Цэс

Холбоо барих

Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөөний хэрэгжилт, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн хэрэгжилтийн тайланг хэлэлцлээ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын болон Эдийн засгийн байнгын хороод өнөөдөр /2024.03.20/ хамтран хуралдаж, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 2023 оны биелэлт, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2023 оны хэрэгжилт, Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцэв.

Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл,  Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын хөгжлийн 2023 оны жилийн төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа.

Тэрбээр, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл нь 9 зорилгын хүрээнд 47 зорилт дэвшүүлж, 243 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд 2023 оны явцын дундаж үнэлгээ 80.4 хувьтай үнэлэгдсэн буюу өмнөх 2022 оноос 6.2 хувиар өссөн дүнтэй байна. Нийт 104 арга хэмжээ үр дүнтэй, 96 арга хэмжээ тодорхой үр дүнд хүрсэн, 32 арга хэмжээг эрчимжүүлэх шаардлагатай, 11 арга хэмжээ үр дүнгүй үнэлэгдлээ.

Монгол Улсын 2021-2025 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөрт 9 бүлгийн хүрээнд 150 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээс 2023 оны явцын дундаж үнэлгээ 63.3 хувь болж өмнөх оноос 17.6 хувиар өсжээ хэмээн танилцуулав.

Хэрэгжилтийг зорилго тус бүрээр авч үзвэл:

·      Үндэсний нэгдмэл үнэт зүйл-80.0 хувь;

·      Хүний хөгжил-79.8 хувь;

·      Амьдралын чанар ба дундаж давхарга-90.0 хувь;

·      Эдийн засаг-84.0 хувь;

·      Засаглал-60.8 хувь;

·      Ногоон хөгжил-70.6 хувь;

·      Амар тайван аюулгүй нийгэм-91.7 хувь;

·      Бүс, орон нутгийн хөгжил-82.1 хувь;

·      Улаанбаатар ба дагуул хот-80.5 хувийн хэрэгжилттэй гарчээ.

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг Засгийн газрын 2020 оны 203 дугаар тогтоолоор 6 бодлого, 23 чиглэл, 259 зорилтын хүрээнд 1.087 арга хэмжээг хэрэгжүүлэхээр баталснаас 1.042 арга хэмжээг хэрэгжүүлсэн бөгөөд 2023 оны байдлаар 74.2 хувийн /өссөн дүнгээр 73.8 хувь/ хэрэгжилттэй гарсан байна.

Нийт арга хэмжээний 183 буюу 17.6 хувь  нь үр дүнтэй, 628 буюу 60.3 хувь нь тодорхой үр дүнд хүрсэн, 205 буюу 19.7 хувь  нь эрчимжүүлэх шаардлагатай, 26 буюу 2.5 хувь нь үр дүнгүй хэрэгжжээ.

Хөтөлбөрийн хэрэгжилтийг бодлого тус бүрээр харуулбал:

·      КОВИД-19 халдварт цар тахлаас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн хүндрэлийг даван туулах бодлого-87.0 хувь /өссөн дүнгээр-88.0 хувь/;

·      Хүний хөгжлийн бодлого-71.7 хувь /өссөн дүнгээр- 70.5 хувь/;

·      Эдийн засгийн бодлого-71.1 хувь, /өссөн дүнгээр-71.0 хувь/;

·      Засаглалын бодлого-78.4 хувь /өссөн дүнгээр-77.9 хувь/;

·      Ногоон хөгжлийн бодлого- 76.5 /өссөн дүнгээр-76.1 хувь/;

·      Нийслэл ба бүс, орон нутгийн хөгжлийн бодлого-76.9 хувийн /өссөн дүнгээр-77.1 хувь/ хэрэгжилттэй гарсан байна.

Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөөнд 5 бодлого, 18 зорилго, 75 төсөл, арга хэмжээ, 201 шалгуур үзүүлэлтийг хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс 2023 оны байдлаар хэрэгжилт дунджаар 79.2 хувьтай байна. Нийт батлагдсан төсөл, арга хэмжээний буюу 16 буюу 21.3 хувь нь “үр дүнтэй”, 44 буюу 58.7 хувь нь “тодорхой үр дүнд хүрсэн”, 9 буюу  12.0 хувь нь “эрчимжүүлэх шаардлагатай”, 6 буюу 8.0 хувь нь “үр дүнгүй” үнэлэгдсэн байна. 

Төлөвлөгөөний хэрэгжилтийг бүлэг тус бүрээр авч үзвэл:

·      Хүний хөгжлийн бодлого-76.2 хувь;

·      Эдийн засгийн бодлого-76.1 хувь;

·      Иргэн төвтэй хөгжлийг дэмжсэн засаглалын бодлого-92.0 хувь;

·      Байгаль орчны тэнцвэрт байдлыг хангах ногоон хөгжлийн бодлого-79.1 хувь;

·      Нийслэл ба бүс, орон нутгийн хөгжлийн бодлого-82.0 хувийн биелэлттэй гарчээ.

Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Дэлхий дахиныг хамарсан цар тахал, геополитикийн хямралт нөхцөл байдал, БНХАУ-ын “Тэг-КОВИД” бодлогын нөлөөгөөр манай улсын эдийн засгийн өсөлт 2020 онд -4.6 хувиар агшиж, гадаад валютын албан нөөц 2022 оны 8 дугаар сард 2.5 тэрбум ам.доллар хүртэл буурч, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл сүүлийн 4 жил алдагдалтай гарч, инфляц 2022 оны хагас жилд 16.1 хувь хүртэл өссөн зэрэг тогтворгүй нөхцөл байдлуудтай тулгарсан.

Гэсэн хэдий ч эдийн засгийг тогтворжуулах, суурийг тэлэх, хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийг шийдвэрлэх зорилгоор хэрэгжүүлж эхэлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”, экспортын валютын орлогыг нэмэгдүүлэх бодлогуудыг авч хэрэгжүүлсний үр дүнд эдийн засаг 2023 онд 6.2 хувиар өсөж, гадаад валютын албан нөөц 2023 оны байдлаар 5 тэрбум ам.долларт хүрч, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 763 тэрбум төгрөгийн ашигтай гарч, инфляц 7.9 хувь хүртэл буурч нэг оронтой тоонд орлоо.

Түүнчлэн Засгийн газрын томоохон бондын төлбөрүүд болох Чингис, Мазаалай, Гэрэгэ бондуудыг өнгөрсөн 4 жилийн хугацаанд бүрэн төлж, гадаад өрийн дарамтыг шийдвэрлэн, тогтвортой өсөлтийг хангах суурь нөхцөлийг бүрдүүллээ хэмээн танилцуулсан.

“Улсын хөгжлийн 2023 оны жилийн төлөвлөгөөний гүйцэтгэлийн үр дүн” сэдэвт аудитын талаар Монгол Улсын Ерөнхий аудиторын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Загджав танилцууллаа.

Тэрбээр, Монгол Улсын Их Хурлын 2022 оны 23 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөөгөөр нийт 75 төсөл, арга хэмжээг 201 шалгуур үзүүлэлт бүхий төсөл, арга хэмжээнд задалж хэрэгжүүлэхээр тусгасан байна.

Улсын хөгжлийн 2023 оны жилийн хөгжлийн төлөвлөгөөг Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөртэй нийцүүлэн боловсруулсан байна.

Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд туссан 201 төсөл, арга хэмжээнээс “Улсын төсөв болон гадаадын зээл тусламж”-ийн эх үүсвэрээс санхүүжих нийт 156 төсөл арга хэмжээ байгаагийн 33 төсөл арга хэмжээ нь Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд тусаагүй байна.

Улсын хөгжлийн 2023 оны жилийн төлөвлөгөөг 15.1 их наяд төгрөгөөр санхүүжүүлэхээр төлөвлөж, гүйцэтгэлээр  нийт 9.8 их наяд төгрөг зарцуулсан нь  төлөвлөсөн санхүүжилтийн 64.9 хувийг эзэлж байна хэмээлээ.

Үндэсний аудитын газраас аудитын дүнд үндэслэн анхаарвал зохих асуудлаар дараах дүгнэлтийг өгсөн байна. Үүнд:

1.    Улсын хөгжлийн 2023 оны жилийн төлөвлөгөө 70.8 хувьтай хэрэгжсэн бөгөөд нийт төсөл, арга хэмжээний 28.4 хувь нь “Үр дүнтэй”, 38.8 хувь нь “Тодорхой үр дүнд хүрсэн”, 24.4 хувь нь “Эрчимжүүлэх шаардлагатай”, 8.5 хувь нь “Үр дүнгүй” байна.

2.    Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль болон Төсвийн тухай хуульд заасан төсөл, арга хэмжээнд тавих шаардлага ялгаатай байгаа нь Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө тухайн жилийн төсвийн тухай хуультай уялдахгүй байхад нөлөөлж байна.

3.    Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд тусгасан төсөл, арга хэмжээний суурь түвшин, шалгуур үзүүлэлт, санхүүжилтийн эх үүсвэр, санхүүжилтийн хэмжээг бодитой тодорхойлоогүйгээс төлөвлөсөн төсөл, арга хэмжээ зорилтот түвшинд хүрэхгүй, улмаар улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний нийгэм, эдийн засагт үзүүлэх үр нөлөөг бууруулж байна.

4.    Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний төсөлд төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжээс санал авах, иргэд, олон нийтээр хэлэлцүүлэх асуудал хангалтгүй, дунд хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт баталсан  арга хэмжээг тусгахад чиглэсэн бодлого баримталж байгаа нь "Төлөвлөлтийн дээрээс доош, доороос дээш чиглэх тэнцвэрийг хангах зарчим”-ыг алдагдуулж байна.

5.    Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний гүйцэтгэлийг хэрэгжүүлэгч байгууллагууд, Эдийн засаг, хөгжлийн яам, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар бодит гүйцэтгэл, холбогдох нотлох баримтад үндэслэж бодитой үнэлээгүй байна.

6.    Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөг хэрэгжүүлэгч байгууллагууд төлөвлөсөн төсөл, арга хэмжээг хэдэн хувьтай хэрэгжүүлсэнд ач холбогдол өгч байгаагаас төсөл, арга хэмжээний үр дүнд  нийгэм, эдийн засагт ямар үр нөлөө бий болж байгааг тооцож үнэлээгүй нь хууль, эрх зүйн зохицуулалт дутагдалтай, уг үнэлгээг хийх тогтолцоо бүрдээгүйтэй холбоотой байна хэмээн дүгнээд тодорхой зөвлөмжийг холбогдох байгууллага, албан тушаалтан, төсвийн ерөнхийлөн захирагчдад хүргүүлсэн байна.

Мөн тус байгууллагаас “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 2021-2023 оны хэрэгжилтэд аудит гүйцэтгэж  дүгнэлт, зөвлөмжийг гаргажээ.

“Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, түүнийг хэрэгжүүлэх баталсан арга хэмжээний төлөвлөгөөнд 2021-2023 оны хооронд 6 бодлого, 23 зорилго, 261 зорилтын хүрээнд 1046 арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгаж, нийт 89.3 их наяд төгрөгийн хөрөнгө шаардлагатай байхаар баталж, гүйцэтгэлээр дунд хугацааны зорилго, зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхэд нийт 34.8 их наяд төгрөгийг зарцуулсан байна.

Хөтөлбөрийн зорилго, зорилт, төсөл, арга хэмжээний хэрэгжилт, үр дүнг үнэлэхэд 326 буюу 31.2 хувь нь үр дүнтэй, 324 буюу 31.0 хувь нь тодорхой үр дүнд хүрсэн, 271 буюу 25.9 хувь нь эрчимжүүлэх шаардлагатай, 125 буюу 12.0 хувь нь зорилтот шалгуур үзүүлэлт, хүрэх түвшнийг хангаагүй байна.

“Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 2021-2023 оны хэрэгжилт, үр дүнгийн дундаж үнэлгээ 70.5 хувьтай байна хэмээн үзжээ.

Аудитаар дараах  дүгнэлтийг гаргасан байна. Үүнд:

1.    Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 6 бодлого, 23 зорилго, 261 зорилт бүхий 1046 арга хэмжээний 2021-2023 оны хэрэгжилтэд аудит хийхэд хөтөлбөрт оролцогч талуудын ажлын уялдаа холбоо хангалтгүй, арга хэмжээнд шаардлагатай төсөв хөрөнгө нь батлагдаагүйгээс хөтөлбөрийн биелэлт 70.5 хувьтай байна.

2.    Дээрх 6 бодлогын 2021-2023 оны хэрэгжилтийг авч үзэхэд Ковид-19” халдварт цар тахлаас үүдэлтэй эдийн засаг, нийгмийн хүндрэлийг даван туулах бодлого 83, Хүний хөгжлийн бодлого 67, Эдийн засгийн бодлого 59, Засаглалын бодлого 73, Ногоон хөгжлийн бодлого 67, Нийслэл ,бүс, орон нутгийн хөгжлийн бодлого 73 хувийн биелэлттэй байна.

3.    Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт 2021-2023 онд Улсын төсөв, гадаадын зээл тусламж, Засгийн газрын тусгай сан, хувийн хөрөнгө оруулалт, хандив, тусламж зэрэг санхүүгийн эх үүсвэрээр 835 арга хэмжээг нийт 89,3 их наяд төгрөг шаардлагатай гэж төлөвлөснөөс мөн онуудад 728 арга хэмжээнд нийт 34,8 их наяд төгрөгийн хөрөнгийг зарцуулсан  байна.

4.    Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн дунд хугацааны баримт бичгийн хэрэгжилтийн нотлох баримтыг Засгийн газрын Төрийн мэдээллийн нэгдсэн цахим системд оруулж хэвшээгүй, арга хэмжээний хэрэгжилтийн тайланд үндэслэдэг, нотлох баримтад тулгуурлан нягтлан шалгахгүйгээр шат шатны хяналт-шинжилгээ, үнэлгээ, дүгнэлтийг гаргаж байгаа нь хөтөлбөрийн үр дүн, үр нөлөөг бодитой үнэлж дүгнэх үндэслэл болж чадаагүй, хяналтын тогтолцоо сул байна.

5.    Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэгч төрийн захиргааны төв байгууллага, түүний дотоод хяналт-шинжилгээ, үнэлгээний нэгж, мөн Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэгч газар нь хөтөлбөрийн үр дүнд бий болсон бүтээн байгуулалт, түүнд зарцуулсан хөрөнгийг нэгтгэн тайлагнаагүй байна.

6.    Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хяналт-шинжилгээ, үнэлгээний 154 шалгуур үзүүлэлтийн хүрэх түвшинтэй Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 61 шалгуур үзүүлэлт уялдаж хэрэгжсэнээс 2021-2023 оны үр дүнгээр 17 шалгуур үзүүлэлтийн үр дүн нь хангагдаж 27.9 хувьтай  байна.

7.    Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад босоо болон хэвтээ тогтолцоондоо төрийн захиргааны төв байгууллага хамтарч ажиллах зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлээгүйгээс зарим зорилт, арга хэмжээ зорилтот үр дүнд хүрээгүй байна хэмээн дүгнэжээ.

Аудитын дүн, дүгнэлтэд үндэслэн Монгол Улсын Ерөнхий сайдад 4, Төсвийн ерөнхийлөн захирагч болон хэрэгжүүлэгч байгууллагын дарга нарт 3 нийт 7 зөвлөмжийг  тус тус хүргүүлсэн байна.  

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Гэмт хэргээс, тэр дундаа цахим залилангаас урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой ямар ажлууд хийж байна вэ. Олон хүн хувийн мэдээллээ алдаж байна. Түүгээр нь дамжуулан цахимаар залилах гэмт хэрэг маш ихэслээ. Үүний эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээ хангалтгүй байна хэмээлээ.

ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Нямгэрэл,

Монгол Улсад гарч байгаа нийт гэмт хэргийн 60 орчим хувь нь өмчлөх эрхийн эсрэг байна. Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт хулгай, дээрэм болон залилах гэмт хэрэг багтаж байгаа бөгөөд сүүлийн үед цахим орчинд залилуулж байгаа иргэдийн тоо нэмэгдсэн. Цахим орчинд бусад төрлийн гэмт хэргүүд үйлдэгдэх болсонтой холбогдуулан Цагдаагийн ерөнхий газарт цахим буюу кибер гэмт хэрэгтэй тэмцэх нэгжийг өргөтгөн зохион байгуулсан. Түүнчлэн цахим орчин дахь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр бид Цахим хөгжил, харилцаа холбооны яам, цагдаагийн байгууллага, бусад холбогдох байгууллагуудтай хамтран иргэдэд сэрэмжлүүлэг хүргэх ажлыг зохион байгуулж байна. Цагдаагийн байгууллагын албан хаагчид энэ гэмт хэргийг илрүүлэхээр ажиллаж байгаа ч үр дүн төдийлөн сайн гарахгүй байгаа нь энэ төрлийн гэмт хэргийг гадаад улсад байгаа хүмүүс үйлдэж буйтай холбоотой. Тиймээс холбогдох яамд, цагдаагийн байгууллага, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс орон нутаг дахь салбар зөвлөлүүдтэй хамтарч цахим залилангаас урьдчилан сэргийлэх мэдээллийг байнга иргэдэд хүргүүлж байгаа. Мөн хүүхдүүдийн цахим хэрэглээг тодорхой хэмжээнд хянах талаар эцэг, эхчүүдэд санамж сэрэмжлүүлэг хүргүүлж байна гэсэн хариулт өглөө.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлснээр ажлын байр хэдээр нэмэгдсэн бэ. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд ядуурал хэдэн хувиар буурч, өрхийн орлого хэрхэн нэмэгдсэн бэ гэж асуусан.

Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Энд бодит орлого ярихын өмнө эдийн засагт  гарсан өөрчлөлтийн талаар товч дурдмаар байна. Өнөөдөр бид 2022 онд баталсан жилийн төлөвлөгөөний хэрэгжилтийг ярьж байгаа. 2022 онд манай улсын валютын нөөц нь 2.5 тэрбум ам.доллар байлаа. 2900 төгрөг байсан валютын ханш 3560 төгрөгт хүрч валютын ханш нь өдөрт 6 төгрөгөөр унаж байсан. Харин өнөөдөр эдийн засгийн өсөлт 7 хувь, валютын нөөц нь 5.1 орчим тэрбум ам.долларт хүрч, инфляц 7 хувьтай болоод байна. Энэ тоог өнөөдөр хэлэхэд амар байгаа боловч амаргүй арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж ийм үр дүнд хүрсэн. Биржийн худалдаагаар 80 ам.доллараар зарж байсан нүүрсийг 180 ам.доллараар зардаг болсон. Асар их эсэргүүцэл, нүүрсний хулгайд гар бие оролцсон хүмүүсийн эсэргүүцэлтэй тулж байж эдийн засагтаа эерэг үр дүнгүүд авчрах арга хэмжээг авсан. 2023 оны эхний хагас хүртэл нийт ард иргэдийн бодит орлого буурсан. 2023 оны эхний хагаст нэг хувиар өссөн. Харин 2023 оны эцсийн байдлаар ард иргэдийн бодит орлого 11.6 хувиар өссөн. Эдийн засагт гарсан эерэг үзүүлэлтүүд тогтворжсон учраас өрхийн бодит орлого өссөн. Үүнийг бид баталгаажуулж тогтвортой байлгахад онцгой анхаарч байгаа гэсэн хариулт өгсөн.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөр эрхлэлт, ажлыг байрыг дэмжих хэлтсийн дарга Б.Алтантулга, Сүүлийн жилүүдэд хөдөлмөрийн зах зээлийн үзүүлэлтүүд сайжирч, тэр дундаа ажилгүйдлийн түвшин буурч байна. Ажилгүйдлийн түвшин цар тахлын өмнө 7.8 хувь байсан бол 2023 оны 4 дүгээр улирлын байдлаар 3.9 хувь болж буурсан. Цалин хөлстэй ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн тоо 2023 оны 4 дүгээр улирлын байдлаар нэг сая 200 мянгад хүрч, 50 орчим мянгаар нэмэгдсэн байна. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас хүн амын бүлгүүдийн онцлог хэрэгцээнд нийцсэн хөтөлбөр, арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Энэ хөтөлбөрт 2020-2023 оны хугацаанд давхардсан тоогоор 213 мянга орчим иргэн хамрагдсан. Үүний үр дүнд 118 мянган ажлын байр бий болсон. Үүний 63.7 хувь нь түр ажлын байрууд байсан. Харин 18 хувь нь байнгын ажлын байр болон үлдсэн бол 18 хувь нь цагийн ажлын байр байна. Өрхийн орлого 2019 онд нэг сая 343 мянган төгрөг байсан бол 2023 онд нэг сая 865 мянган төгрөг болж, улсын дундаж цалин 2019 онд нэг сая 125 мянган төгрөг байсан бол 2023 онд хоёр сая 235 мянган төгрөг болж тус тус нэмэгдсэн. Ядуурлын түвшин 2020 онд 27.8 хувь байсан бол Үндэсний статистикийн хорооноос хамгийн сүүлд зарласан мэдээгээр бол 27.1 хувь болж буурсан хэмээн хариулсан юм.

УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлснээр Байнгын хороодын хамтарсан хуралдаан өндөрлөж, санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл