Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо өнөөдөр /2024.01.16/ 20 цаг 48 минутад дахин хуралдаж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв.
Хуралдааны эхэнд Засгийн газраас 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан.
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар дээрх хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг явуулах үеэр гишүүдийн олонхын дэмжлэг авсан саналыг төсөлд нэмж тусгасан эцсийн хувилбар, танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй.
Иймд энэ талаарх Байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.
Дараа нь Засгийн газраас 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг явуулах үеэр гишүүдийн олонхын дэмжлэг авсан саналыг нэмж төсөлд нэмж тусгасан эцсийн хувилбар, танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй.
Иймд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1.-т заасны дагуу зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг гүйцээн боловсруулах чиглэл өгсөн нэг саналаар санал хураалт явуулав.
“Засгийн газрын өрийн баталгаа гаргах зөвшөөрөл олгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн 1 дүгээр зүйлийг “Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор Нийслэл Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хэрэгжих Сэлбэ дэд төвд түшиглэсэн гэр хорооллыг орон сууцжуулах төсөл, арга хэмжээнд Өрийн удирдлагын тухай хуулийн 281 дугаар зүйлийн 281.1., 281.3.-т заасан шаардлагыг хангасан тохиолдолд тус төсөл арга хэмжээг санхүүжүүлэх зориулалтаар гаргах нийслэлийн гадаад үнэт цааст зориулж 2024 оны төсвийн жилд Засгийн газрын өрийн баталгаа гаргахыг Монгол Улсын Засгийн газарт зөвшөөрсүгэй" гэж өөрчлөх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь дэмжлээ.
Ингээд хууль, тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлэг хийсэн талаарх Байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболор чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.