Цэс

Холбоо барих

Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөөний хэрэгжилт, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн хэрэгжилтийг өргөн мэдүүлэв

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр (2024.03.15) Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөөний хэрэгжилт, мөн Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн хэрэгжилтийг өргөн мэдүүллээ.


Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөөний хэрэгжилтийн тухай

Монгол Улсын Их Хурлын 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 23 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө”-нд Хүний хөгжил, Эдийн засаг, Иргэн төвтэй хөгжлийг дэмжсэн засаглал, Байгаль орчны тэнцвэрт байдлыг хангах ногоон хөгжил, Нийслэл ба бүс, орон нутгийн хөгжил гэсэн 5 бодлого, 18 зорилгын хүрээнд 75 арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөсөн аж.

Тус төлөвлөгөөний хэрэгжилтэд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 206 дугаар тогтоолоор баталсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ын 6.2.1-т заасан аргачлалаар, тоо болон чанараар илэрхийлэх боломжгүй тохиолдолд журмын 6.2.2-т заасан аргачлалаар хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн байна.


Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөөнд төлөвлөгөөний хэрэгжилт 2023 оны жилийн эцсийн дүнгээр 79.2 хувь байна. Хөгжлийн үндсэн 5 бодлого тус бүрээр хэрэгжилтийг авч үзвэл:

1.Иргэн төвтэй хөгжлийг дэмжсэн засаглалын бодлого 92.0 хувь;

2.Нийслэл ба бүс, орон нутгийн хөгжлийн бодлого 82.0 хувь;

3.Байгаль орчны тэнцвэрт байдлыг хангах ногоон хөгжлийн бодлого 79.1 хувь;

4.Хүний хөгжлийн бодлого 76.2 хувь;

5.Эдийн засгийн бодлого 76.1 хувийн хэрэгжилттэй байна.

Төлөвлөгөөнд тусгагдсан 75 арга хэмжээний 16 арга хэмжээ (21.3 хувь) үр дүнтэй, 44 арга хэмжээ (58.7 хувь) тодорхой үр дүнд хүрсэн, 12 арга хэмжээ (16.0 хувь) эрчимжүүлэх шаардлагатай, 3 арга хэмжээ (4.0 хувь) үр дүнгүй хэрэгжсэн.

Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөөнд 75 төсөл, арга хэмжээг 15,137.0 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд гүйцэтгэлээр 9,839.4 тэрбум төгрөгийн санхүүжилтийг хийсэн нь нийт төлөвлөсөн дүнгийн 65.0 хувийг эзэлж байна.

Нийт 75 төсөл, арга хэмжээнээс гүйцэтгэлээр 57 төсөл, арга хэмжээ 2023 оны жилийн эцсийн байдлаар санхүүжилт авсан бөгөөд үүнээс батлагдсан төлөвлөгөөнд мөнгөн дүнг тусгаагүй 22 төсөл, арга хэмжээнд 2,048.8 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгджээ.

Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн хэрэгжилтийн тухай

Монгол Улсын Их Хурлын 2020 оны 23 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-д Үндэсний нэгдмэл үнэт зүйл, Хүний хөгжил, Амьдралын чанар ба дундаж давхарга, Эдийн засаг, засаглал, Ногоон хөгжил, Амар тайван аюулгүй нийгэм, Бүс, орон нутгийн хөгжил, Улаанбаатар ба дагуул хот гэсэн үндсэн 9 зорилгын хүрээнд 47 зорилт дэвшүүлж, 243 арга хэмжээг төлөвлөсөн аж


Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 2023 оны хэрэгжилтэд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 206 дугаар тогтоолоор баталсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ын 6.2.1-т заасан аргачлалаар, тоо болон чанараар илэрхийлэх боломжгүй тохиолдолд журмын 6.2.2-т заасан аргачлалаар хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн байна.

Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 47 зорилтод хамаарах 243 арга хэмжээний хэрэгжилт 2023 оны байдлаар 75.1 хувийн хэрэгжилттэй гарчээ.

Бодлогын үндсэн 9 зорилгын хүрээнд хэрэгжилтийг авч үзвэл:

1. Үндэсний нэгдмэл үнэт зүйл - 80.0 хувь,

2. Хүний хөгжил - 79.8 хувь,

3. Амьдралын чанар ба дундаж давхарга - 90.0 хувь,

4. Эдийн засаг - 84.0 хувь,

5. Засаглал - 60.8 хувь,

6. Ногоон хөгжил - 70.6 хувь,

7. Амар тайван, аюулгүй нийгэм - 91.7 хувь,

8. Бүс, орон нутгийн хөгжил - 82.1 хувь,

9. Улаанбаатар ба дагуул хот - 80.5 хувийн хэрэгжилттэй байна.

Нийт арга хэмжээний 32.1 хувь нь үр дүнтэй бүрэн хэрэгжсэн бол 43.2 хувь нь тодорхой үр дүнд хүрсэн, 19.3 хувь нь эрчимжүүлэх шаардлагатай, 5.3 хувь нь үр дүнгүй буюу 0.0 хувийн хэрэгжилттэй байна.

Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх хүрээнд 2023 онд нийт 11.4 их наяд төгрөгийн санхүүжилт хийгдсэн бөгөөд үүнээс “Эдийн засаг” зорилгын санхүүжилтэд 8.6 их наяд төгрөг, “Хүний хөгжил” зорилгын санхүүжилтэд 1.7 их наяд төгрөгийг зарцуулсан нь бусад зорилгын санхүүжилтээс илүү дүнтэй байна.

Түүнчлэн, “Үндэсний нэгдмэл үнэт зүйл” зорилгыг хэрэгжүүлэхэд 762.0 сая төгрөг, “Амьдралын чанар ба дундаж давхарга” зорилгод 478.9 тэрбум төгрөг, “Засаглал” зорилгод 682.0 сая төгрөг, “Ногоон хөгжил” зорилгод 249.8 тэрбум төгрөг, “Амар тайван, аюулгүй нийгэм” зорилгод 275.8 тэрбум төгрөг, “Бүс, орон нутгийн хөгжил” зорилгод 16.5 тэрбум төгрөг, “Улаанбаатар ба дагуул хот” зорилгод 160.3 тэрбум төгрөгийн санхүүжилт тус тус хийгдсэн. 


Зарцуулсан хөрөнгийн хэмжээг эх үүсвэрээр авч үзвэл, улсын төсвөөс 3,130.9 тэрбум төгрөг, гадаадын зээл, тусламжаар 1,634.6 тэрбум, концесс, төр, хувийн хэвшлийн түншлэлийн 4,878.7 тэрбум, Засгийн газрын тусгай сангаас 1,755.5 тэрбум, бусад эх үүсвэрээс 68.6 тэрбум төгрөг тус тус санхүүжсэн байна.

УИХ-ын 2020 оны 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийн хэрэгжилтийн хяналт-шинжилгээ, үнэлгээний 94 шалгуур үзүүлэлтийг 2025 онд хүрэх түвшингээр тодорхойлж баталсан. Эдгээр шалгуур үзүүлэлтийн 26.6 хувь нь улсын хөгжлийг тодорхойлох ерөнхий үзүүлэлтүүд байгаа бол 73.5 хувь нь салбарын, байгууллагын, нутаг дэвсгэрийн хүрээнд авч үзэх байгууллагын үйл ажиллагааны үр дүнтэй холбоотой үзүүлэлтүүд байна. Нийт 94 шалгуурын 62 шалгуур үзүүлэлтийн хүрсэн түвшинд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийхэд, дунджаар 52.8 хувь байна хэмээн танилцууллаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл