Цэс

Холбоо барих

ХЗБХ: Хуулийн төслүүд болон УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв


Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2024.01.16) хуралдаан 10 цаг 31 минутад гишүүдийн 57.9 хувийн ирцтэйгээр эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

Эхлээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-Оргил төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг хуралдаанд танилцуулсан юм.

Ажлын дэд хэсэг болон ажлын хэсэг хуралдаад Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн “Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг явуулах” гэсэн 42 дугаар зүйлийн 42.2.1-т “нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлэг явуулах үед тухайн зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулахгүйгээр уг асуудлыг гүйцээн боловсруулж, хуулийн төслийн холбогдох зүйл, хэсэг, заалттай уялдуулахаар Байнгын хороонд шилжүүлcэн” гэж заасны дагуу бэлтгэсэн саналын 1томьёолол  хураалгах 1 санал, мөн зүйлийн 42.2.3-т “нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж дэмжигдсэн боловч уг саналаар Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дахин санал хураалгах шаардлагатай гэж үзсэн” гэж заасны дагуу саналын 2 томьёолол бэлтгэсэн байна. Мөн “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг ажлын хэсгээс боловсруулсан болохыг тэрбээр танилцуулсан.


Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа байр сууриа илэрхийлсэн юм. Түүнчлэн “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, Б.Энх-Амгалан нар асуулт асууж, ажлын хэсгийн ахлагч болон Хууль зүй, дотоод хэргийн сайдаас хариулт авав. Гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлэг явуулах үед уг асуудлыг гүйцээн боловсруулж, хуулийн төслийн холбогдох зүйл, хэсэг, заалттай уялдуулахаар Байнгын хороонд шилжүүлcний дагуу ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй 3 саналын томьёоллоор тус бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлэв. Ингээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо. Тэрбээр төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх явцад ажлын дэд хэсэг нийтдээ 11 удаа хуралдаж, хариуцлагатай, идэвхтэй ажилласан болохыг тэмдэглээд “Ажлын дэд хэсэг маань олон асуудлыг тал бүрээс нь хэлэлцэж, ажлын хэсэгт мэргэжил арга зүйн дэмжлэг туслалцаа үзүүлсэн” хэмээгээд талархал илэрхийлсэн.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулах, хэлэлцүүлэгт бэлтгэх нь амаргүй ажил байсныг Байнгын хорооны дарга Д.Цогтбаатар хэлээд, ажлын хэсэг болон ажлын дэд хэсэгт талархал илэрхийлсэн. Түүнчлэн хуулийн төслүүд батлагдсаны дараа өөрчлөлт, шинэчлэлтийг нэвтрүүлэх, хэрэгжүүлэхдээ шат шатандаа анхаарах шаардлагатайг мөн сануулж байв.


Дараа нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-Оргил хуралдаанд танилцуулав. Засгийн газраас нэг зүйлтэй хуулийн төслийг өргөн мэдүүлсэн бөгөөд Хууль зүйн байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсэг, дэд ажлын хэсэг процессын зохицуулалтуудыг нэмж тусгах шаардлагатай хэмээн үзэж, ажилласан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэхэд тусгай журам нэвтрүүлж буйтай холбоотой учраас зайлшгүй шаардлагууд байсан хэмээн тэрбээр танилцуулсан юм. Төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулах үед хуралдаан даргалагчаас төсөлд оруулж буй өөрчлөлтүүдийн талаар Засгийн газраас тодруулах чиглэл өгсөн. Энэ дагуу ажлын хэсэг болон Хууль зүй, дотоод хэргийн яамны холбогдох албан тушаалтнууд хамтран ажилласан бөгөөд дэмжиж байгаагаа илэрхийлсэн гэв. Иймд зарчмын зөрүүтэй саналын 1 томьёоллыг бэлтгэсэн байна.

Хуралдаанд оролцож буй гишүүд төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асуух, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул

Төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн тул нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлэг явуулах үед уг асуудлыг гүйцээн боловсруулж, хуулийн төслийн холбогдох зүйл, хэсэг, заалттай уялдуулахаар Байнгын хороонд шилжүүлcний дагуу ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй 1 саналын томьёоллоор санал хураалт явуулан шийдвэрлэв. Ингээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэв.


Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр Байнгын хорооны хуралдаан үргэлжиллээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн “Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг явуулах” гэсэн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу төслийг зүйл бүрээр хэлэлцсэн юм. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд “Хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй бол хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын саналыг нэгдсэн хуралдаанд гаргаж болно” гэж заасан байдаг. Энэ дагуу Д.Цогтбаатар гишүүн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргав. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 61.5 хувь нь тус горимын саналыг дэмжсэн учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэв.


Хуралдааны төгсгөлд “Хууль батлагдсантай холбоотой авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх болон иргэний хэрэг хянан шийдвэрлэх үйл явцтай холбоотой зарим зүйл дээр Улсын Их Хурлаас тусгайлан чиглэл өгөх, нарийвчлах нь эрсдэлтэй гээд төслийн зарим заалттай холбогдуулан байр сууриа илэрхийлсэн. Төслийн 1.7-д “шинээр нэгтгэсэн хэрэгт цагдан хоригдсон хугацааг тусад нь тоолох журмыг боловсронгуй болгох” гэж заасантай холбоотой тайлбарыг Ц.Мөнх-Оргил гишүүн хийсэн бөгөөд ажлын хэсгийн гишүүд мөн хариулт, мэдээлэл өгсөн. Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин, цагдан хорихоор хүний эрхийн зөрчлийг хязгаарлагдахгүй, хэрэг хянан шийдвэрлэх үйл явцад хүний эрхийн зөрчлүүд гардаг гэдгийг жишээ дурдан тайлбарлав. Түүнчлэн тодорхой чиглэлийн буюу банк, санхүү, эдийн засгийн чиглэлийн гэмт хэргийг хянан шийдвэрлэх, шүүн таслахад мэргэшил, шаардлага хангасан шат шатны мэргэжилтэн шаардлагатай байдаг талаар хэлж байлаа. Төслийн 2-т “Нэгдсэн Үндэстний байгууллагын Хүүхдийн эрхийн хороо, Эрүү шүүлтийн эсрэг хорооноос гаргасан зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор эрүүгийн гэмт хэрэгт холбогдсон өсвөр насны хүүхдийн хэргийг хянан шийдвэрлэх дагнасан шүүхийн тогтолцоог бүрдүүлэх талаар судалж Монгол Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд танилцуулахыг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т  даалгасугай” хэмээн заасан бөгөөд энэхүү заалттай холбогдуулан Ш.Раднаасэд гишүүн байр сууриа илэрхийлсэн.


Б.Энхбаяр гишүүн Улсын Их Хурлын дээрх тогтоолын төслийг дэмжиж байгаагаа илрэхийлсэн бөгөөд хууль тогтоох дээд байгууллагаас гэмт хэргийг илрүүлэх, мөрдөх, хянан шалгах, нотлох, шүүх, шүүн таслах гээд бүх шатандаа хүний эрхийн мэдрэмжтэй байж, хүний эрхийг хангаж ажиллахыг үндсэн зарчим болгон ажиллахыг чиглэл болгож буй бодлого гэдгийг хэлэв. Мөн тэрбээр өсвөр насны хүүхдийн хэргийг хянан шийдвэрлэх дагнасан шүүхийн тогтолцоог бүрдүүлэхтэй холбоотой төслийн 2 дахь заалтыг хасах, энэ асуудлыг гэр бүл, хүүхдийн шүүхийн харьяалалд нэмэх байдлаар шийдвэрлэх боломж бий гэдэг санал хэлээд үндэслэлүүдийг тайлбарласан. Б.Дэлгэрсайхан гишүүн сэжигтэн болон өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх явцад баримт, материалтай танилцах боломжийг бүрдүүлэх зохицуулалтыг хүний эрхийг хангахуйц байдлаар зохицуулах шаардлагын талаар хэлж, төсөлд холбогдох зохицуулалтыг тусгах санал хэлж байв. Б.Энх-Амгалан гишүүн, төслийн 2 дахь заалт нь судалж, танилцуулахыг үүрэг болгосон байгааг хэлээд, хасахыг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн. Н.Алтанхуяг гишүүн, Байнгын хорооны ажлын хэсэг болон дэд ажлын хэсэг сайн ажилласан гэдгийг тэмдэглээд, “олон оролцогчтой хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг тогтоохтой холбогдсон зохицуулалтыг хуульд тусгах” гэсэн төслийн 1.4 дэх заалттай холбоотой байр сууриа илэрхийлсэн. Д.Цогтбаатар гишүүн, хууль хэрэгжилтийн шатанд олон асуудал гарч байгааг хэлж байлаа. Монгол Улсын эрх зүйн орчин харьцангуй боловсронгуй гэдгийг, мөн нэг хууль нь эрх зүйн системтэйгээ холбоотой байдгийг анхаарч, Үндсэн хуулиасаа эхлээд хүнээ хамгаалахын төлөө байдгийг сануулж байсан. Тиймээс төрийн байгууллагууд хандлага, сэтгэлгээгээ өөрчилж, хүний эрхийг хамгаалах соёлыг шат шатандаа бэхжүүлэхийн чухлыг анхааруулсан юм. Үргэлжлүүлэн тэрбээр тогтоолын төслийг бүрэн эхээр нь хуралдаанд танилцуулав.


Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсантай холбогдуулан дараах асуудлыг судлан холбогдох хуулийн төслийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн боловсруулж 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх арга хэмжээ авахыг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т даалгахаар төсөлд тусгажээ.

1/хүнийг гэмт хэрэгт сэжиглэх үндэслэл байгаа бол түүнийг гэрчээр дуудах, эсхүл түүнээс гэрчийн мэдүүлэг авахгүй байх, гэрчийн мэдүүлэг авах үед түүнийг гэмт хэрэгт сэжиглэх үндэслэл илэрсэн бол гэрчийн мэдүүлэг авахыг даруй зогсоох зохицуулалтыг тусгах;

2/хүний халдашгүй байх, өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхийг хангах хүрээнд мөрдөн байцаалтыг өмгөөлөгчгүйгээр явуулахгүй байх, хэрвээ өмгөөлөгчгүйгээр мөрдөн байцаалт явуулж нотлох баримт цуглуулсан, хэрэг хүлээлгэсэн тохиолдолд тухайн мэдүүлэг, нотлох баримтыг үнэлэхгүй байх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох;

3/шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулдаг үндэслэл, нөхцөл боломжийг бий болгож байгаа хуулийн хийдлийг судалж, түүнийг арилгах, зохицуулалтыг боловсронгуй болгох;

4/олон оролцогчтой хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг тогтоохтой холбогдсон зохицуулалтыг хуульд тусгах;

5/хавтаст хэргийг цахимжуулах, цахим суурьтай нотлох баримтыг шүүх хуралдаанд шинжлэн судлах, цахим суурьтай нотлох баримтыг үнэлэх журмыг боловсронгуй болгох;

6/төрийн нууцад хамаарах мэдээлэл агуулсан шүүх, прокурорын шийдвэрийг оролцогчид танилцуулах, гардуулан өгөх журмыг нарийвчлан зохицуулах;

7/шинээр нэгтгэсэн хэрэгт цагдан хоригдсон хугацааг тусад нь тоолох журмыг боловсронгуй болгох;

8/Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу бэхжүүлсэн дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангах нөхцөл боломжийг бий болгох, 6-аас дээш сар хадгалах эрх зүйн орчныг бүрдүүлэх;

9/Өмгөөллийн тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох өмгөөлөгчийн эрх, үүргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмж тусгах;

10/сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч сэжигтнийг баривчлах, таслан сэргийлэх арга хэмжээ авах болсон үндэслэлд хамаарах нотлох баримттай танилцах, таслан сэргийлэх арга хэмжээ авах шүүхийн хэлэлцүүлгийг талуудын мэтгэлцээний үндсэн дээр явуулах зохицуулалтыг боловсронгуй болгох;

11/Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэхтэй холбогдсон зохицуулалтыг сайжруулах, хэргийн оролцогчийн эрхийг хангаснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дараагийн шатанд хэргийг шилжүүлдэг зохицуулалтыг тусгах;

12/мөрдөгч, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан яллагдагч, шүүдэгчийг цагаатгах, хэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг нотлох чиг үүргээ хэрэгжүүлээгүй тохиолдолд яллагдагч, шүүдэгч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд гаргах эрхийг хуульд тусгах;

13/хүн ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрхийг хангах хүрээнд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг гардуулан өгөх зохицуулалтыг хуульд тусгах;

14/шүүх, прокурор, мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан хүсэлтийг хангахаас татгалзаж байгаа үндэслэлийг шийдвэртээ тодорхой тусгах асуудлыг хуульчлах.

Төслийн хоёрдугаарт, Нэгдсэн Үндэстний байгууллагын Хүүхдийн эрхийн хороо, Эрүү шүүлтийн эсрэг хорооноос гаргасан зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор эрүүгийн гэмт хэрэгт холбогдсон өсвөр насны хүүхдийн хэргийг хянан шийдвэрлэх дагнасан шүүхийн тогтолцоог бүрдүүлэх талаар судалж Монгол Улсын Их Хурлын 2024 оны Хаврын ээлжит чуулганы хугацаанд Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд танилцуулахыг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т  даалгахаар тусгажээ.

Түүнчлэн тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо /Д.Цогтбаатар/-нд даалгаж, тогтоолыг баталсан өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тусгасан байна.


“Хууль батлагдсантай холбоотой авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын энэхүү тогтоолын төслийг дэмжих томьёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн олонх буюу 83.3 хувь нь дэмжлээ. Төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гаргаагүй тул Д.Цогтбаатар гишүүн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргав. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувь нь тус горимын саналыг дэмжсэн учир энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болсон гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл