Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2024 оны 11 дугаарын тойм

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Санхүүгийн хэлэлцээр соёрхон батлах тухай Монгол Улсын хууль болон Онцгой байдлын ерөнхий газрын агаараас аврах ангид нэмэлт сургалт явуулах төслийн санхүүжилт олгох тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээрийг тус тус  нийтэлсэнтэй дэлгэрэнгүй танилцах боломжтой байна. Тухайлбал, уг санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд онцгой байдлын нисгэгч, инженер техникийн ажилтнуудыг Бүгд Найрамдах Франц Улсын Иргэний аюулгүй байдлын газар, түүний харьяа агаарын ажиллагааны бааз болон ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг сургалтын төвд сургаж дадлагажуулах, сургагч, инженер ажилтнуудыг Монгол Улсад ажиллуулах, нисдэг тэрэгний сэлбэг хэрэгсэл нийлүүлэх, засвар үйлчилгээг хийх юм.

“Агаараас аврах ангид нэмэлт сургалт явуулах төсөл”-ийг хэрэгжүүлснээр дараах дүнд хүрнэ: -Өдөр, шөнийн нислэгийн эрхтэй нисэх багийн долоон дарга, таван хамтран нисгэгч тус тус бэлтгэгдэж, Агаарын цэргийн командлалын Улсын нисэхийн хэлтсээс эрх авах; -Инженер техникийн бүрэлдэхүүний техник үйлчилгээ хийх чадвар дээшилж, их бие, хөдөлгүүрийн инженер, техникийн ажилтнууд II шатны сургалтад хамрагдан ур чадвар нэмэгдэх; -Инженерийн төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн бэлтгэгдэж нисдэг тэрэгний ашиглалтын төлөвлөлтийг боловсруулах, сэлбэг хэрэгслийг захиалах, техник үйлчилгээний ажлын төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, тусгай тоног төхөөрөмжийн ашиглалтад суралцаж, бие даан үүрэг гүйцэтгэх; -Аврах ажиллагааны мэргэжилтэн, аврагч, эмч, сувилагч нарын мэргэжлийн ур чадвар нэмэгдэж, цаашид аврах ажиллагааны болон эмнэлгийн багаж хэрэгсэл, тусгай тоног төхөөрөмжүүдийг ашиглах мэдлэг, чадварыг бүрэн эзэмших зэрэг болно.

Санхүүгийн хэлэлцээрийг баталснаар Онцгой байдлын ерөнхий газрын аврах ажиллагааны мэргэжилтний мэргэжлийн ур чадварыг сайжруулан, онцгой байдлын үеийн бэлэн байдлыг нэмэгдүүлэх ач холбогдолтой бөгөөд Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газраас олгох 24.7 сая еврогийн зээл нь жилийн 0.282 хувийн хүүтэй, таван жил үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх, 15 жилийн хугацаанд зээлийн эргэн төлөлтийг хийх нөхцөлтэйгөөр олгогдох юм.

Түүнчлэн тус эмхэтгэлд нийтлэгдсэнЗарим байгууллагын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын 1 дүгээр хавсралтаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүний албан тушаалын цалингийн хэмжээг, 2 дугаар хавсралтаар “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнд төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журам”-ыг, 3 дугаар хавсралтаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, шүүгч бус гишүүний албан тушаалын цалингийн хэмжээг, 4 дүгээр хавсралтаар Шүүхийн сахилгын хорооны дарга, шүүгч бус гишүүний албан тушаалын цалингийн хэмжээг, 5 дугаар хавсралтаар Бүх шатны шүүхийн шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээг, 6 дугаар хавсралтаар Прокурорын байгууллагын прокурорын албан тушаалын цалингийн хэмжээг тус тус шинэчлэн тогтоожээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.  

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл