Цэс

Холбоо барих

ХЭДХ: Хүний эрх, жендэрийн асуудлаарх парламентын өөрийн үнэлгээний санал, зөвлөмжийг хэлэлцэв

Улсын Их Хурлын Хүний эрхий дэд хороо өнөөдөр (2024.01.16) хуралдаж, Хүний эрх, жендэрийн асуудлаарх парламентын өөрийн үнэлгээний санал, зөвлөмжийг хэлэлцэв. Дэд хорооны хуралдаан гишүүдийн 66.7 хувийн ирцтэйгээр, 14 цаг 28 минутад эхэлсэн.


Улсын Их Хурал 2023 оны 11 сарын 22, 23-ны өдрүүдэд Олон Улсын Парламентын Холбоотой хамтран хүний эрх, жендэрийн асуудлаарх өөрийн үнэлгээг зохион байгуулсан. Энэ хүрээнд хараат бус, бие даасан үндэсний зөвлөхүүд болох Монголын Хараагүйчүүдийн үндэсний холбооны тэргүүн, НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхий комиссын гишүүн Д.Гэрэл, Хүний эрхийн үндэсний зөвлөх, хүний эрх судлаач Б.Болорсайхан, МУИС-ийн ШУС-ийн Социологи, нийгмийн ажлын тэнхимийн эрхлэгч, доктор (Ph.D), дэд профессор М.Батбаатар, Жендэрийн үндэсний хорооны дэргэдэх Жендэрийн үндэсний шинжээч Б.Долгор нар ажилласан гэдгийг Дэд хорооны дарга Ц.Мөнхцэцэг танилцуулав. Хүний эрх, жендэрийн асуудлаар парламент, түүний Тамгын газраас авч хэрэгжүүлвэл зохих арга хэмжээний талаарх санал, зөвлөмжүүдийг боловсруулсан байна.


Монгол Улсын Их Хурал нь хүний эрхийн өөрийн үнэлгээг зохион байгуулсан олон улс дахь анхны парламент болж байгаагаараа онцлогтой. Хүний эрхийн асуудлаарх парламентын өөрийн үнэлгээний үндэсний зөвлөхөөр Д.Гэрэл, Б.Болорсайхан нар ажилласан бөгөөд 4 сэдвийн хүрээнд 36 зөвлөмж боловсруулжээ. Хүний эрхийн асуудлаарх санал, зөвлөмжийг Хүний эрхийн үндэсний зөвлөх, хүний эрх судлаач Б.Болорсайхан Дэд хорооны хуралдаанд танилцууллаа. “Хүний эрхийн мэдрэмжтэй хууль тогтоох үйл ажиллагаа” сэдвээрх нэгдүгээр багцын хүрээнд 14 зөвлөмж боловсруулснаа танилцууллаа.

I. Хүний эрхийн мэдрэмжтэй хууль тогтоох үйл ажиллагаа

Монгол Улсын Их Хурал:

1. Тухайлан үүрэг хүлээсэн албан ёсны бүтэц бий болгох зорилгоор Улсын Их Хурлын Хүний эрхийн байнгын хороо, түүний дор Жендэрийн дэд хороо, Тогтвортой хөгжлийн дэд хороо байгуулж ажиллах;

2. Байнгын хороодын дунд чиг үүргийн давхцал үүсэхээс сэргийлж, хууль зүйн үндэсний бодлого тодорхойлох, боловсруулах, энэхүү үйл явцын Үндсэн хуультай нийцэж байгааг тусгайлан хариуцах, Үндсэн хуулийн цэцэд парламентыг тухайлан төлөөлөх, хууль тогтоох эрх мэдлийн хүрээнд хууль дээдлэх ёсыг чанд дагахад манлайлж ажиллах асуудлыг Хууль зүйн байнгын хороонд хариуцуулах, хүний эрх, эрх чөлөөг хангах, эдлэхүйц таатай нөхцөл, боломжийг тодорхойлох, Нэгдсэн Үндэстний Байгууллагын хүний эрхийн механизмд парламентын оролцоог хангах, төлөөлөх, жендэрийн эрх тэгш байдал, тогтвортой хөгжил зэрэг үл ялгаварлах, эрх тэгш байх зарчмын хүрээнд хөгжих эрхийн асуудлыг Хүний эрхийн байнгын хороонд хариуцуулах;

3. Хүний эрхийн байнгын хороо жил бүр Магадлан итгэмжлэх дэд хорооны зөвлөмжийн хэрэгжилт, Парисын зарчимд Хүний эрхийн Үндэсний Комисс нийцэн ажиллаж байгаа талаар сонсгол хийх;

4. Олон улсын гэрээний дагуу хүлээсэн үүргээ төрийн байгууллага биелүүлэхүйц төсвийг хангалттай, хүрэлцэх хэмжээгээр хуваарилах; 

Монгол Улсын Их Хурлын Тамгын газар:

5. Монгол Улсын Засгийн газрын байгуулсан зөвлөл, хороодын оролцоотой “Тогтвортой хөгжлийн үр шим хүртэж чадахгүй байгаа нийгмийн гадуурхагдсан, адлагдсан, хавчигдсан бүлэгт үзүүлэх нөлөөг тодорхойлох аргачлал”, “Хүний эрхэд суурилсан, жендэрийн мэдрэмжтэй, насанд тохирсон, тэгш хамарсан төсөвлөлт”, “Хүний эрхийн шалгуур үзүүлэлт бүхий хууль тогтоомжийн үр нөлөөний үнэлгээ” зэрэг аргачлал боловсруулан нэвтрүүлэх;

6. Улсын Их Хурлын гишүүний гарын авлагыг сайжруулж, хүний эрхийн үндсэн зарчим, хүний эрхийг хамгаалах үндэсний тогтолцоо, олон улсын хүний эрхийн гэрээ, Нэгдсэн Үндэстний Байгууллагын гэрээний хороодоос гаргасан ерөнхий зөвлөмж, хүний эрхийн механизм дахь оролцоо, тайлагнах товцоо зэрэг бусад шаардлагатай мэдээлэл, эх сурвалж агуулсан бүлэг нэмэх;

7. Олон улсын парламентын холбоо, Нэгдсэн Үндэстний Байгууллагын хамтран боловсруулсан “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай конвенцын талаар парламентчдад зориулсан гарын авлага”-ыг монгол хэлнээ орчуулж, Улсын Их Хурлын гишүүд, тэдний зөвлөх, ажлын албаны ажилтны хэрэглээнд нэвтрүүлэх;

8. Хүүхэд, өсвөр үеийнхэн; хөдөөгийн ядуу иргэд; үндэстний цөөнх; ажилгүй, ур чадваргүй залуус; охид, эмэгтэйчүүд болон эмзэг бүлгийн эрчүүд; хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс; ахмад настан; хот, суурин газрын ядуу иргэд, дотоодын шилжин суурьшигчид; бэлгийн цөөнх; хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчид зэрэг хөгжлийн үр шим хүртэж чадахгүй байгаа болон байх магадлалтай нийгмийн бүлгийн асуудлаар сургалтыг тухайн бүлгийн эрхийн чиглэлээр ажилладаг иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран явуулдаг тогтолцоог бий болгох, сэдэвчилсэн сургалтын модуль, багц хамтран боловсруулах;

9. Улсын Их Хурлын гишүүд, тэдний зөвлөх, ажлын албаны ажилтнуудад, мөн Тамгын газрын шинэ ажилтнуудад хүний эрх, жендэрийн талаар үндсэн сургалт, ахисан түвшний сургалт, гүнзгийрүүлсэн сургалт дэс дараатай ээлжлэн зохион байгуулах;

10. Хүүхэд, өсвөр үеийнхэн; хөдөөгийн ядуу иргэд; үндэстний цөөнх; ажилгүй, ур чадваргүй залуус; охид, эмэгтэйчүүд болон эмзэг бүлгийн эрчүүд; хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс; ахмад настан; хот, суурин газрын ядуу иргэд, дотоодын шилжин суурьшигчид; бэлгийн цөөнх; хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчид зэрэг хөгжлийн үр шим хүртэж чадахгүй байгаа болон байх магадлалтай нийгмийн бүлгийн асуудлаар жил бүр тоо баримт, тохиолдол цуглуулж, мэдээллийн санг баяжуулах, энэ чиглэлээр мэргэшсэн судлаачидтай болох;

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс:

11. Магадлан итгэмжлэх дэд хорооны зөвлөмжийн хэрэгжилт, Парисын зарчимд Хүний эрхийн Үндэсний Комисс нийцэн ажиллаж байгаа талаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 2024 оны илтгэлийн нэг бүлэгт тухайлан илтгэж, цаашид жил бүр хэвших;

12. Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилт, тэр дундаа тогтвортой хөгжлийн үр шим хүртэж чадахгүй байгаа нийгмийн гадуурхагдсан, адлагдсан, хавчигдсан бүлгийн хүний эрхийн төлөв байдлыг 2030 он хүртэл тасралтгүй хөндлөнгийн, хараат бус байдлаар илтгэх;

13. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах хууль тогтоомжийн хэрэгжилт, үр дүнгийн талаарх илтгэлийг сэдэвчилсэн илтгэл  байдлаар тусад нь боловсруулах;

14. Ахмад настны эрхийн тухай конвенц боловсруулан, батлуулах бүсийн болон олон улсын санаачилгыг судалж, саналаа холбогдох этгээдэд хүргүүлэх;

Парламентын хяналтыг бэхжүүлэх чиглэлээр Хүний эрхийн асуудлаарх парламентын өөрийн үнэлгээний үндэсний зөвлөх Д.Гэрэл, Б.Болорсайхан нар Монгол Улсын Их Хурлаас авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх 4 зөвлөмжийг гаргасан байна.

II. Парламентын хяналтыг бэхжүүлэх нь

Монгол Улсын Их Хурал:

15. Хүний эрхийн Үндэсний Комиссын жил бүр хүргүүлдэг илтгэлийг тухайн жилийн 4 дүгээр сард багтаан Улсын Их Хурал хэлэлцэж, холбогдох тогтоолоо баталж хэвших. Бүтцийн болон тогтолцооны шинжтэй хүний эрхийн асуудлыг шийдвэрлэх тухай тогтоолдоо 12-24 сарын тов тогтоох;

16. Хууль зүйн байнгын хороо, Улсын Их Хурлын Тамгын газар хамтран Олон улсын гэрээний хэрэгжилтийн тухай хуулийн үр дагаварт үнэлгээ 2024 оны I улиралд багтаан хийж, танилцуулахыг даалгах;

17. Олон улсын гэрээний үүргийн хэрэгжилтийн талаарх Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны Ажлын хэсгийн  тайлангийн мөрөөр Засгийн газар зарцуулж, хүний эрхийн механизмийн зөвлөмжийг хэрэгжүүлэх төсвийг тооцоолон, үүрэг хүлээгч-холбогдох төрийн байгууллагад хангалттай хэмжээгээр хуваарилах;

18. Хүний эрхийг хангах Үндэсний Хорооны санаачилга, шийдвэрийн дагуу Хүний эрхийн Үндэсний Комиссын манлайлал дор боловсруулсан “Монгол Улсад хүний эрхийг хангах үндэсний 2024-2034 оны төлөвлөгөө”-г хэлэлцэн батлах, жил бүр Хүний эрхийн байнгын хороогоор хэрэгжилтийг хэлэлцэж хэвших;

19. Улсын Их Хурлын Тамгын газрын алба хаагчдын тоог нэмэгдүүлэх, ажлын ачааллыг тэнцвэржүүлэх, мэргэших, чадавхжих, асуудлыг тал бүрээс бүрэн дүүрэн шинжлэх ухаанч байдлаар ажиллах нөхцөл бүрдүүлэх;

Нэгдсэн Үндэстний Байгууллагын хүний эрхийн тайлагнах механизмд парламентын оролцоог нэмэгдүүлэх сэдвийн хүрээнд 5 зөвлөмж боловсруулсныг Б.Болорсайхан зөвлөх Дэд хорооны хуралдаанд дэлгэрэнгүй танилцууллаа.


III. Нэгдсэн Үндэстний Байгууллагын хүний эрхийн тайлагнах механизмд парламентын оролцоог нэмэгдүүлэх нь

Монгол Улсын Их Хурал:

20. Хууль зүйн байнгын хороо, Хүний эрхийн дэд хороо олон талын төлөөлөл бүхий өргөн бүрэлдэхүүнтэйгээр Олон улсын гэрээний үүргийн хэрэгжилтийн талаарх Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны Ажлын хэсгийн  тайлангийн үр дүнтэй танилцаж, Хууль зүйн байнгын хороогоор уламжлан нэгдсэн хуралдаанаар 2024 оны I улиралд хэлэлцүүлэх;

21. Нэгдсэн хуралдаанаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын хүний эрхийн механизмын зөвлөмжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай Улсын Их Хурлын тогтоол 2024 оны I улиралд гаргуулж, Засгийн газрын эгэх хариуцлагыг нэмэгдүүлэх;

22. Олон улсын гэрээний хэрэгжилтэд хяналт тавих зорилгоор Улсын Их Хурлын Хүний эрхийн байнгын хороо, шаардлагатай тохиолдолд асуудал хамаарсан холбогдох Байнгын хороодоор хүний эрхийн гэрээний хэрэгжилтийн тайлангийн төсөл хэлэлцдэг байх;

23. Монгол Улсын Засгийн газрын Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн тайлан-Сайн дурын үндэсний илтгэлийг Хүний эрхийн байнгын хорооны Тогтвортой хөгжлийн дэд хороогоор хэлэлцэж, Засгийн газрын хэлэлцүүлгийн мөрөөр Нэгдсэн Үндэстний Байгууллагад илгээж хэвших;

24. Засгийн газраас Монгол Улсын нэгдэн орсон хүний эрхийн олон улсын зарим гэрээ, конвенцын цөөнгүй нэр томьёоны монгол орчуулгыг эргэн хянах, боломжит хүрээнд оновчтой болгохыг шаардах;

25. Монгол Улсын Засгийн газар хүлээсэн үүргээ биелүүлж, нэгдэн орсон гэрээдийн ерөнхий тайлбар, илгээсэн тайлан, мэдээ, түүний дагуу хүлээн авсан дүгнэлт, зөвлөмж, ажиглалт нэг бүрийг албан ёсоор монгол хэлнээ орчуулж, хэрэглээнд нэвтрүүлэх, “Төрийн мэдээлэл” сэтгүүлд хэвлүүлэх, Эрх зүйн мэдээллийн нэгдсэн системээр (www.legalinfo.mn) түгээхийг шаардах;

Олон нийт ба хүний эрхийн бусад байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх хүрээнд Монгол Улсын Их Хурал, түүний Тамгын газар болон Хүний эрхийн Үндэсний Комиссоос авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх нийт 10 зөвлөмж боловсруулжээ.

IV. Олон нийт ба хүний эрхийн бусад байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь

Монгол Улсын Их Хурал:

26. Иргэд, олон нийт, сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд Төрийн ордонд нэвтрэхэд шаардаж байгаа дур зоргын шинжтэй ялгаварлан гадуурхаж байгаа хувцасны шалгуурыг холбогдох журмаас даруй хасах. Тодруулбал, 2000 оны албаны бус хувцас (жинсэн өмд, цамцтай, богино болон хагас задгай банзалтай, биеийн тамирын хувцас) 2018 оны биеийн тамирын, чөлөөт амралтын, ажлын болон этгээд загварын, нуруу, хэнхдэг ил гарсан, гэрэлтдэг нимгэн хувцас, өвдөгнөөс дээш богино банзал, бохирдсон хувцас, 2023 оны нуруу, хэнхдэг ил гаргасан, гэрэлтдэг нимгэн хувцас;

27. Улсын Их Хурлын Байнгын болон дэд хорооны, ажлын хэсгийн, хэлэлцүүлгийн, чуулганы хуралдааны бичлэгийг үг хэлж байгаа хүний дүрсээр хязгаарлахгүй, танхимын дүрс бичлэгийг бүхэлд нь тусгайлан дамжуулж хэвших;

28. Хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудад Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны танхимд зураг, дүрс авах боломжоор эрх тэгш хангах;

29. Улсын Их Хурлын Тамгын газар, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын зүгээс Төрийн ордонд ажиллаж байгаа алба хаагчдад зориулан Алсын зайнаас ажиллах журам, Ялгаварлан гадуурхалт болон бэлгийн дарамтаас сэргийлэх, түүнийг шийдвэрлэх журам, Хүүхэд хамгааллын журам, Байгаль орчинд ээлтэй бодлого хэрэгжүүлэх журам, Шүгэл үлээх журам, Хөгжлийн бэрхшээлтэй хүний оролцоог хангах, тэгш хамрах журам, Хандив, тусламжийг бүртгэх журам батлах;

30. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг тэгш хамруулах, оролцоог дэмжих стратегиас үлгэрлэн, Улсын Их Хурал болон Засгийн газарт зориулсан үлгэрчилсэн журам, хариуцан гүйцэтгэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах;

31. Аливаа хууль тогтоомжийн төсөл боловсруулах, парламентын хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэх хүрээнд зохион байгуулж байгаа сонсгол, хэлэлцүүлэг гэх мэт үйл ажиллагаанд иргэний нийгмийн байгууллагуудыг оролцуулахдаа хөгжлийн бэршээлтэй иргэд болон бусад орхигдох магадлалтай бүлгүүдийн эрхийг хамгаалах чиглэлд ажилладаг иргэний нийгмийн байгууллагуудын оролцоог тэгш хангах зорилгоор тэдгээр  байгууллагуудын жагсаалт, сан бүрдүүлж, тэдний оролцоог бодитой, үр дүнтэй, утга учиртай хангаж ажиллах;

Монгол Улсын Их Хурлын Тамгын газар:

32. Улсын Их Хурлын гишүүдийн ирцийг шууд, бодитой шинэчлэн үздэг болгох;

33. Төрийн ордны барилга байгууламжийн саадгүй байдал, хүртээмжийн талаарх үнэлгээг мэргэшсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудтай хамтран хийх. Үнэлгээний мөрөөр цаашид түгээмэл загварын дагуу парламентын орчинг цогцоор нь ээлтэй, таатай орчин болгох зорилгоор хүртээмжийг сайжруулах төлөвлөгөө боловсруулан хамтран ажиллах;

34. Улсын Их Хурлын мэдээлэл түгээх, олон нийттэй харилцах асуудал хариуцсан ажилтнуудад хүртээмжтэй мэдээллийн талаар сургалт явуулах;

35. Парламентын судалгаа, сургалтын хүрээлэн сар бүрийн сүүлийн лхагва гарагт хүний эрхийн чиглэлээр мэргэшсэн шинжээч, хүний эрх хамгаалагч, төрийн болон төрийн бус байгууллагууд оролцсон дугуй ширээний цахим уулзалт зохион байгуулж, хүний эрхийн тулгамдсан асуудлын талаар хэлэлцэх, харилцах, мэдээлэл солилцох суваг болгож ажиллуулах;

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс:

36. Парламентын судалгаа, сургалтын хүрээлэн сар бүрийн сүүлийн лхагва гарагт зохион байгуулах дугуй ширээний цахим уулзалтад Иргэний нийгмийн зөвлөл, Хүний эрх хамгаалагчийн хорооны мэдээлэл хуваалцаж хэвших.


Хүний эрхийн асуудлаарх парламентын өөрийн үнэлгээний үндэсний зөвлөхүүдийн боловсруулсан 36 зөвлөмжийг ийнхүү танилцуулсны дараа Жендэрийн асуудлаарх үнэлгээний зөвлөмжийг танилцууллаа. Монгол Улсын Их Хурал нь жендэрийн мэдрэмжийн асуудлаарх өөрийн үнэлгээг зохион байгуулсан 13 дахь парламент болж байгаа бөгөөд Жендэрийн асуудлаарх парламентын өөрийн үнэлгээний үндэсний зөвлөхөөр Б.Долгор, М.Батбаатар нар ажилласан юм. Жендэрийн асуудлаарх парламентын өөрийн үнэлгээний үндэсний зөвлөхүүд дөрвөн сэдвийн хүрээнд зөвлөмжүүдийг боловсруулсныг үндэсний зөвлөхөөр Б.Долгор Дэд хорооны хуралдаанд танилцуулав. Парламент дахь эмэгтэйчүүдийн оролцоо сэдвийн хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хоёр дэд сэдвийн хүрээнд 23 зөвлөмж боловсруулжээ.

УИХ дахь эмэгтэй гишүүдийн төлөөллийг нэмэгдүүлэхийн тулд авч хэрэгжүүлэх арга хэмжээ

1. Улс төрийн намын, УИХ-ын болон орон нутгийн сонгуулийн тогтолцоо, албан тушаалын томилгоо, нэр дэвшилтийн мөнгөнөөс хараат байдлыг зогсоож, голчлон хөрөнгөлөг хүмүүс сонгогдож томилогддог нөхцлийг өөрчилж, ёс зүйн өндөр шалгуурыг хуульчилж, 2028 оноос хэтрэхгүйгээр хүйсийн төлөөллийг

тэнцвэржүүлэх.

2. Нэн тэргүүнд сонгуульд нэр дэвшүүлэх хүйсийн квотыг дээд хязгаар болгон буруугаар хэрэгжүүлж ирсэн алдааг засаж, доод хязгаараас дээш аль болох олон эмэгтэйг нэр дэвшүүлэх, ялангуяа тухайн нам ялах боломжтой тойрогт эмэгтэйчүүдийг нэр дэвшүүлэх, бүсчилсэн байдлаар зохицуулалт хийх.

3. Улс төрийн намууд сонгуулийн зардлыг боломжит хамгийн бага түвшинд байлгах бодлого явуулж, үйл ажиллагааны зохицуулалт хийж, эмэгтэй нэр дэвшигчид санхүүгийн тусгайлсан дэмжлэг үзүүлэх.

4. Улс төрийн намууд нэр дэвшилтэд төрийн албанд ажилласан туршлага, зөөлөн ур чадвар, ёс зүйн шаардлагыг гол шалгуур болгох, төрийн удирдах албан хаагч эмэгтэй болон эрэгтэйчүүдээс жагсаалтын эхэнд нэр дэвшүүлэхэд анхаарах.

5. Төрийн жинхэнэ албан хаагч нэр дэвшихэд саад болж байгаа зохицуулалтыг Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтэд нийцүүлэн өөрчилж, төрийн албаны мерит зарчмыг улс төрийн албанд бодитоор хэрэгжүүлэх нөхцлийг хангах.

6. Улс төрийн намд эмэгтэйчүүд эрэгтэйчүүдтэй санхүүгээр биш мэдлэг, туршлагаар өрсөлдөх тэгш гараанаас гарах шударга тогтолцоог бий болгох.

7. УИХ-д хүйсийн тэнцвэрийг хангахын тулд цаашид тойрогт эмэгтэй, эрэгтэйчүүдийг адил тоогоор нэр дэвшүүлэх хэвтээ квотыг хэрэглэх, эсвэл хувь тэнцүүлсэн тогтолцоонд бүрэн шилжих замаар хүйсийн 1/1 харьцааг хэрэгжүүлэх.

8. Эмэгтэйчүүдийг олноор нэр дэвшүүлэх нь улс төрийн нам сонгуульд амжилт гаргах чухал хэрэгсэл болох тул энэ боломжийг намууд ашиглах, сонгуулийн мөрийн хөтөлбөртөө жендэрийн асуудлыг тусгах.

9. Улс төрийн намын тухай хуульд заасан, намын төв, орон нутгийн удирдах байгууллагад эмэгтэйчүүдийн 40%-иас дээшх квотыг бодитой хангаж, 2024 оны сонгуулиас өмнө удирдлагын гол гол албан тушаалд эмэгтэйчүүдийг томилох үйл ажиллагааг явуулах.

10. Улс төрийн намууд сонгуульд нэр дэвших боломжтой эмэгтэйчүүдийг сургах бэлтгэх чадавхжуулах үйл ажиллагааг хуульд заасан хэмжээний хөрөнгө мөнгийг зарцуулан зохион байгуулах болон удирдах албан тушаалтныг жендэрийн сургалтад хамруулах.

11. Эмэгтэйчүүдийг сонгохын эсрэг, улс төрч эмэгтэйчүүдийн эсрэг хэвлэл мэдээллээр түгээж байгаа үзэл санаа буюу жендэрийн хэвшмэл ойлголтыг арилгах, түүнд чиглэсэн сургалт нөлөөллийн ажлыг явуулахад улс төрийн намууд хуульд заасан эх үүсвэрийг зарцуулах, түүнд Сонгуулийн ерөнхий хороо

хяналт тавьж ажиллах.

12. Сонгуулийн ерөнхий хорооноос сонгогчдын боловсролын үйл ажиллагааг жендэрийн мэдрэмжтэй явуулах, цаашид энэ чиглэлд сонгуулийн бус жилд зарцуулах санхүүжилтийг шийдвэрлэх.

13. Сонгуулийн ерөнхий хороонд жендэрийн мэдрэмжтэй сонгуулийн үйл явцыг

хангахад шаардагдах эрх хэмжээ олгох.

14. УИХ-д төлөөлөл багатай хүн амын бусад бүлэг, ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн төлөөллийг сайн хангах, тэдэнд зориулсан сургалт нөлөөллийн ажил, сонгуульд санал өгөх боломжийг бүрдүүлэх.

15. Соёл, урлаг, сэтгүүлч, зохиолчдын байгууллагын хэвлэл мэдээлэл, олон нийтийн соён гэгээрүүлэх үйл ажиллагаанд жендэрийн агуулга нэвтрүүлж, тэдгээрт аудит хийх, ажиглах, гажуудлыг арилгахад дэмжлэг үзүүлэх.

16. ИНБ-ууд, улс төрийн намын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагын хамтын

санал санаачлага болон эрэгтэй, эмэгтэйчүүдийн түншлэлийг бий болгох.

17. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвшигчийн хүйсийн квотыг 40-50% болгон нэмэгдүүлэх замаар бүх шатны ИТХ-ын Төлөөлөгчдөд хүйсийн тэнцвэрийг хангах.

18. Улс төрийн хүрээн дэх жендэрийн эрх тэгш байдлыг хангахын тулд эдийн засгийн, өмчлөлийн, шийдвэр гаргалтын болон бусад эрх тэгш байдлыг хангахад цогцоор анхаарч, аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг дэмжин баталж мөрдүүлэх.

УИХ-ын удирдлагад эзлэх эмэгтэй гишүүдийн хувийг нэмэгдүүлэхийн тулд авч хэрэгжүүлэх арга хэмжээ

1. УИХ-ын удирдлага, хороодын удирдлагыг сонгоход хүйсийн квотыг 40 хувиас доошгүйгээр тогтоох.

2. Хороодод гишүүдийг хуваарилах, УИХ дахь намын бүлгийн удирдлагыг сонгоход болон ажлын хэсэг зэрэг үйл ажиллагааны бүтцийн бүрэлдэхүүнд, сонсгол зэрэг аливаа хуралдааныг даргалахад хүйсийн харьцааг харгалзах.

3. УИХ болон удирдлага дахь эмэгтэйчүүдийн тоог нэмэгдүүлэхэд нөлөөлөл үзүүлэх, хяналт тавих, тайлагнах хяналтын үүргийг тодорхой нэгжид харьяалуулах.

4. УИХ-ын Тамгын газрын удирдах албан тушаалд хүйсийн квотыг 40 хувиас доошгүйгээр тогтоох.

5. УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар эмэгтэй хүн ажилласан амжилтыг

хадгалж, дараагийн даргад эмэгтэй хүн томилох;

Жендэрийн асуудлаарх үнэлгээний зөвлөмжийн хоёрдугаар сэдэв буюу Жендэрийн эрх тэгш байдлыг хангах хууль, эрх зүйн бодлого, тогтолцооны талаар 21 зөвлөмж боловсруулснаа Б.Долгор зөвлөх танилцуулсан.


Жендэрийн эрх тэгш байдлыг хангах эрх зүйн бодлого, тогтолцоог боловсронгуй

болгохын тулд авч хэрэгжүүлэх арга хэмжээ

1. УИХ хүн амын хүйсийн болон бусад төлөөллийг бүрэн хангахуйцаар өөрийгөө бүрдүүлэх, бодлого, үйл ажиллагаандаа жендэрийн эрх тэгш байдлыг хангах тусгайлсан стратеги төлөвлөгөө баталж хэрэгжүүлэх, шаардагдах хүний болон санхүүгийн нөөцөөр хангах.

2. УИХ-аас үндэсний хэмжээнд жендэрийн эрх тэгш байдлыг хангах бүрэн эрхээ хэрэгжүүлэх механизмыг тогтоож, дунд хугацааны стратеги төлөвлөгөө боловсруулан, жендэрийн өөрийн үнэлгээний зөвлөмжийг тусган баталж хэрэгжүүлэх.

3. НҮБ-ын ТХЗ-2030 бодлогын 5 дугаар зорилго буюу жендэрийн эрх тэгш байдлыг хангах зорилгыг урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлогод тусгайлан тусгаж оруулах, хэрэгжилтийн шалгуур үзүүлэлтэд жендэрийн шаардагдах үзүүлэлтийг нэмэх.

4. ТХЗ-ын хэрэгжилтийн явцыг зохих ёсоор тайлагнаж, хянаж, үнэлэхэд ахиц гаргахын тулд Монгол Улсын ТХЗ-ын үндэсний шалгуур үзүүлэлт, тэдгээрийн зорилтот түвшнийг албан ёсоор баталгаажуулах.

5. ТХЗ-ынболонЭмэгтэйчүүдийгалагчлахбүххэлбэрийгустгахтухайконвенцийн хэрэгжилт, илтгэл тайланг хэлэлцэх асуудлыг УИХ-ын тухай хууль тогтоомжид тусгах.

6. Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд жендэрийн үзэл баримтал тусган шинэчлэх, бодлого боловсруулах, хэрэгжилтийн хяналт- шинжилгээ, үнэлгээ, тайлагналтад хүйсээр ангилсан шалгуур үзүүлэлт тусгахаар зохицуулах.

7. Хууль тогтоомжийг жендэрийн агуулгатай боловсруулах, хэрэгжүүлэх, хяналт үнэлгээ хийх зарчимд шилжих, үүний тулд нэн тэргүүнд хууль тогтоомжид жендэрийн нөлөөллийн үнэлгээ хийх зохицуулалт, аргачлалыг Хууль тогтоомжийн тухай хуульд тусган мөрдүүлэх.

8. Нийтийн сонсголын төрөлд болон хууль тогтоомжийн төсөл боловсруулах сонсголд жендэрийн эрх тэгш байдлын асуудлыг оруулах, сонсголын явцад жендэрийн ялгаварлан гадуурхалтыг хориглох, сонсгол даргалагч, оролцогчдын хүйсийн байдлыг харгалзах тухай нэмэлт зохицуулалт хийх.

9. Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд хяналт шалгалтын зорилго, зарчимд болон хяналтын сонсголын төрөлд жендэрийн эрх тэгш байдлыг хангах асуудлыг нэмж тусгах.

10.Төрийн албаны тухай хууль тогтоомжийг жендэрийн үзэл баримтлалтай болгон шинэчилж, төрийн байгууллага, албан тушаалтан жендэрийн ялгаварлан гадуурхалт, дарамт хүчирхийллийг арилгахад манлайлах үүрэг гүйцэтгэх, шаардлагатай ажлын байрыг хүйс зааж зарлах, цөөн тоотой хүйсийн хүнийг ажилд сонгон авах боломж бүхий журмыг хуульчлах, хэрэгцээт мэргэжлээр эмэгтэй, эрэгтэй мэргэжилтнийг төлөвлөлт захиалгын үндсэн дээр бэлтгэх тусгай арга хэмжээ авч хэрэгжүүлэх.

11.Улс төр, эдийн засаг, хөдөлмөр, соёл, боловсрол, эрүүл мэнд болон гэр бүлийн харилцааг зохицуулдаг тусгайлсан хууль тогтоомжид жендэрийн эрх тэгш байдлыг хангах баталгааг нарийвчлан тусгаж, жендэрийн агуулгатай болгон шинэчлэх.

12.Жендэрийн эрх тэгш байдлыг хангах хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлагыг тодорхой тогтоож, Төрийн албаны тухай хууль, Зөрчлийн, Эрүүгийн зэрэг холбогдох хуульд нэмэлт өөрчлөлт оруулах.

13.Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд заасан, төрийн албанд тогтоосон хүйсийн төлөөллийн доод хэмжээг 2024 онд багтаан биелүүлж, цаашид бүх түвшинд хүйсийн тэнцвэр хангах бодлого төлөвлөлтийг УИХ, Засгийн газар тусгайлан гаргах.

14. Хөдөлмөрийн үнэлэмжийг зохистой тогтоож, үндэсний жижиг дунд ногоон үйлдвэрлэлийг дэмжиж, “эмэгтэйчүүдийн аж ахуй эрхлэлт”-ийн тодорхойлолтыг хуулиар тогтоож, санхүүгийн зохих хөшүүргээр дэмжих тусгай арга хэмжээ авах.

15. Эрэгтэй, эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн оролцоо, цалин хөлс, амьдралын чанарт жигд ахиц дэвшил гаргахын тулд тэдний онцлог хэрэгцээнд нийцсэн хөдөлмөр эрхлэлтийн онцлог ялгамжтай бодлогыг хүйсээр ангилсан мэдээлэл, жендэрийн дүн шинжилгээнд үндэслэн шинэчлэн зохион байгуулах.

16. Баялгийн хуваарилалтыг шударга, ил тод, жендэрийн агуулгатай болгох.

17. Эмэгтэйчүүдэд бараг бүхэлдээ ногдож байгаа гэрийн ажил, хүүхэд, гэр бүлийн гишүүдээ асрах асар их хөлсгүй хөдөлмөрийг эрэгтэйчүүд хуваалцах, түүнийг нийгмийн баялаг бүтээх, өрхийн эдийн засагт оруулсан хувь нэмэр хэмээн тооцож, үндэсний тооцооны системд нэвтрүүлэх зорилтыг бодитоор хэрэгжүүлэх.

18. Хүмүүст хортой, амьд бүхэнд хохиролтой, ёс зүйгүй бизнесээс татгалзаж, хүнд болон амьтанд ээлтэй, ёс зүйтэй бизнесийг хөрөнгө оруулалт, санхүүгийн урамшуулал хөшүүргээр дэмжих.

19. Ногоон хөгжлийн болон жендэрийн бодлогыг бүх бодлогын суурь болгон тогтоож, ялангуяа эдийн засгийн, дэд бүтцийн, уул уурхайн бодлогыг ногоон бодлогод үндэслэн шинэчилж, байгаль орчны болон жендэрийн үзүүлэлтийг тэдгээрт үндсэн шалгуур үзүүлэлт болгох.

20. Хүн амын оршин амьдрах анхдагч орчин болсон газар нутаг, ус, ургамал, агаарын зохист нөхцлийг хөндөхгүй байх, бий болж болзошгүй өөрчлөлтийг жендэрийн үнэлгээгээр тооцож, бүх бодлого, төсөл хөтөлбөр, үйл ажиллагааны үндсэн шалгуур болгон хэрэглэх.

21. Сэргээгдэх эрчим хүчний бодлогод жижиг дунд үйлдвэрлэл, айл өрх, ААНБ, хот суурины гэр хороолол, сум сууринд жижиг нар, салхины станцаар хэрэглээгээ хангах, түүнээс нийтийн сүлжээнд нийлүүлж орлогоо нэмэгдүүлэх тусгайлсан арга хэмжээг жендэрийн мэдрэмжтэй төлөвлөж, хэрэгжүүлэх;

Жендэрийн асуудлаарх үнэлгээний зөвлөмжийн гуравдугаар сэдэв буюу Парламентад жендэрийн үзэл баримтлал нэвтрүүлэхтэй холбоотой 15 зөвлөмжийг үндэсний зөвлөх Б.Долгор, М.Батбаатар нар боловсруулсан байна.

УИХ-д жендэрийн үзэл баримтлал нэвтрүүлэхэд авч хэрэгжүүлэх арга хэмжээ

1. УИХ, хууль, бодлого, үйл ажиллагааг төлөвлөх, төсөвлөх, хэлэлцэх, батлах, хэрэгжүүлэх, хяналт үнэлгээ хийх бүх шатанд жендэрийн агуулга, аргачлал нэвтрүүлэх тусгайлсан бодлого баталж хэрэгжүүлэх.

2. Жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлт (ЖМТ)-ийн тогтолцоог бүх шатны байгууллагуудад нэвтрүүлэх талаарх Сангийн яамны хүчин чармайлтыг бататган, Үндэсний санхүүжилтийн нэгдсэн стратегийг хэрэгжүүлэх, төсөвт жендэрийн дүн шинжилгээ хийх аргачлалыг баталж, УИХ-аас Төсвийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжид шинэчлэл хийх.

3. УИХ-д жендэрийн бүлэг байгуулах, Жендэрийн тусгайлсан хороо байгуулах, одоо ажиллаж байгаа эмэгтэйчүүдийн бүлгийг албан болгох болон жендэрийн бусад механизмын талаар зохицуулалт хийх.

4. Жендэрийн эдгээр албан ёсны бүтцийг хүний болон санхүүгийн нөөцөөр хангаж, жендэрийн шинжээчдийг бэлтгэж, жендэрийн үнэлгээ дүгнэлт хийдэг, түүнийг УИХ-ын хууль, бодлого, шийдвэрт тусгадаг эрх зүйн орчныг бүрдүүлэх.

5. Хууль тогтоомж, түүний төсөлд жендэрийн нөлөөллийн үнэлгээ хийх аргачлалыг хуульчлан баталж, жендэрийн урьдчилсан үнэлгээ хийгээгүй нөхцөлд Тамгын газар, эрх зүйн хэлтсийн дүгнэлтээр хууль санаачлагчид буцаах зохицуулалт бий болгох.

6. Жендэрийн нөлөөллийн үнэлгээний аргачлалд тулгуурлан, бүх хууль тогтоомжид жендэрийн үнэлгээ хийж, жендэрийн агуулга тусгах жагсаалт гарган хэрэгжүүлэх.

7. ЖЭТБХТХ-ийн15,19 дүгээр зүйлд заасан жендэрийн үнэлгээний хэрэгжилтийг Засгийн газраас шаардаж хангуулдаг байх.

8. ПССХ-ийн үйл ажиллагаанд хүйсээр ангилсан мэдээлэл, жендэрийн дүн шинжилгээний аргачлал нэвтрүүлж, нотолгоонд суурилсан жендэрийн статистикийн тоон болон чанарын мэдээллийг боловсруулж, хэрэглэж, олон нийтэд хүргэх тогтолцоог хэвшүүлэх.

9. УИХ-д ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын эрх бүхий албан тушаалтныг томилоход хүйсийн тэнцвэрт байдлыг хангаж, жендэрийн хууль тогтоомжид заасан квотыг хэрэгжүүлэх.

10.ЖЭТБХТХ-д заасан, Засгийн газрын бүрэлдэхүүн, яам, агентлаг, бусад төв байгууллага, аймаг, нийслэл, сум, дүүргийн удирдлагад тогтоосон хүйсийн квотыг бүрэн хангахад хяналт тавьж, цаашид эдгээр квотыг нэмэгдүүлэн тогтоох.

11. Өнөөгийн нөхцөл байдал, ахиц дэвшил Төрийн албан дахь жендэрийн эрх тэгш байдлыг хангах тогтолцоо, хүйсээр ангилсан мэдээллийг сайжруулах, удирдах албан тушаалын хүйсийн харьцааг хууль тогтоомжид заасан шаардлагад нийцүүлэх ажлыг эрчимжүүлэхэд ТАЗ-д эрх зүйн дэмжлэг болон хөрөнгө нөөцөөр хангах.

12. ХЭҮК-ийн жендэрийн чиглэлээрх илтгэл, тайлан, санал зөвлөмжийг шийдвэрт тусган хэрэгжүүлэхэд анхаарах.

13. ЖҮХ, ХЭҮК, ТАЗ, ҮСХ зэрэг байгууллагуудын жендэрийн үнэлгээ дүгнэлтийг УИХ-ын үйл ажиллагааны бүх үе шатанд сонсдог, хууль, бодлогод тусгадаг зохицуулалтыг хуульчлах.

14. Жендэрийн чиглэлээр үүрэг хүлээсэн байгууллагуудын хамтын ажиллагаа, уялдаа холбоог нарийвчлан зохицуулж, хүний болон санхүүгийн нөөцөөр хангах үүргээ бүрэн хэрэгжүүлэх.

15. Парламентад иргэний нийгмийн оролцоо, хяналтыг бий болгоход анхааран, жендэрийн нөлөөллийн, түүний дотор төсвийн хөндлөнгийн үнэлгээг иргэний нийгмийн байгууллагаар хийлгэх, УИХ шийдвэртээ тусгадаг зохицуулалтыг хуульчлах;

Б.Долгор зөвлөх үргэлжлүүлэн Парламент дахь жендэрийн мэдрэмжтэй соёл, орчин, бодлого сэдвийн хүрээнд үндэсний хоёр зөвлөхийн боловсруулсан 16 зөвлөмжийг Дэд хорооны хуралдаанд танилцууллаа.


Парламент дахь жендэрийн мэдрэмжтэй бодлого, соёл орчныг сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээ

1. УИХ-ын гишүүд, УИХ-аас байгуулдаг байгууллагын болон Тамгын газрын удирдлага, албан хаагчдын жендэрийн мэдлэг ойлголт хандлагыг сайжруулж, жендэр бол зөвхөн эмэгтэйчүүдийн асуудал гэх буюу шийдвэр гаргах дээд түвшинд эмэгтэйчүүд тохирохгүй гэж үзэх жендэрийн хэвшмэл үзлээс ангижрахад чиглэсэн бодлого, үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлэх.

2. УИХ-ын гишүүдийн жендэрийн хүсэл зориг, манлайллыг өндөржүүлэх, жендэрийн үзэл баримтлал, арга барилд суралцуулах сургалт чадавхжуулалтын хөтөлбөр тусгайлан хэрэгжүүлэх.

3. УИХ-ын түвшинд хүйсээр ангилсан мэдээллийг нарийвчлан гаргаж, жендэрийн дүн шинжилгээ хийж, түүнд түшиглэсэн бодлого, үйл ажиллагааг УИХ-ын багц хууль, дүрэм журамд тусгах.

4. ПССХ жендэрийн статистикт хүчин зүйлийн шинжилгээ хийж, шалтгаан, үр дагаврыг тодорхойлсон чанарын үндэслэлүүд гаргаж, нотолгоонд суурилсан мэдээллээр УИХ-ын институцийг хангах.

5. Жендэрийн статистик мэдээллийг учир шалтгаан, чанарын үнэлгээ дүгнэлтийн хамт энгийн ойлгомжтой байдлаар иргэд олон нийтэд хүргэдэг тогтолцоог бий болгох.

6. Бага насны хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй зэрэг УИХ-ын гишүүний УИХ-ын үйл ажиллагаанд оролцох шаардагдах зохицуулалтыг хуульд тусгах.

7. Ажилтны хөдөлмөрийг үнэлэх, цалин хөлс урамшууллыг олгох ажлын байрны онцлогт тохирсон зохицуулалт хийж, нормчлогдоогүй ажлын цагтай гэдгээр зөвхөн биечилсэн бүртгэлийн системд үндэслэдэг байдлыг ажлын бүтээмж, ур чадвар, ажлын ачаалал, үр дүн, гүйцэтгэлд тулгуурлах байдлаар уян хатан зохицуулах, аль болох илүү цагаар ажиллуулахгүй байх, ажилласан бол нэмэгдэл цалин хөлсийг бүрэн олгодог журамд шилжих.

8. Ажилтны амьдралын нөхцлийг судлан, бага насны, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эх, эцэг зэрэг онцлог хэрэгцээтэй ажилтанд зайнаас, уян хатан цагаар ажиллах, ар гэр, үр хүүхэддээ анхаарах боломж олгох зэргээр ажлын байрыг ажилтанд болон гэр бүлд нь ээлтэй болгох.

9. Хөгжлийн бэрхшээлтэй ажилтан, гишүүн ажиллах орчин нөхцлийг бүрдүүлэх, уян хатан ажиллах боломжоор хангах.

10.УИХ-ын гишүүн нь бодит бус хугацаатай яаралтай үүрэг даалгавар өгөх зэргээр Тамгын газрын болон бусад байгууллагын ажилтан илүү цагаар, амралтын өдрүүдэд ажиллахад хүргэдэг байдлыг анхаарч, энэ асуудлыг УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэмд тусгах.

11. УИХ-ын өөрийн зохицуулалтын хууль, ёс зүйн дүрэм, хөдөлмөрийн дотоод журам, бусад журамд жендэрийн үнэлгээ хийж шинэчлэх, ажлын байрны бэлгийн болон бусад дарамт, ялгаварлан гадуурхалтаас сэргийлэх, гомдол хүлээн авах, шийдвэрлэх зохицуулалт бий болгох.

12. УИХ-аас түгээж буй хэвлэл мэдээлэлд жендэрийн үнэлгээ хийж, цаашид хэвлэл мэдээллийн жендэрийн мэдрэмжтэй байдлын шалгуур үзүүлэлтийг мөрдөж ажиллах, сонгогчдын жендэрийн боловсролд ахиц дэвшил гаргах.

13. Хувцас солих болон хүүхэд хөхүүлэх өрөөтэй болох, УИХ-ын гишүүн, ажилтны тоо нэмэгдэхтэй холбоотойгоор ариун цэврийн өрөө, бусад үйлчилгээг хэрэгцээнд нийцүүлэн шинэчлэх.

14. УИХ, түүний Тамгын газар өөрийн төсвийг жендэрийн үнэлгээнд тулгуурлан, ил тод, ажилтны оролцоотойгоор жендэрийн мэдрэмжтэй төлөвлөх арга барилд шилжих.

15. Жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлогоор ажилтны нийгмийн баталгааг хангахад дэвшил гаргах.

16. 2024 оны парламентаас эхлэн мөрдөх бодлого, хууль, журамд жендэрийн энэхүү үнэлгээнээс гарсан зөвлөмжийг бүрэн тусгаж батлах. (ХҮНИЙ ЭРХ, ЖЕНДЭРИЙН АСУУДЛААРХ ПАРЛАМЕНТЫН ӨӨРИЙН ҮНЭЛГЭЭ үйл ажиллагааны тайлан болон санал, зөвлөмж бүрэн эхээрээ)

Хүний эрхийн асуудлаарх парламентын өөрийн үнэлгээний үндэсний зөвлөх Д.Гэрэл, Б.Болорсайхан нарын боловсруулсан 36 зөвлөмж, Жендэрийн асуудлаарх парламентын өөрийн үнэлгээний үндэсний зөвлөх Б.Долгор, М.Батбаатар нарын боловсруулсан 75 зөвлөмжийг ийнхүү Дэд хорооны хуралдаанд танилцуулсны дараа гишүүд асуулт асууж, хариулт авсан бол үг хэлэх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн юм.  



Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4-т “Дэд хороо тухайн эрхэлсэн асуудлаараа хяналт шалгалт, судалгаа хийх, холбогдох мэдээлэл авах, зохих албан тушаалтан, иргэн, байгууллагаас тайлбар авах, ажлын хэсэг байгуулах, эрхэлсэн асуудлаараа тогтоол гаргах, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулж харьяалах Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх эрхтэй” гэж заасан байдаг. Энэ дагуу Хүний эрхийн дэд хорооноос Олон Улсын Парламентын өөрийн үнэлгээтэй холбоотой тогтоол гаргах нь зүйтэй хэмээн шийдвэрлэж, холбогдох төслийг боловсруулсныг Ц.Мөнхцэцэг дарга танилцууллаа. Тэрбээр төслийг дэлгэрэнгүй танилцуулсан бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар төсөлтэй холбогдуулан санал хэлсэн юм. Дараа нь төслийг батлах санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжсэн тул “Санал, зөвлөмжийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” Хүний эрхийн дэд хорооны тогтоол батлагдлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл