Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Цогзолмаа, эрдэмтэн нарийн бичгийн дарга, ахлах зөвлөхүүдийн хамт Тайландын Хаант Улсын Пражадхипок хааны институтын Нэгдүгээр нарийн бичгийн дарга Тавилвади Бүрээкүл тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр (2024.03.20) хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Цогзолмаа, хүндэт зочид төлөөлөгчдийг Монгол оронд тавтай морилохыг уриад, хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааны хүрээнд харилцан туршлага солилцох, ардчиллыг бэхжүүлэх ижил үнэт зүйлсээ нэгтгэн бататгах зорилготой энэ удаагийн уулзалт нь онцгой цаг үед тохиож байгааг тэмдэглэн хэлэв.
Тэрбээр үргэжлүүлэн, Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр төрийн бодлогын тогтвортой байдлыг хадгалах, ард түмний төлөөлөл болсон хууль тогтоох дээд байгууллагын чадамжийг сайжруулах, хяналт тэнцлийг хангах, ардчилсан засаглалыг бэхжүүлэхийн тулд Улсын Их Хурлын гишүүдийн тоог шинэчлэн тодорхойлох болсон тогтолцооны өөрчлөлтийн талаар товч танилцуулсан юм. Мөн Монгол Улсын Их Хурлаас анх удаа Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийг баталж, улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдийн туслалцаатайгаар тодорхойлж, асуудлын эрэмбэ, гарц шийдлийн талаар зөвшилцөхийн тулд олон нийт, иргэний нийгэм болон улс төрийн байгууллагуудын төлөөллийг оролцуулан “Зөвлөлдөх санал асуулга”-ыг хоёр үе шаттай явуулсан талаар дурдлаа.
Тайландын Хаант Улсын Пражадхипок хааны институтээс парламентын гишүүд, бодлого тодорхойлогчид, төрийн албан хаагчид болон хувийн хэвшлийнхэнд улс төр, нийгэм, эдийн засгийн чиглэлээр зорилтот сургалтуудыг зохион байгуулж, олон улсын сайн туршлагыг судалж, хамтын ажиллагаагаа өргөжүүлдэг онцлогтой. Уулзалтад оролцсон төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд тус улсын Парламентын дээд танхим буюу Сенат, доод танхим буюу Үндэсний ассамблейн гишүүд багтсан бөгөөд төрийн үйл хэрэгт иргэдийн оролцоо, засаглах эрхийг хангаж, ил тод, нээлттэй байх зарчмыг хэвшүүлж буй Зөвлөлдөх санал асуулгын практик болон процессын хэрэгжилтийн талаар сонирхсон асуултынхаа хүрээнд харилцан мэдээлэл солилцсон юм.
Түүнчлэн шинэчилсэн зохицуулалтаар шийдвэр гаргах түвшинд залуучуудын оролцоог хэрхэн хангах талаар болон цаашид парламентын ардчиллыг илүү төгөлдөржүүлэхэд чиглэсэн хамтын ажиллагааны санаачилгуудыг хэрэгжүүлэх нь зүйтэй гэдэгт талууд санал нэгдэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.