Цэс

Холбоо барих

Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгууллаа

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр (2024.01.16) Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд зохион байгууллаа. Улсын Их Хурлын 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 02 дугаар тогтоолоор Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс нэр дэвшүүлсэн Д.Жавзандоржийг баталсан ч тэрбээр Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба мяндаг тушаалыг хашиж, улмаар Үндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ өнгөрсөн оны 08 дугаар сарын 25-нд Монгол Улсын Ерөнхийлөгчид гаргасан тул уг орон тоонд Н.Нанзаддоржийг нэр дэвшүүлсэн талаар  сонсгол даргалагч, Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл танилцуулсан юм. Түүнчлэн сонсгол зохион байгуулахтай холбогдох хуулийн зүйл, заалт, сонсголын зорилго, дэгийг нэг бүрчлэн сануулж, зарыг нээлттэй түгээсэн гэв.

Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн намтрыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар танилцууллаа. Нэр дэвшигч Ноовойн Нанзаддорж нь 1973 онд Улаанбаатар хотод төрсөн. Тэрбээр 1981-1990 онд нийслэлийн ерөнхий боловсролын 47 дугаар дунд сургууль төгсөж, 1991-1995 онд Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Дашчойнпэл дацанд шавилан сууж, 1995-2000 онд БНЭУ-ын Goman Monastery University (Datsan)-ийн парчин дамжааг, 2000-2002 онд тус сургуулийн зод дамжааг, 2002-2004 онд умын дамжааг тус тус дүүргэж төгссөн. 2008 онд буддын гүн ухааны гавжийн дамжаа барьсан. Н.Нанзаддорж нь 2005–2008 онд Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдэд Захиргааны тэргүүлэгч, 2008-2016 онд тус хийдийн дэд хамба, 2005 оноос хойш Гандантэгчэнлин хийдийн Дашчойнпэл дацанд багшилж байгаа.


Сонсголын дэгийн дагуу нэр дэвшигч зорилго, төлөвлөгөөгөө танилцуулах үед тэрбээр буддын гүн ухааныг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр хийж, бүтээж ирсэн ажлаа товч танилцуулан, сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр бурхны шашны нэр хүндэд харшлахуйц төөрөгдүүлсэн киног олон нийтэд цацаж байгааг анхааралдаа авна, буруу ташаа мэдээлэл тараахгүй байх чиглэлд ажиллана гэсэн юм.

Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа, 500 гаруй ажилтан, уран бүтээлчтэй Үндэсний олон нийтийн радио, телевизэд Үндэсний зөвлөлийн гишүүд нь уран бүтээлий бодлогод оролцох боломжтой эсэхийг судалсныг лавлаж, нэр дэвшигчийн зүгээс олон нийтийн радио, телевизэд үндэсний бичиг, соёлыг нэвтрүүлэхээр төлөвлөснийг сайшаав.   


Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг эргүүлэн татах эрх нэр дэвшүүлсэн этгээдэд байдаггүй хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар хариулаад тус зөвлөлийн нэг гишүүнийг эргүүлэн татах шаардлага ирүүлсэн, тухайн гишүүн хариу гомдол гаргасан. Мөн Жавзандамба хутагт төв нийгэмд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг тул тэндээс нэр дэвшүүлсэн Н.Нанзаддоржийг Ерөнхийлөгч дэмжсэн гэв.


Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, өмнө нь Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилогдсон Д.Жавзандорж нь том зорилготой очсон хэдий ч итгэл, үнэмшил нь сулраад шантарч байж мэднэ. Өөр хоорондоо хөлөө жийлцсэн, эв нэгдэлгүй, ирцээ бүрдүүлдэггүй, ажлаа хийдэггүй Үндэсний зөвлөлд очоод дахин шантрахыг үгүйсгэхгүй. Өөрийн үзэл бодлоо хамгаалж, ажиллаарай хэмээв.

Сонсгол даргалагч, Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөл дотроо хяналт тавих зохицуулалттай. Энэ чиглэлээр Ажлын хэсэг гаргаж ажиллах зайлшгүй шаардлагатай гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг хүний эрхийн чиглэлээр нэвтрүүлэг бэлтгүүлэхэд анхаараарай гэсэн юм.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь олон нийтийн телевиз улс төрждөг, үзэгчгүй болсон, Үндэсний зөвлөлд олон хүнийг томилж явуулсан ч очоод ажилладаггүйг шүүмжилж, талцал үүссэн тэр байгууллагыг нийтийн хүсэл, зоригийн талд зогсож, бусдыг аялдан дагалдахгүйгээр ажиллаж, бусармаг зүйлийг таслан зогсоож, эв зүйд нь оруулаарай гэж захив. Нэр дэвшигчийн сонсголыг ийнхүү явуулж, тайланг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.   

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл