Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2024.03.20/ Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд хуралдлаа. Тус Байнгын хороо энэ өдрийн хуралдаанаараа Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 01 дүгээр дүгнэлт, Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн бэлтгэл ажлын талаар Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хороо болон Сонгуулийн ерөнхий хорооны мэдээллийг сонссон юм.
Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 1 дүгээр дүгнэлтийг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд уншиж танилцуулав. Үндсэн хуулийн цэц нэр бүхий иргэдээс ирүүлсэн мэдээллийн дагуу Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3.3 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хэлэлцээд Монгол Улсын Их Хурлаас 2023 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлд “сүүлийн 6 хүртэл жилийн хугацаанд Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан Төсвийн тогтвортой байдлын зөвлөлд гишүүнээр ажиллаж байгаагүй.” гэсэн 29.3.3 дахь заалт нэмсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “… хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Хорин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсгийн “… Улсын Их Хурлын ээлжит сонгууль явуулахын өмнөх нэг жилийн дотор Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно.” гэсэн заалтыг зөрчсөн байна хэмээн дүгнэж, уг заалтыг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Цэцийн дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл хариуцлага хүлээх этгээдийн талаар асуусан бол Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд дээрх дүгнэлтийг дэмжиж буйгаа илэрхийлж, үг хэлэв. Гишүүд үг хэлсний дараа Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 1 дүгээр дүгнэлтийг дэмжих эсэхээр санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл танилцуулахаар боллоо.
Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн бэлтгэлтэй холбогдуулан Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны мэдээллийг сонссон юм.
Сонгуулийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах чиг үүргийн хүрээнд Сонгуулийн ерөнхий хороо болон Улсын бүртггэлийн ерөнхий газрын танилцуулга мэдээллийг тус дэд хорооны хуралдаанаар сонсож, хэлэлцсэн талаар Дэд хорооны гишүүн, Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд танилцууллаа. Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-т заасны дагуу Монгол Улсын Их Хурлын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 113 дугаар тогтоолоор Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн сонгогчдын бүртгэлийн үйл ажиллагаанд бүртгэлийн техник хэрэгслийг, санал авах, тоолох, дүн гаргах үйл ажиллагаанд “New Image Cast” санал тоолох төхөөрөмж хэрэглэхийг зөвшөөрсөн. Сонгуулийн ерөнхий хороо, түүний дэргэдэх Мэдээллийн технологийн төвөөс санал авах, тоолох, дүн гаргах үйл ажиллагаанд хэрэглэх сонгуулийн автоматжуулсан системийн техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хангах, сонгуульд бэлтгэл ажлыг Монгол Улсын Их Хурлын дээрх тогтоол болон Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль, Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хууль тогтоомжид заасны дагуу үе шаттайгаар авч хэрэгжүүлэн, техникийн бэлэн байдлыг бүрэн ханган ажиллаж байна. Мэдээллийн аюулгүй байдлын эрсдэлийг шинэчлэн тодорхойлох, эрсдэлт хүчин зүйлийг арилгах зорилгоор Сонгуулийн ерөнхий хорооноос Тагнуулын ерөнхий газарт хүсэлт гаргаж, холбогдох зөвлөмжийг авсан. Тагнуулын ерөнхий газраас ирүүлсэн зөвлөмжийн дагуу Сонгуулийн ерөнхий хорооны кибер аюулгүй байдлын бодлого, Кибер аюулгүй байдлыг хангах журам, Онцгой байдлын үед мэдээллийн систем, сүлжээний тасралтгүй ажиллагааны төлөвлөгөө зэрэг бодлогын баримт бичгийг шинэчлэн баталж, дагаж мөрдөж, хэрэгжүүлж эхэлжээ. Сонгуулийн мэдээллийн нэгдсэн санг ашиглалтад оруулснаар сонгууль зохион байгуулах үед үүсэж болзошгүй зөрчлөөс урьдчилан сэргийлж, бүртгэл болон сургалт, мэдээллийг түргэн шуурхай хангаж ажиллах ач холбогдолтой.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.17 дахь хэсэгт “Сонгогчдын нэрийн жагсаалт цаасан болон цахим хэлбэртэй нэгдсэн нэг сантай байх бөгөөд сонгогчийг сонгуулийн зөвхөн нэг хэсэгт бүртгэнэ.” гэж заасны дагуу нэгдсэн сангаас бүртгэлийг тулгах, улсын бүртгэлийн нэгдсэн сүлжээнд дамжуулан ажиллахдаа 2200 ширхэг 4G сүлжээний төхөөрөмжийг хэрэглэнэ. Уг шийдлийг хэрэгжүүлэх зардалд 484 сая төгрөг шаардлагатай.
Хуулийн хэрэгжилтийг хангах, гадаад улсад байгаа иргэдийн сонгуульд оролцох, саналаа өгөх боломжийг бүрдүүлэх зорилгоор Монгол Улсаас хилийн чанадад ажиллаж буй Дипломат төлөөлөгчийн газрын программ хангамжийг иргэний улсын бүртгэлийн газрын цахим мэдээллийн сан дахь сонгогчийн бүртгэлийн нэгдсэн санд бүрэн холбох шаардлага үүссэн. Монгол Улсаас хилийн чанадад 49 дипломат төлөөлөгчийн газар бий. Тэдгээрээс 9 нэгжийг иргэний бүртгэлийн нэгдсэн санд холбосон. Дипломат төлөөлөгчийн газруудад VPN сүлжээ тавих бөгөөд сонгогчдын нэрийн жагсаалт, хувийн мэдээллийн нууцлалыг хадгалж, хамгаалах үүднээс Тагнуулын ерөнхий газрын зөвшөөрлөөр уг ажлыг гүйцэтгэнэ. Сонгуулийн хуулийг хэрэгжүүлэх, гадаад дахь сонгогчдын саналыг авах зорилгоор 38 нэгжид ажиллуулах техник, төхөөрөмжийг шинэчилсэн. VPN сүлжээг нэвтрүүлэхэд 470,301,330 төгрөгийн төсвийг шийдвэрлэн ажиллах шаардлагатай талаар Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хороонд танилцуулсан гэв.
Дэд хорооны танилцуулгыг сонссоны дараа Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран нэмэлт мэдээлэл өгсөн юм. Тэрбээр, ээлжит сонгуулийг зохион байгуулахад шаардлагатай зардлын төсөв 38,9 тэрбум төгрөгийн төслийг хүргүүлсэн боловч 17,2 хувь нь хасагдаж батлагдсан. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад сонгуулийн тойргийг бүсчилсэн хөгжлийн хөтөлбөрт нийцүүлэн томсгосонтой холбогдуулан саналын хуудасны хэмжээ өөрчлөгдсөн, хэвлүүлэх нэмэлт зардал шаардлагатай байгаа. Саналын хуудаст тэмдэглэх нэр дэвшигчдийн тоо нэмэгдсэн тул санал авах ажиллагааг хэвийн явуулах, сонгогчдод хүндрэл учруулахгүй байх зэргээс улбаалан санал авах байрыг нэмж бэлтгэх, санал авах бүхээгийг нэмж байршуулах, хүрэлцээтэй байлгах зардал нэмэгдсэн. Байнгын бус ажиллагаатай сонгуулийн хороодод нийт 25 951 төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагч ажиллах урьдчилсан тооцоо гарсан. Бүх шатны сонгуулийн байгууллагад ажилласан ажилтнуудад олгох урамшуулал, гадаад дахь сонгогчдоос санал авах ажиллагаатай холбогдуулан бүртгэл мэдээллийг нэгдсэн цахим санд холбох, сонгуулийн шинэ тогтолцоо, санал авах ажиллагааны зааварчилгаа мэдээллийг түгээх, цагдаагийн хяналт, хамгаалалт зэрэг үйл ажиллагаанд санхүүжилт шаардлагатай болсон тул шийдвэрлэж өгөхийг хүссэн юм.
Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, саналын хуудасны загварыг хэрхэн төлөвлөж зохиомжилсныг тодруулаад, Улсын Их Хурлын гишүүдэд танилцуулах боломжтой эсэх, санал тоолох төхөөрөмжид багтах эсэхийг асуув. Саналын хуудас нь хоёр хэсгээс бүрдэх бөгөөд ямар ч тохиолдолд санал тоолох төхөөрөмжид багтана, загварыг та бүхэнд удахгүй танилцуулна гэсэн хариуг Сонгуулийн ерөнхий хорооны дарга өгөв.
Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн дарга, Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, нэг сонгогчийн саналаа өгөх хугацаа гурав дахин нэмэгдсэн нь санаа зовоож байна гээд улсын хэмжээнд хэчнээн хэсгийн хороо байгуулагдсан, санал авах ажиллагаа хуулийн хугацаандаа амжих эсэхийг тооцож зардалдаа тусгасан эсэхийг лавласан юм. Нэг хэсгийн хороонд 2130 гаруй сонгогч оногдож байгаа гэсэн тооцооллыг хийсэн тул асуудалгүй гэсэн хариултыг сонгуулийн төв байгууллагын төлөөлөл өгсөн боловч Д.Тогтохсүрэн гишүүн Сонгуулийн ерөнхий хороо хэсгийн хороодын тоог нэмэх, нэг хэсэгт оногдох ачаалыг бууруулах, хугацаандаа амжиж санал өгөх боломжийг сонгогчид олгох нь чухал хэмээн шүүмжиллээ.
Санал авах өдөр сонгогчдын нэрийн жагсаалтын бүртгэлийг цахим нэгдсэн сангаас татахдаа “асаалттай” горимд байлгах уу гэсэн Б.Пүрэвдорж гишүүний асуултад Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан, бүх хэсгийн хороодод цахим сүлжээнд холбогдож ажиллана гэв.
Ийн хэлэлцсэний эцэст Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийг зохион байгуулахтай холбогдуулан шаардагдах зардлыг гаргуулах чиглэлийг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооноос Засгийн газарт хүргүүлж, санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.