүлээд төсвөөс цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлсэн талаар санууллаа. Түүнчлэн аль болох олон хүнд хүртээмжтэй байдаг салбараа төрөөс бодлогоор дэмжиж, хөрөнгө оруулалт хийж байх нь алсаараа өндөр үр дүнтэй байдаг гэдгийг хэлж байв. Нүүрсний салбар дахь хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож, ил тод байдлыг хангасан нь олон сайн үр дагавар, жишгийг тогтоогоод байгааг дурдсан.

Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, С.Ганбаатар, Ц.Туваан нар  аливаа бизнесийн үйл ажиллагаанд төрийн оролцоог бууруулах, хуулиудын хэрэгжилтийг хангах, эрчим хүчний салбарын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхтэй холбоотой тодруулга хийж, байр сууриа илэрхийлэв.

Үүгээр үдээс өмнөх нэгдсэн хуралдаан өндөрлөсөн бөгөөд хуралдаан үдээс хойш Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 2023 оны биелэлт, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2023 оны хэрэгжилт, Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайлангийн хэлэлцүүлгээр үргэлжилнэ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

 

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл