Цэс

Холбоо барих

Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат БНЭУ-ын парламентын Лок Сабхагийн Ерөнхий нарийн бичгийн дарга Утпал Кумар Сингх-тэй уулзав

Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат Бүгд Найрамдах Энэтхэг Улсын парламентын Лок Сабха (Доод танхим)-ын бүтэц, зохион байгуулалт,  хуулийн төсөл боловсруулах, батлах үйл явц, хуралдааны дэг, хуулийн төсөл боловсруулагчдыг бэлтгэх, чадавхжуулах тогтолцоо, парламентын судалгаа, парламентын боловсрол хэрхэн олгож буй талаар туршлага судлахаар тус улсад ажиллаж байна.

Энэхүү ажлын айлчлалын хүрээнд Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат өчигдөр (2024.02.26) БНЭУ-ын парламентын Лок Сабхагийн Ерөнхий нарийн бичгийн дарга Утпал Кумар Сингх-тэй уулзав.


Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат манай хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааны түүх жилээс жилд шинэ утга агуулгаар баяжиж, харилцааны хүрээ улам бүр өргөжин тэлж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. 2023 онд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар БНЭУ-ын Лок Сабхагийн дарга Ом Бирлагийн Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал нь манай хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа, түүний дотор хоёр орны парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болсныг онцлон тэмдэглэв. Энэхүү 2023 оны айлчлалын хүрээнд хийгдсэн яриа хэлэлцээрийн нэг чухал хэсэг болсон Монгол Улсын Их Хурлын Тамгын газар болон БНЭУ-ын Лок Сабхагийн Тамгын газар хоорондын хамтын ажиллагааны протоколыг хэрэгжүүлэх ажил энэхүү айлчлал, уулзалтаар бодит ажил хэрэг болж байна гэлээ.

Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат Монгол Улсад хийгдэж буй парламентын шинэтгэлийн түүхэн үйл явдлын өмнөхөн БНЭУ-ын Лок Сабхагийн Тамгын газрын ажлын туршлагаас суралцах, Лок Сабхагийн бүтэц, зохион байгуулалт, хуулийн төсөл боловсруулахаас батлах хүртэлх үйл ажиллагааны төлөвлөлт, түүнийг хэрэгжүүлэх үйл явц, эрх зүйн зохицуулалт зэрэг асуудлуудтай танилцах нь чухал ач холбогдолтой юм гээд тэр дундаа манай хоёр улсын хууль тогтоох дээд байгууллагын Тамгын газар хоорондын хамтын ажиллагааны протоколын хүрээнд хуулийн төсөл боловсруулагчдыг бэлтгэх, чадавхжуулах болон парламентын ажлын албаны ажилтнуудын мэдлэг, ур чадварыг дээшлүүлж, орчин цагийн шаардлагад нийцүүлэх чиглэлээр сургалт, хэлэлцүүлэгт оролцох мэдлэг, туршлагаа хуваалцах бодитой боломж гарна гэдэгт итгэлтэй байна гэв.

Мөн тэрбээр, Улсын Их Хурлын Тамгын газраас хуулийн төсөл боловсруулагчдыг чадавхжуулах сургалтыг өнгөрсөн хугацаанд амжилттай зохион байгуулж ирснийг дурдаад, цаашид хуулийн төсөл боловсруулагчдад зориулсан ахисан шатны, олон улсын түвшний сертификат олгох сургалтыг зохион байгуулах зорилтыг БНЭУ-ын Лок Сабхагийн Тамгын газартай хамтран хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа дахин нотлов.


БНЭУ-ын парламентын Лок Сабхагийн Ерөнхий нарийн бичгийн дарга Утпал Кумар Сингх Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбатыг Лок Сабхад тавтай морилохыг уриад сүүлийн жилүүдэд манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж, ялангуяа БНЭУ болон Монгол Улсын парламент хоорондын үйл ажиллагаа өргөжин тэлж байгааг онцлон тэмдэглэв. Өнгөрсөн онд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар БНЭУ-ын Лок Сабхагийн дарга Ом Бирла Монгол Улсад албан ёсны айлчлал хийж, айлчлалын хүрээнд хоёр орны парламентын Тамгын газар хоорондын хамтын ажиллагааны протокол байгуулсан бөгөөд энэхүү хамтын ажиллагааны протоколыг хэрэгжүүлэх, бодит ажил хэрэг болгоход Лок Сабхагийн Тамгын газрын зүгээс хүчин чармайлт гаргахад бэлэн байгаагаа илэрхийллээ. Тэрбээр, хоёр орны парламентын нийтлэг ашиг сонирхлын үүднээс БНЭУ-ын парламентын бүтэц, зохион байгуулалт, хуулийн төсөл боловсруулах болон хэрэгжүүлэх үйл явцтай танилцаж, улмаар парламентын ажлын албаны ажилтнуудын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх сургалтыг үр дүнтэй хэрхэн зохион байгуулах талаар харилцан санал солилцох нь энэхүү үйл ажиллагааг цаашид бодитой хэрэгжүүлэхэд тус дэм болно гэдэгт итгэлтэй байна гэлээ. Түүнчлэн, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбатыг хамтын ажиллагааны протоколын хүрээнд ажил хэрэгч, тодорхой санал дэвшүүлж буйд талархал илэрхийллээ. Тэрбээр, тус улсын парламентын зүгээс дэлхийн 50-60 орны парламентын ажлын албаны ажилтнуудыг оролцуулсан хуулийн төсөл боловсруулагчдын сургалтын хөтөлбөр хэрэгжүүлдэг бөгөөд үүнд Монгол Улсаас ч хамрагдаж, амжилттай суралцаж, үр өгөөжийг хүртэж ирснийг дурдав. Цаашид хуулийн төсөл боловсруулагчдын сургалтыг ямар хэлбэр, агуулгаар, хэрхэн зохион байгуулах талаарх санал бодлоо та бүхэн ирүүлбэл бид хэдийд ч хүлээн авахад бэлэн байгаа бөгөөд энэхүү хөтөлбөрийг улам баяжуулан хамтран ажиллахад таатай байх болно гэлээ.


Лок Сабхагийн Ерөнхий нарийн бичгийн дарга Утпал Кумар Сингх БНЭУ-ын парламент нь шинжлэх ухаан, технологийн дэвшлийг үйл ажиллагааныхаа бүхий л чиглэлд хурдацтай нэвтрүүлж байгааг онцлоод үүний нэг жишээ нь парламентын номын сангаа цахимжуулах ажлыг эрчимжүүлж байгааг дурдав. Иймд БНЭУ-ын парламентын номын санд хадгалагдаж буй баялаг ном бүтээл, парламентаар хэлэлцэж буй асуудал, мэтгэлцээн, парламентын хуралдааны тэмдэглэл, батлагдсан хууль, тогтоомжтой Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнууд цахимаар танилцах боломжийг цаашид судлан шийдвэрлэх боломжтой юм гэлээ.

Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат БНЭУ-ын парламентын Лок Сабхагийн Ерөнхий нарийн бичгийн дарга Утпал Кумар Сингх-эд ажлын амжилт хүсч, хамтын ажиллагааны протоколын хүрээнд хамтран ажиллахаа дахин нотолсон явдалд талархал илэрхийлснээр уулзалт өндөрлөв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл