Улсын Их хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр /2024.01.10/ ЖАЙКА-гийн Хөдөө аж ахуйн нэмүү өртгийн сүлжээний мастер төлөвлөгөөг боловсруулах ажлын хэсгийн ахлагч Т.Котэгава Монгол Улсын хөдөө аж ахуйн нэмүү өртөгийн сүлжээний мастер төлөвлөгөөг танилцууллаа.
Тэрбээр, энэхүү ерөнхий төлөвлөгөө нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого болох “Алсын хараа-2050”-д тусгагдсан ирээдүйн зорилгыг биелүүлэхэд хувь нэмэр оруулах стратегийн ач холбогдол бүхий хөдөө аж ахуйн нэмүү өртгийн сүлжээг дэмжин, хөгжүүлэх чиг хандлага, үйл ажиллагааг тодорхойлсон 2025-2030 он хүртэл хэрэгжих баримт бичиг юм. Монгол Улсын хөдөө аж ахуйг хүчирхэг болгон хөгжүүлэхэд хөгжлийн дөрвөн үндсэн чиглэлийг санал болгож байна гээд чиглэл тус бүрт хэрэгжүүлэх үйл ажиллагааг тодорхойлсон гэв. Тухайлбал, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний тогтвортой нийлүүлэлт болон нэмүү өртөг шингээхийн тулд үйлдвэрлэл, тээвэр ложистикийн баазыг бэхжүүлэх, экспортыг дэмжихийн тулд чанар, эрүүл ахуйн хяналтын тогтолцоог бэхжүүлэх гэх зэрэг чиглэлийг баримтлан боловсруулснаа танилцууллаа.
УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ж.Батжаргал нар төлөвлөгөөг боловсруулсан ажлын хэсгийн ахлагч Т.Котэгавагаас асуулт асууж, хариулт авлаа. Мөн танилцуулгын үеэр Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд М.Игавахара, Япон Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны хоёрдугаар нарийн бичгийн дарга Ямаками /Окүра/ Юкино, ЖАЙКА-гийн суурин төлөөлөгчийн газрын тэргүүн Танака Шиничи, ЖАЙКА-гийн суурин төлөөлөгчийн газрын ажилтан Накамүра Кэйго нар байлцлаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.