Цэс

Холбоо барих

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан тэргүүтэй төлөөлөгчид Румын Улсад айлчлав


Монгол Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан тэргүүтэй төлөөлөгчид Румын Улсын Парламентын Сенатын танхимын Гадаад бодлогын байнгын хорооны урилгаар тус улсад 2024 оны 02 дугаар сарын 20-ноос 25-ны өдрүүдэд албан айлчлал хийв.

Айлчлалын бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүн Х.Баделхан, Д.Ганбат, Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Саянаа (Румын Улсад хавсран суугаа) болон албаны бусад хүмүүс ажиллав.

Европын Холбооны гишүүн Румын Улс нь 2024 оны 03 дугаар сард Шенгений бүсэд хэсэгчилэн орох болсон бөгөөд Европ-Азийн хоорондох гадаад худалдааны тээврийн “Дунд коридор”-ын нэг болж байгаагаараа Монгол Улсын гадаад бодлогын “гуравдагч хөрш”-ийн үзэл санаанд чухал байр эзэлдэг орны нэг юм. 

Айлчлалын үеэр Улсын Их Хурлын гишүүд Румын Улсын парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Николае-Ионел Чука-д бараалхан Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын мэндчилгээг уламжлахын сацуу парламентын дээд танхимын Гадаад бодлогын байнгын хорооны урилгаар тус улсад айлчилж буйдаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.

Төлөөлөгчид хоёр талын уулзалтын үеэр улс төрийн яриа хэлэлцээ, тэр дундаа парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэх, улмаар бусад салбар хоорондын харилцан ойлголцсон, нийтлэг ашиг сонирхол бүхий хамтын ажиллагааны хөгжилд түлхэц үзүүлэх зорилго, эрмэлзэлтэй байгаагаа  илэрхийлэв.



Сенатын танхимын Ерөнхийлөгч ноён Н.И.Чука Монгол Улсын Их Хурлын даргын ирүүлсэн мэндчилгээнд талархал илэрхийлээд, ирэх онд тохиох хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх  арга хэмжээний бэлтгэлийг хангах, зохион байгуулах ажлын хэсгийг Гадаад харилцааны яамд болон парламентын бүлгүүдийн түвшинд байгуулан ажиллуулах санал санаачилгыг бүрэн дэмжихээ  илэрхийлэхийн зэрэгцээ хоёр улс Элчин сайдын яамаа харилцан нээхгүйгээр найрсаг харилцаагаа гүнзгийрүүлэх боломж бололцоо хязгаарлагдмал болохыг онцлон тэмдэглэв.

Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан тэргүүтэй төлөөлөгчид айлчлалын хүрээнд тус улсын парламентын Дээд танхимын Гадаад бодлогын байнгын хорооны дарга ноён Сенатор Титус Корласеан болон Төлөөлөгчдийн танхимын Гадаад бодлогын байнгын хорооны дарга хатагтай Розалия Биро, Сенат дахь Румын-Монголын парламентын найрамдлын бүлгийн дарга Сорин Лаврич, Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга ноён Траян-Христя нартай тус тус  албан уулзалт хийсэн болно.

Мөн төлөөлөгчдийг Румын Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дэд дарга ноён Роберт-Мариус Казанчук элэгсгээр хүлээн авч уулзав. Талууд уулзалтуудын үеэр хоёр талд харилцан Элчин сайдын яамдуудаа дахин нээх, ирэх онд тэмдэглэх 75 жилийн түүхэн ойг тэмдэглэх бэлтгэл ажлыг хангах, зохион байгуулах ажлын хэсгүүдийг хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын түвшинд байгуулах, парламентын найрамдлын бүлгүүдийн хооронд цахим уулзалтыг даруй зохион байгуулж, харилцаа, хамтын ажиллагааны цаашдын хөгжилд бодит хувь нэмэр оруулах зорилтуудыг дэвшүүлж, хэрэгжүүлэхээр боллоо.

"Monumenta mongoliae historica" түүхэн цувралын эхний 10 боть номыг хүлээн авлаа

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан тэргүүтэй төлөөлөгчид Румын Улсын эрдэмтэн, академич Константин Барбуг хүлээн авч уулзлаа.


Академич Константин Барбу нь олон жилийн туршид дэлхийн улс орнуудын архив, номын сан, хувь хүмүүсийн цуглуулгад буй Монголын эрт үеийн түүхийн холбогдолтой судалгааны эх сурвалжуудыг цуглуулан судалж иржээ. Тэрбээр цуглуулсан эх сурвалжуудаа эмхэтгэн хэвлүүлэхэд 1000 орчим боть ном болох боломжтой хэмээн танилцуулав.

Мөн тэрбээр "Monumenta Mongoliae historica" хэмээн нэрлээд буй түүхэн эх сурвалжуудын цувралынхаа загвар болгож эхний 10 боть номыг өөрийн зардлаар хэвлүүлэн, 10 газрын зургийн хамт Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан тэргүүтэй төлөөлөгчдөд гардуулах үеэрээ Монгол Улсын төр засгийн зүгээс уг төслийг дэмжиж хамтран ажиллана гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ.


Энэхүү 10 ботид Рашид Ад Динийн Судрын чуулганы гар бичмэлийн хэд хэдэн хувилбар болон Марко Пологийн тэмдэглэлийн гар бичмэл зэрэг перс, латин хэлээр хадгалагдаж буй түүхийн үнэ цэнэтэй эх сурвалжууд багтсан гэж байлаа.

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын алба

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл