Цэс

Холбоо барих

Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга, гишүүд БОАЖЯ-ны үйл ажиллагаатай танилцлаа

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ж.Батжаргал, Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболор, Б.Бейсен нар өнөөдөр (2024.01.18) БОАЖЯ-ны 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, холбогдох хууль тогтоомж, авч хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд мэдээлэл солилцлоо. Уулзалтын үеэр салбарын яамнаас дэвшүүлсэн зорилтод үндэслэн өргөн мэдүүлэхээр хүлээгдэж буй хууль, тогтоомжийн төсөл, улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын ажлууд болон Улсын Их Хурлаас баталсан, Байнгын хорооноос чиглэл өгсөн тогтоолуудын хэрэгжилттэй танилцсан юм. Тухайлбал, энэ оны улсын төсөвт туссан аялал жуулчлалын бүсэд отоглох цэг байгуулах хөрөнгө оруулалтын арга хэмжээ, тусгай хамгаалалттай газар нутгийн талаар баримталж байгаа бодлого, холбогдох арга хэмжээний хэрэгжилт, үр дүн, ан агнуурын талаар баримталж буй бодлого, өнөөгийн нөхцөл байдал болон Соёлын яамтай хамтран хэрэгжүүлсэн зорилтот ажлуудын талаар судалгаа, мэдээллийг нэгтгэн хэлэлцэв.



БОАЖЯ-ны 2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг 32 зорилтын хүрээнд нийт 204 арга хэмжээг хэрэгжүүлэхээр боловсруулснаа Төрийн нарийн бичгийн дарга С.Цогтгэрэл илтгэлдээ онцолсон юм. Уг төлөвлөгөөнд, уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрч, олон жил орхигдсон зарим талбайг нөхөн сэргээх, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээ чанар, стандартыг сайжруулж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд энэ оныг “Ойн жил” болгох, цэнгэг усны нөөц, томоохон гол мөрний урсац бүрэлдэх эхийн 55 хувийг улсын тусгай хамгаалалтад авах, салбарын хууль тогтоомжийн шинэчлэл зэрэг үндсэн зорилтууд багтжээ.


Өнгөрсөн онд аялал жуулчлалын тухай хуулийг шинэчлэн баталснаар, гадаад, дотоодын аялал жуулчлалын бодитой үр өгөөж тухайн бүс нутагтаа үлдэх, энэ төрлийн бизнес эрхлэгчдийг төрөөс хараат бус байлгах, жуулчдын аюулгүй байдлыг хангах зэрэг чиглэлээр тухайлсан зохицуулалтуудыг тусгасан гэж байлаа. Мөн “Монголд зочлох жил”-ийн хүрээнд Соёлын яамтай хамтран хэрэгжүүлсэн зорилтот арга хэмжээнүүд үр дүнгээ өгч, өнгөрсөн онд манай улсад нийт 650000 жуулчин ирсэн бол экспортын орлого 1.27 тэрбум ам.долларт хүрчээ. 


Энэ удаагийн уулзалтын үеэр салбарын хууль тогтоомжийн хийдэл, давхардал, зөрчлийг арилгахын тулд эрх зүйн шинэчлэлийн хүрээнд өргөн мэдүүлсэн болон хэлэлцүүлгийн шатанд байгаа хуулийн төслүүдийн талаар мэдээлэл солилцов. Үүний дараа танилцуулга мэдээлэлтэй холбогдуулан тус яамны үйл ажиллагаа, байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд гишүүд тодруулга асууж, саналаа хэлцгээсэн юм.



Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, байгаль орчны хамгаалал, зүй зохистой ашиглалт, нөхөн сэргээлт гэсэн үндсэн зарчмуудад тулгуурлан салбарын хууль тогтоомжийн нийцлийг хадгалж, эрх зүйн орчныг боловсронгуй болгоход онцгой анхаарах хэрэгтэйг дурдлаа. Ингэхдээ Байгаль орчны багц хуулийн төслийг өнөөгийн нийгэм цаг үеийн шаардлагад нийцүүлэн, тулгамдсан зохицуулалтуудыг шат шатны нэгжүүдэд хуваарилж, санал, хэлэлцүүлгийн түвшинд орон нутгийн оролцоог тусгах нь зүйтэй гэв.


Тэрбээр, нэн түрүүнд салбарын хууль тогтоомжийн шинэчлэлийн хүрээнд боловсруулж буй болон өргөн барьсан хуулийн төслүүдийг батлуулах бэлтгэл ажлыг хангахыг даалгалаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлсэн юм.


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл