Цэс

Холбоо барих

Г.Занданшатар: Төрийн эрх барих дээд байгууллагад ажиллаж байсан ахмадууд Та бүхний оролцоо цэгцрэх цагийн босгон дээр ирсэн Монгол орны хөгжилд нэн чухал юм

Сар шинийн босгон дээр Улсын Их Хурлын Тамгын газар ахмадууддаа хүндэтгэл үзүүлэн хүлээн авч, уулздаг уламжлалтай. Өнөөдөр /2024.02.07/ Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат болон Тамгын газрын удирдлагууд ахмадуудаа хүлээн авч уулзлаа.


Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат уулзалтыг нээж хэлсэн үгэндээ, Монгол төрийн эрх барих дээд байгууллагад ажил амьдрал, залуу нас, хөдөлмөр бүтээлээ зориулсан Та бүхэнтэйгээ луу жилийн босгон дээр уулзаж байгаадаа баяртай байна гээд өнгөрсөн 2023 онд Улсын Их Хурлын Тамгын газрын хийж хэрэгжүүлсэн ажлын талаар товчхон мэдээлэл өгсөн юм.

Тэрбээр, Улсын Их Хурал 2023 онд 378  хууль, 121 тогтоолыг хэлэлцэн баталсан. Мөн энэ хугацаанд Улсын Их Хурлын чуулганы  нэгдсэн хуралдаан 69 удаа, Байнгын болон дэд, түр хорооны 287 удаа хуралдсан. Энэ бүхэнд Улсын  Их Хурлын Тамгын газар мэргэжил, арга зүй, техник, зохион байгуулалтын дэмжлэг үзүүлж ажиллалаа. D-parliament, D-өргөдөл нэгдсэн системүүдийг ашиглан иргэд, олон нийт хууль тогтоох үйл ажиллагаанд оролцож байна.

Мөн Олон Улсын Парламентын Холбоотой хамтран хүний эрхийн өөрийн үнэлгээг дэлхийн улс орнуудын парламентаас Монгол Улсын Их Хурал анх удаа хийсэн гэдгийг энд дурдъя гээд 2024 оны ээлжит сонгуулийн дүнгээр байгуулагдах 126 гишүүнтэй Улсын Их Хурлын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэхэд хүч нөөцөө дайчлан, зохион байгуулалт, үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байгаа хэмээв.


Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ахмадуудад хандаж үг хэллээ. Тэрбээр, төрийн эрх барих дээд байгууллага Монгол Улсын Их Хурал, түүний Тамгын газарт ажиллаж, залуу насаа төрийн хууль тогтоох үйл хэрэгт хоёргүй үнэн сэтгэлээр зориулсан Та бүхэнтэйгээ уулзаж байгаадаа баяртай байна. 2020 оны Улсын Их Хурлын сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан парламентын бүрэн эрхийн хугацаа өндөрлөх дөхлөө.

Улсын Их Хурлын дөрвөн жилийн үйл ажиллагааны үр дүнг дүгнэх цаг ирж байна. Цар тахлын амаргүй цаг үед Улсын Их Хурал үйл ажиллагаагаа эхэлж байлаа. Тухайн цаг үед Улсын Их Хурал үйл ажиллагаагаа нэг ч хоног тасалдуулалгүй явуулж чадсан. Ийнхүү цахим парламентын цоо шинэ дэгийг бүтээж, Олон Улсын Парламентын Холбоо дэлхийд жишиг болохуйц ажилласан гэж дүгнэсэн. Эрх зүйн шинэчлэл хийх, хүний эрхийг дээдлэх, авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх, “Гурван D” буюу цахим парламент болох зорилтыг бид дэвшүүлэн ажиллаж, томоохон үр дүнд хүрсэн. Бүхэлд нь дүгнэж хэлбэл энэ удаагийн парламент ШИНЭЧЛЭЛИЙН парламент байж чадсан гээд хяналт шалгалтын хуулийн хүрээнд нийтийн сонсгол, нээлттэй хэлэлцүүлэг хийж, “Хөгжлийн банкны”, “Нүүрсний” гээд нийгмийн эргэлзээ, бухимдлыг төрүүлсэн хэргүүдийг ил болгож, ард түмний “мэдэх эрх”-ийг хангасан тухай хэлсэн үгэндээ онцоллоо.

Мөн тэрбээр цааш нь, нийгэм ихээхэн бухимдалтай, өнгөрсөн 30 гаруй жилийн алдаа оноогоо дэнсэлсэн, буруу булхайг илчлэн шүүмжилсэн цаг үе тохиож байна. Энэ бол төрийг удирдах үйл хэрэгт ард түмний оролцоо эрс идэвхжиж, хяналтын тогтолцоо ард нийтийн мэдэлд шилжиж байгаагийн илрэл юм. Нөгөө талаар тогтолцооны болон үйл ажиллагааны алдаа, сургамждаа дүгнэлт хийх, түүнийг засан сайжруулах чиглэлээр төр, засаг ч ихээхэн санаачлага өрнүүлэх боллоо. Энэ бүхэн нэг зүгт нийлж, нэгдсэнээр Монгол орон цэгцрэх цагийн босгон дээр иржээ гэсэн итгэлийг төрүүлж байна гээд төрийн эрх барих дээд байгууллагад ажиллаж, аливаа асуудлын мөн чанарыг зөв оновчтой харж, гарц шийдлийг олж, шийдвэрлэх талаар ихээхэн туршлага, мэдлэг хуримтлуулсан Та бүхний оролцоо энэ үйл хэрэгт ч нэн чухал шүү гэдгийг тэмдэглэж хэлэхийг хүсэж байна гэв. 

Түүний дараа ахмадуудаа төлөөлж, Монгол Улсын баатар, 2004-2008 оны Улсын Их Хурлын гишүүн асан Ж.Гүррагчаа, Улсын Их Хурлын Тамгын газарт олон жил удирдах албан тушаал хашин ажиллаж байсан Ж.Нарантуяа нар үг хэллээ. Тухайлбал Ж.Гүррагчаа, Үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуу өргөн бүрэлдэхүүнтэй парламентыг байгуулах том сорилтын өмнө ирж байна. Мөн нутаг дэвсгэрийн том төлөөлөлөөс сонгогдох хариуцлагатай төрийн түшээг бид сонгох учиртай. Энэхүү сонголтоо зөв зохион байгуулж хийх нь чухал юм. Мөн өнөөгийн парламент нийгмийн бухимдлыг тайлах бодлого, шийдвэрийг хэрэгжүүлж, тодорхой ахиц гаргаж байгаад талархаж байна гээд сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл