Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Т.Аубакир, Т.Энхтүвшин нар өнөөдөр (2024.01.12) Цусны донорын тухай анхдагч хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
Монгол Улсад анх 1939 оноос цус сэлбэлтийн тусламж үйлчилгээ үзүүлж ирсэн бөгөөд 1963 онд Сайд нарын зөвлөлийн шийдвэрээр бие даасан нэгж анх байгуулагдаж, цусны донорын хөдөлгөөнийг идэвхжүүлэх, донорыг алдаршуулах, урамшуулах үйл ажиллагааг хэрэгжүүлж ирсэн. Улсын Их Хурлаас 2007 онд “Монгол Улсын төрөөс донорын цус, цусан бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах, аюулгүй байдлыг хангах талаар баримтлах бодлого” баталсан бөгөөд уг бодлогын хэрэгжилтийг хангах төлөвлөгөө (2008-2015 он)-г Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 111 дүгээр тогтоолоор батлан 96,97 хувийн үзүүлэлттэй хэрэгжилтийг ханган ажиллажээ.
Монгол Улсын хүн амын суваргын хэтийн төлөвөөр идэвхтэй донор /24-45 нас/-ын хүн амын тоонд эзлэх хувь дунджаар хоёр дахин буурах төлөвтэй байгаа бөгөөд дунджаар 20 орчим жил үргэлжлэх цонх үеийн цус, цусан бүтээгдэхүүний нөөц, хангамжийн тасралтгүй байдлыг хангах нь бидний өмнө тулгамдсан гол асуудал болоод байна гэж хууль санаачлагч Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн танилцуулав.
Тэрбээр, Улсын Их Хурлын даргын 2022 оны 08 дугаар захирамжаар Эрүүл мэндийн салбарын эрх зүйн шинэчлэлийн хүрээнд холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Н.Учрал, Ц.Туваан нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдсан. Уг ажлын хэсэг Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн болон орон нутаг дахь Цусны салбар төвийн ажилтнууд, Цусны доноруудаас авсан судалгаагаар орон тоо, цалин, хөлстэй холбоотой хүндрэл үүсэх, хүний нөөцийн тогтвортой байдал алдагдах, нэгэнт бий болсон чадамж буурах үзэгдэл гарч эхэлсэн, цусны байнгын донорт дэмжлэг үзүүлэх, тэдний эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, халамжийн асуудлыг сайжруулах, цус өгсөн донорыг илчлэг нөхөх хүнсний бүтээгдэхүүнээр үйлчлэх, хүн амын дунд цусны донорын нийгмийн ач холбогдлыг таниулсан сургалт, сурталчилгааг нэмэгдүүлэх, урамшуулах, цусны донорын үйл ажиллагааг дэмжин, зарцуулсан зардлыг нь татвараас чөлөөлөх зэрэг цусны нөөц хангамжийг сайжруулахад чиглэсэн үйл ажиллагааг дэмжсэн эрх зүйн орчин бий болгох, үндэсний аюулгүй байдалтай холбоотой онцлог салбарын хувьд төрөөс цус, цусан бүтээгдэхүүний нөөц, хангамжийн талаар онцгойлон анхаарах шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан гэв.
Анхдагч хуулийн төсөл батлагдсанаар цус сэлбэлт судлалын салбарын эрх зүйн орчин боловсронгуй болох; иргэд эх орондоо дэлхийн жишигт нийцсэн чанартай тусламж, үйлчилгээг хүртээмжтэй хүртэх боломж нэмэгдэх; цусны донорын сургалт, сурталчилгаа, түүний дотор орон нутаг дахь үйл ажиллагаанд ахиц дэвшил гарах; цусны донор, сэлбүүлэгч, эмнэлгийн мэргэжилтэнд тавигдах шаардлага, тэдний эрх, үүрэг тодорхой болох; цусны донорын нийгмийн халамж, алдаршуулалт, урамшуулал нэмэгдэж, цусны донорын тоо нэмэгдэх; мөн гамшиг, нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үед цус, цусан бүтээгдэхүүний нөөц, хангамж бүрэн шийдэгдэх нөхцөл бүрдэнэ гэлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.