Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан /2024.01.16/ 17 цаг 36 минутад гишүүдийн ирц 52.6 хувьд хүрснээр эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн юм.
Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулав
Хуралдааны эхэнд Засгийн газраас 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэв.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Байнгын хорооны гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа төслийн талаарх гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулсан юм. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир, Г.Амартүвшин, Б.Баттөмөр, Х.Баделхан, Д.Өнөрболор нараас хуулийн төслийн 6.5.21-ийг нийслэлийн Багахангай, Багануур, Налайх дүүргийн болон аймгийн Засаг даргын тамгын газар, тэдгээрийн эрхлэх асуудлын хүрээний агентлаг, сумын Засаг даргын тамгын газар" гэж өөрчлөх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь дэмжлээ.
Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал хуулийн төслийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсгийг “эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалах, зам тээврийн салбарын ажилтнуудын болон Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэг гэж өөрчлөх, мөн Төрийн хэмнэлтийн хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсгийн 15.2.3-ыг хасах гэснийг дөрөв дэх заалт болгох, санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь дэмжив.
Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэсэн.
Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн
анхны хэлэлцүүлгийг явуулав
Дараа нь Засгийн газраас 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэв.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Засгийн газрын өрийн баталгаа гаргах зөвшөөрөл олгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулсан. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн Өрийн удирдлагын тухай хуулийн 281 дугаар зүйлийн 281.1. дэх хэсгийн “дотоодын зах зээлд үнэт цаас гаргаж болно” гэсний дараа “нийслэл нь гадаад үнэт цаасыг хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт тусгасан төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, өмнө нь гаргасан үнэт цаасаа дахин санхүүжүүлэх зориулалтаар Засгийн газрын өрийн баталгаатайгаар гаргаж болно” гэж өөрчлөх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.
Мөн “Засгийн газрын өрийн баталгаа гаргах зөвшөөрөл олгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлтэй холбогдуулан төслийн 1 дэх заалтын “арга хэмжээг” гэснийг “арга хэмжээ нь Өрийн удирдлагын тухай хуулийн 281 дугаар зүйлийн 281.1., 281.3.-т заасан шаардлагыг хангасан тохиолдолд Өрийн удирдлагын тухай хуулийн 18.5.3-т заасан хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт тусгасан төсөл, арга хэмжээг” гэж өөрчлөх, мөн хоёрдугаар заалтыг “Энэ тогтоолыг батлагдсан өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй” гэснийг “Энэ тогтоолыг Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй” гэж өөрчлөх санал тус тус 60 хувиар дэмжигдлээ.
Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболор чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.
Хуралдаан “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгээр үргэлжилсэн.
Энэ талаарх Ажлын хэсгийн танилцуулгыг Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн хийв. Тэрбээр танилцуулгадаа, Татварын шинэчлэл болон иргэдээс гаргасан олон нийтийн саналтай холбогдуулан УИХ болон Төсвийн байнгын хорооноос хоёр Ажлын хэсэг байгуулагдан ажилласан. Энэ хүрээнд Ажлын хэсэг 15 удаагийн уулзалт зохион байгуулж, тус салбарын мэргэжлийн 12 холбоо болон 300 орчим татвар төлөгчдийн төлөөлөлтэй уулзан, тодорхой аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд учирч буй асуудлаар санал солилцож, нийтдээ 100 гаруй санал хүлээн авсан. Эдгээр саналуудыг авч үзэхэд, нэн тулгамдаж буй асуудал нь татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх зорилгоор гарсан хэм хэмжээний актууд нь татварын хуулиасаа давсан байдаг, улмаар төрийн байгууллагуудаас тогтоосон өндөр хэмжээний үйлчилгээний хөлс, төлбөр, хураамж нь татвараасаа ялгаагүй санхүүгийн ачаалал үүсгэж, тэр хэмжээгээр татварын зардлыг нэмэгдүүлж байна гэдэг саналуудыг ирүүлсэн. Иймд Ажлын хэсгээс татварын шинэчлэлийн хүрээнд эхний ээлжинд "Засгийн газарт чиглэл өгөх тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан гэж байлаа.
Тогтоолын төсөлд төрөөс иргэд, хуулийн этгээдэд үйлчилгээ үзүүлж байгаатай холбогдуулан хураан авч байгаа үйлчилгээний үнэ, хөлс, зардал зэрэг аливаа хэлбэрээр ногдуулдаг төлбөр, хураамж, түүний зарцуулалтын талаарх судалгааг хииж, нэгдсэн санал дүгнэлтээ 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн дотор Улсын Их Хуралд танилцуулах, энэ тогтоолын 1-д заасан төлбөр, хураамжийг татварын хууль тогтоомжид нийцүүлэх, хууль, тогтоомжид нийцээгүй төлбөр, хураамжийг хүчингүй болгох талаарх авах арга хэмжээний төлөвлөгөө болон холбогдох хуулийн өөрчлөлтийн төслүүдийг 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн дотор Улсын Их Хуралд танилцуулж, өргөн мэдүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгахаар тусгасан байв.
Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал тогтоолын төслийн найруулгатай холбоотой санал хэлснийг Байнгын хорооны дарга төсөлд тусгаж, батлахыг дэмжих саналыг хураалтыг явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь дэмжлээ.
Төслийн талаар гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.22-т заасны дагуу анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын саналыг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн гаргав. Уг саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь дэмжсэн.
Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.