“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай Монгол Улсын хуулиудыг нийтэлсэнтэй дэлгэрэнгүй танилцах боломжтой байна. Тухайлбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар сэжигтэн гэм буруугаа хүлээхээсээ өмнө өмгөөлөгч авах эрхийг хүлээн зөвшөөрдөг бөгөөд баривчлах ажиллагаа явуулж буй албан тушаалтнууд баривчлагдсан этгээдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдлэх бүрэн эрхийг нь мэдэгдэх хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг “Мөрдөгч сэжигтнийг баривчлах үед түүнийг ямар хэрэгт холбогдуулан баривчилж байгаа талаар мэдэгдэж, энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Хүнийг баривчлах үед түүнд баривчилсан шалтгаан, үндэслэлийг мэдэгдэж, өмгөөлөгч авах, өөрийгөө өмгөөлөх, шүүхэд гомдол гаргах, өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг сануулна” зэрэг өөрчлөлтийг тусгасан байна. Харин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуульд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүний эрхийг хангах хүрээнд хяналтын төхөөрөмж ашиглан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх, хэрэгжилтэд тавих хяналтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хэрэгжүүлэхээр тусгасан бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль батлагдсанаар хуулийг хэрэгжүүлэхэд тулгарч байсан хүндрэл бэрхшээл, хэрэгжүүлэхэд нөлөөлөх сөрөг үр дагавар арилж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүний эрх, эрх чөлөөг хангах, зөрчигдсөн эрхийг нөхөн сэргээн эдлүүлэх ажлын үр дүн дээшлэх юм. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуульд тусгайлсан журмаар шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамаарах нэхэмжлэлийг шаардлагын хэлбэрийг тодорхой болгох хүрээнд бүх төрлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгө гаргуулах, дундын өмчийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал гаргуулах, хөдөлмөрийн гэрээний дагуу цалин хөлс гаргуулах зэрэг хэрэг маргааны төрлөөр нь ялган тодорхойлсон байна. Түүнчлэн тусгайлсан журмаар шүүхэд хянан шийдвэрлэгдэх хэрэг маргаанд бусдын эд хөрөнгөд учруулсан гэм хороос гадна хүний эрүүл мэндэд учруулсан гэм хорын мөнгөн хөрөнгө гаргуулахыг тусгажээ.
Түүнчлэн тус эмхэтгэлд “Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолыг нийтэлсэн бөгөөд уг тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсантай холбогдуулан дараах асуудлыг судлан холбогдох хуулийн төслийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн боловсруулж 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх арга хэмжээ авахыг Монгол Улсын Засгийн газарт даалгасан: 1/хүнийг гэмт хэрэгт сэжиглэх үндэслэл байгаа бол түүнийг гэрчээр дуудах, эсхүл түүнээс гэрчийн мэдүүлэг авахгүй байх, гэрчийн мэдүүлэг авах үед түүнийг гэмт хэрэгт сэжиглэх үндэслэл илэрсэн бол гэрчийн мэдүүлэг авахыг даруй зогсоох зохицуулалтыг тусгах; 2/хүний халдашгүй байх, өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхийг хангах хүрээнд мөрдөн байцаалтыг өмгөөлөгчийг байлцуулахгүйгээр явуулахгүй байх, хэрвээ өмгөөлөгчийг байлцуулахгүйгээр мөрдөн байцаалт явуулж нотлох баримт цуглуулсан, хэрэг хүлээлгэсэн тохиолдолд тухайн мэдүүлэг, нотлох баримтыг үнэлэхгүй байх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох; 3/шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулдаг үндэслэл, нөхцөл боломжийг бий болгож байгаа хуулийн хийдлийг судалж, түүнийг арилгах, зохицуулалтыг боловсронгуй болгох; 4/олон оролцогчтой хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг тогтоохтой холбогдсон зохицуулалтыг хуульд тусгах; 5/хавтаст хэргийг цахимжуулах, цахим суурьтай нотлох баримтыг шүүх хуралдаанд шинжлэн судлах, цахим суурьтай нотлох баримтыг үнэлэх журмыг боловсронгуй болгох; 6/төрийн нууцад хамаарах мэдээлэл агуулсан шүүх, прокурорын шийдвэрийг оролцогчид танилцуулах, гардуулан өгөх журмыг нарийвчлан зохицуулах; 7/шинээр нэгтгэсэн хэрэгт цагдан хоригдсон хугацааг тусад нь тоолох журмыг боловсронгуй болгох; 8/Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу бэхжүүлсэн дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангах нөхцөл боломжийг бий болгох, 6-аас дээш сар хадгалах эрх зүйн орчныг бүрдүүлэх; 9/Өмгөөллийн тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох өмгөөлөгчийн эрх, үүргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмж тусгах; 10/сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч сэжигтнийг баривчлах, таслан сэргийлэх арга хэмжээ авах болсон үндэслэлд хамаарах нотлох баримттай танилцах, таслан сэргийлэх арга хэмжээ авах шүүхийн хэлэлцүүлгийг талуудын мэтгэлцээний үндсэн дээр явуулах зохицуулалтыг боловсронгуй болгох; 11/Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэхтэй холбогдсон зохицуулалтыг сайжруулах, хэргийн оролцогчийн эрхийг хангаснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дараагийн шатанд хэргийг шилжүүлдэг зохицуулалтыг тусгах; 12/мөрдөгч, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан яллагдагч, шүүгдэгчийг цагаатгах, хэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг нотлох чиг үүргээ хэрэгжүүлээгүй бол яллагдагч, шүүгдэгч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд гаргах эрхийг хуульд тусгах; 13/хүн ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрхийг хангах хүрээнд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан талаарх тогтоолыг гардуулан өгөх зохицуулалтыг хуульд тусгах; 14/шүүх, прокурор, мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан хүсэлтийг хангахаас татгалзаж байгаа үндэслэлийг тухайн шийдвэртээ тодорхой тусгах асуудлыг хуульчлах зэрэг ажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.