Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2024 оны 03 дугаарын тойм

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын хуулиудыг  нийтэлсэнтэй дэлгэрэнгүй танилцах боломжтой байна. Тухайлбал, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.3 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулжээ: “19.1.Эрүүл мэндийг дэмжих сан нь хүн амын эрүүл мэндийн байдал, түүнд нөлөөлөх хүчин зүйлийг тандах, судлах, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт, сурталчилгаа, нөлөөллийн ажил зохион байгуулах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд дэвшилтэт технологи нэвтрүүлэх, зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчлүүлсэн өвчтөний эмчилгээний зардалд дэмжлэг үзүүлэх болон амьгүй донорт оршуулгын тэтгэмж олгох зориулалттай байна. 19.3.Эрүүл мэндийг дэмжих сангийн хөрөнгийг дараах арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна: 19.3.1.иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, иргэнд эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдээлэл, сургалт, сурталчилгаа, нөлөөллийн үйл ажиллагаа; 19.3.2.хүний эрүүл мэндэд нөлөөлж байгаа эрсдэлт хүчин зүйлийг тандах, судлах үйл ажиллагаа; 19.3.3.эмийн зохистой хэрэглээг сурталчлан таниулах; 19.3.4.эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд орчин үеийн дэвшилтэт технологи шинээр нэвтрүүлэх үйл ажиллагаа; 19.3.5.зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчлүүлсэн өвчтөний эмчилгээний зардалд дэмжлэг үзүүлэх; 19.3.6.тэтгэмжийн даатгалын шимтгэл төлөлт нь хуульд заасан хугацааг хангаагүй амьгүй донорын гэр бүлийн гишүүнд олгох нэг удаагийн тэтгэмж.” Харин Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын хуульд Цэргийн алба хаагч эмэгтэйн жирэмсний болон амаржсаны, хүүхэд асрах чөлөөтэй байсан хугацааг цэргийн алба хаасан хугацаанд оруулан тооцох, цэргийн албыг 10-аас доошгүй жил хаасан цэргийн алба хаагч орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлт, биеийн эрүүл мэндээр, түүнчлэн цэргийн алба хаах нас хэтэрч ажлаас чөлөөлөгдвөл түүнд 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгох зэрэг нэмэлт  оруулсан байна.

Түүнчлэн тус эмхэтгэлд Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай, Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай, Монгол Улсын Ерөнхий аудиторын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга, гишүүний цалингийн хэмжээг тогтоох тухай, Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилох, гишүүнээс чөлөөлөх тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолуудыг нийтэлжээ. Тухайлбал, “Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай“ Улсын Их Хурлын тогтоолоор Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн санал авах өдрийг 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдөр, гадаад улсад байгаа иргэдээс санал авах өдрийг 2024 оны 06 дугаар сарын 20, 21, 22, 23-ны өдрүүд байхаар тус тус тогтоосон байна. Мөн “Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай, Монгол Улсын Ерөнхий аудиторын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолуудаар өөрийнх нь хүсэлтийг үндэслэн Ганбямбын Дөлгөөнийг Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчийн албан тушаалаас, Доржсүрэнгийн Занданбатыг Монгол Улсын Ерөнхий аудиторын үүрэгт ажлаас тус тус чөлөөлжээ. Харин “Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилох, гишүүнээс чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын тогтоолоор Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр Дагвадоржийн Дэлгэрсайхан, Төмөрбаатарын Сүхболд нарыг томилж, өөрийнх нь гаргасан хүсэлтийг үндэслэн Бямбажавын Ганбат, Жамсранжавын Болд нарыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээс чөлөөлсөн ажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.  


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл