“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Гэрийн тэжээвэр амьтны тухай, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Статистикийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай Монгол Улсын хуулиудыг нийтэлсэнтэй дэлгэрэнгүй танилцах боломжтой бөгөөд Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн зорилт нь нийтийн эрүүл мэндийг хамгаалах, гэрийн тэжээвэр амьтныг бүртгэх, асран хамгаалах, түр харах, үржүүлэх, хүчирхийллээс хамгаалах, эзэнгүй амьтны тоо толгойг бууруулахтай холбогдсон харилцааг зохицуулахад орших юм.
Түүнчлэн тус эмхэтгэлд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 75 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаантай холбогдуулан авах арга хэмжээний тухай, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүнийг томилох тухай, Бүгд Найрамдах Узбекистан Улсын нийслэл Ташкент хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай, Монгол Улсыг бүсчлэн хөгжүүлэх бодлогыг тодорхойлох арга хэмжээний тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолуудыг нийтэлжээ. Тухайлбал, “Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн хэрэгжилтийг хангах” Улсын Их Хурлын тогтоолоор Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 75 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаантай холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасан: а/“Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр-2”-ыг батлан, хэрэгжүүлэх; б/Нэгдсэн Үндэстний Байгууллагын 80 жилийн ойг угтаж 2025 оныг Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрмийн жил болгох уриалга гаргах чиглэлээр ажиллах; в/хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах үндэсний механизмыг бэхжүүлэх талаар санал боловсруулан Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороонд танилцуулах; г/хүний эрхийн мэдлэг олгох, сургах, чадавхжуулах чиглэлээр Нэгдсэн Үндэстний Байгууллагын харьяа Ази, Номхон далайн бүсийн төвийг Монгол Улсад байгуулах санаачилга гаргаж, шийдвэрлүүлэх талаар идэвхтэй ажиллах; д/хүний эрхийн боловсрол, мэдлэгийг хүүхэд, залуучуудад ойлгуулах, түгээн дэлгэрүүлэх, сурталчлах ажлыг эрчимжүүлж, эрх, үүрэг, хариуцлагын тухай сургалт зохион байгуулах, хүний эрхийн ойлголт, мэдлэгийн талаар олон нийтийг соён гэгээрүүлэх үйл ажиллагааг төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулах; е/хүний эрх, эрх чөлөө зөрчигдөж болзошгүй аливаа шалтгаан, нөхцөлийг урьдчилан судлан тогтоож, холбогдох эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, хийдэл, зөрчлийг арилгах талаар хуулийн төслүүдийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх; ё/Монгол Улсын нэгдэн орсон, соёрхон баталсан хүний эрхийн гэрээ, конвенц, пактуудаар хүлээсэн үүргийн биелэлтийн талаарх хүний эрхийн төлөв байдлын тайланг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн хороо, түүний бүтцийн бусад байгууллагуудад тайлагнах механизмд парламентын оролцоог нэмэгдүүлэхтэй холбоотой холбогдох хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх; ж/Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейгаас гаргасан тогтоолын хүрээнд ахмад настны эрхийн асуудлаар тусгайлсан баримт бичиг батлах санаачилгыг Монгол Улс дэмжиж байгааг зохих журмын дагуу холбогдох байгууллагад мэдэгдэх; з/олон улсын гэрээ, конвенцуудад дотоодын хууль тогтоомжийг нийцүүлэх ажлыг эрчимжүүлж, олон улсын гэрээний заалтыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэглэх нөхцөлийг бүрдүүлэх зэрэг юм. Түүнчлэн “Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүнийг томилох тухай” Улсын Их Хурлын тогтоолоор Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүнээр Лхагважавын Гангэрэл, Жамсрандоржийн Дэлгэрсайхан, Ланганы Отгонтуяа, Равсалын Рэнцэнбазар, Нинжбатын Ууганбаатар, Амаржаргалын Энхбат, Намжилдоржийн Энхбаяр нарыг томилжээ. Мөн “Бүгд Найрамдах Узбекистан Улсын нийслэл Ташкент хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолоор Бүгд Найрамдах Узбекистан Улсын нийслэл Ташкент хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулахаар тогтоосон байна. “Монгол Улсыг бүсчлэн хөгжүүлэх бодлогыг тодорхойлох арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолоор Монгол Улсын эдийн засгийн бүсчлэлийн бүс нутаг, хот, хөдөөгийн хөгжлийн нэгдмэл болон бүсүүдийн харьцангуй бие даасан, харилцан уялдаатай тогтолцоог бүрдүүлж, бүс нутаг, хот, хөдөөг тэнцвэртэй хөгжүүлэх, хүн амын нутагшилт, суурьшлын олон төвтэй тогтолцоог бий болгох, нийслэл Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, иргэдийн орон нутагт шилжин суурьших таатай нөхцөлийг хангах зорилгоор Улсын Их Хурлаас баталсан дараах бодлого, хууль тогтоомжийг иргэд, олон нийтэд тайлбарлан таниулах, иргэдээс санал авах, байр суурийг нь сонсох ажлыг Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы завсарлагааны хугацаанд зохион байгуулахыг Улсын Их Хурлын гишүүдэд даалгасан ажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.